Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2020.08.15/ нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллах үеэрээ тус аймгуудад амьдардаг ээжүүдэд одонг нь гардуулсан билээ.
Харин өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг 1,021 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 36, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 985 ээжид тус тус хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:
“Эрхэм хүндэт эхчүүд ээ,
Монголын сайхан ээж нар аа,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Монгол Улс хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхиж, дутааж болохгүй юм. Эдийн засгийнхаа боломжоор хүүхдийг эн тэргүүнд тавьж явах ёстой. “Эхийн алдар” одон бол монгол төрийн сайхан уламжлал. Хэзээнээсээ эх хүнийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн ардын уламжлалт сэтгэлгээний нэг хэлбэр юм.
Дэлхийн бүх үндэстэнд ЭЭЖ гэдэг үг хамгийн эрхэм дотно, халуун дулаан үг байдаг. Ялангуяа монголчууд “Эхийн ачийг юутай ч зүйрлэж боломгүй”, “Эхийн ачийг хариулж барахгүй” хэмээн сэтгэж, ирээдүй хойчдоо захиж, сургаж ирсэн уламжлалтай, ийм ард түмэн. Учир нь бусдыг хайрлах, эх орон ард түмнээ хайрлан дээдлэхийн эх ундарга нь эх хүн байдаг юм. Хорвоод анх ирж буй бяцхан үрсэд минь хэмжээлшгүй хайрыг мэдрүүлж, амсуулдаг хамгийн эхний хүн бол ээжүүд Та нар юм.
Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлалыг хойшлуулсан. Гэхдээ 720 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, 9,957 ээжид “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одон олгох тухай зарлиг гарсан. Өнөөдөр Баянзүрх дүүргээс 1,021 ээж “Эхийн алдар” одонгоо авч байна. Тэдгээрийн дотор Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн, хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлэн өсгөж, дөнгөж гуч хүрч яваа Цэнгүүнжавын Халиун гэж сайхан ээж “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.
Монгол хүн бүрийн ээждээ хэлж чадаагүй талархлын үг, илэрхийлж амжаагүй нандин сэтгэлийг монголын төр эвлүүлэн нэгтгэж, жилд нэг өдөр иргэдийнхээ өмнөөс ээжүүдээ шагнадаг юм аа. Энэ бол бидний уламжлал, бидний бахархал. Төр үүнээс ч илүүг хийх ёстой. Нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулахад нь, монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулан мэдүүлж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд чадах бүхнээрээ, байгаа боломжоороо төр туслах ёстой юм.
Тийм ч учраас Хүүхдийн мөнгө олгох бодлогыг 2005 оноос хойш хэрэгжүүлсэн. Харамсалтай нь “халамжийг хавтгайруулахгүй” гэх нэрийн дор 2017 оноос хүүхдүүдийг нийгмийн давхаргаар нь ялгаварлан үзэж Хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн нь нийгмийн үнэт зүйлсэд ихээхэн зөрчил бий болгосон. Хүн амаа өсгөх, эхчүүдээ дэмжих, хүүхдээр дамжуулан баялгийг хуваарилах бодлого нь тэгш, хүртээмжтэй байх учиртай. Тийм учраас миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сард Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, урьдын жишгийн дагуу хүүхэд бүрт Хүүхдийн мөнгийг олгох боломжтой болсон юм.
Өнөөдөр одонгоо гардсан Та бүхэнд, Монголын бүх эхчүүдэд нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, баяр хүргэе!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын гэр бүл бүхэн үр хүүхдийнхээ хамтаар аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрөх болтугай.
Баярлалаа” гэлээ.
Түүнчлэн “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.