Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Оффтейк гэрээний нүүрсийг түр зогсооход Б.Ганхуяг “Бодь“ таныг шүүхэд өгөх гэж байна“ гээд бичиг өгсөн. Би ийм шантааж хүлээж авдаггүй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
38 минут 44 секунд

NTV телевизийн "Лхагвын тойм" хөтөлбөрийн ээлжит дугаарт ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг урьж ярилцсан ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна

-Шинэ он эхлээд ажил ихтэй байна уу. Засгийн газар энэ оны эхний хуралдаанаа хийчихлээ. Гэвч олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандсан нэг зүйл нь шинэ он эхэлж ард иргэд ажил албандаа орж байхад УИХ, байнгын хороодын түвшинд гишүүдийн ирц муу, ажлаа цалгардуулж байна гэх шүүмжлэл. Засгийн газрын түвшинд нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Засгийн газрын хуралдаан болдгоороо болсон. Хажуугаар нь би Төсвийн байнгын хорооны хуралдаандаа очиж оролцсон. Миний харьяалагдаж байгаа газруудын хувьд ирц дажгүй л байна.

-Засгийн газрын хуралдаан дээр өөртэй тань холбогдож орсон асуудал учраас эхний асуулт болгож тавья. БНХАУ-тай холбоотойгоор зарим албан байгууллагуудтай ЭЗХЯ санамж бичиг байгуулсан талаар ЗГ хэлэлцсэн. Хуралдааны дараагаар мэдээлэл хийгээгүй учраас олон нийт энэ чиглэлд мэдээлэл дутмаг байгаа болов уу. Энэ нь ямар бичгүүд вэ. Хөрөнгө оруулалт чиглэлд байгуулсан санамж бичгүүд байсан болов уу гэж таамаглаж байна?

-Би Монгол БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссыг ахалдаг. Үүнээс гадна Монгол Оросын ЗГ хоорондын комиссыг ахалдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш орныхоо Засгийн газартай ажиллах комиссыг би ахалдаг. Тэгэхээр энэ хоёр улстай холбоотой гарч байгаа гэрээ хэлцэл, яриа хөөрөө зэрэг бүх зүйл дээр нь оролцож идэвхтэй ажилладаг. Өнгөрсөн жил түүхэн амжилтуудыг гаргасан жил боллоо шүү дээ. БНХАУ руу 70 орчим сая тонн нүүрс экспортолсон. Үндсэндээ хоёр жил гаруйн хугацаанд экспортлох хэмжээний нүүрсийг бид нэг жилийн дотор гаргасан байна. Энэ ч БНХАУ-тай ойлголцож ажиллаж буйн үр дүн гэдгийг би хэлмээр байна. Засгийн газрын хуралдаанаар комисс байгуулагдсанаас хойш Монгол Хятад хооронд байгуулсан бүхий л эдийн засгийн харилцаатай холбоотой байгуулсан санамж бичгийг оруулж, танилцуулж холбогдох сайд нарт үүрэг чиглэл болголоо. Тухайлбал, Шивээхүрэн Сэхэ боомтыг холбох ажлыг ЭЗХЯ, БНХАУ-ын шинэчлэлийн хороо, ЗТХЯ гэсэн гурван талт гарын үсгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зурсныг та бүхэн санаж буй байх. Гарын үсэг зурсан даруйд БНХАУ-ын талд энэ ажил эрчимтэй явагдсан. Бидний тооцоолж буйгаар энэ хоёрдугаар сар гэхэд тус ажил хийгдчих юм. Цахим хөгжилтэй холбоотой тэр дундаа манайд үйлдвэрлэгдсэн IT-ийн бүтээгдэхүүнүүдийг Хятадын зэх зээлд гаргах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн баримт бичиг. Эсхүл БНХАУ-ын тусламж хариуцсан байгууллага нь тусдаа "гарчихсан" шүү дээ. Тус байгууллагатай санамж бичиг байгуулж, БНХАУ-аас Монгол Улсад хэр хэмжээний тусламжийг авч болох вэ гэдгийг эрх зүйн хувьд хангаж өгсөн санамж бичгийг байгуулсан. Энэ бүгдийг танилцууллаа.

-Оны төгсгөлд буюу 12 дугаар сарын 29-нд тантай холбоотой баримтат нэвтрүүлэг гарсан. Та тайлбар хийсэн байна лээ. Оны дараа ч мөн адил архивын лавлагааг гаргаж тавьсан байсан. Энэ асуудлыг ярья. Ер нь юу болоод өнгөрөв?

-"Женко" Х.Баттулгын хувийн телевиз болох С1 телевизийн "Цензургүй" нэвтрүүлгийнхэн миний талаар цуврал нэвтрүүлгийг хийж байгаа. 12 дугаар сарын 29 гэх өдөр бол Монгол Улс үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсан түүхэн өдөр. Тухайн өдөр намайг Хятадын эрлийз, эрлийз хүн монголын төрд ажиллаж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн. Түүнтэй холбоотойгоор архивын хоорондоо холбоогүй материалыг гаргаж олон нийтэд үзүүлж, түүнийг санхүүжүүлж буй хүмүүс нь сэвэх ажлыг нь гүйцэтгэсэн. Тиймээс телевизийг нь эзэмшдэг, урьд өмнө нь олон улс төрчдийг хятадын эрлийз гэж дуудаж явж ирсэн Х.Баттулгад "Гений шинжилгээ хийдэг байгууллагад хандъя" гэдэг санал тавьсан. Хятадын өмнөх, хойд хэсэг, Төвд гэх мэтээр нь нарийвчлан гений онцлогоор нь гаргадаг болчихсон судалгааны байгууллага байдаг юм байна. Хоёрдугаарт, нэгэнт намайг Хятадын эрлийз гэж хэлсэн учраас би түүнд нь хариу барих ёстой шүү дээ. Би удам судраа сайн мэднэ. Гэхдээ би ийм юм аа гээд ярихаар ихэнх нь итгэхгүй шүү дээ. Нөгөө хүн нь л баримт яриад байгаа мэт санагдана. Тиймээс би Архивын газар очиж, холбогдох баримтуудыг нь гаргаж тавьсан.

Бодит байдлыг хэлбэл, манай аавын талын өвөлжөө нь Увс аймгийн Давст сумын баруун Тэрмэс гэх уулын дунд байдаг. Бид жил бүр очдог. Ээжийнх Увс аймгийн Давст сумын нутаг Бичигт хад буюу одоо бол Оросын хилийн хажууд их ойрхон байдаг. Бид очихын тулд зайлшгүй хилийн байгууллагаас зөвшөөрөл авч машинаар очдог. Тэнд өвөлжөө нь байдаг. Бид бага байхаасаа л өвөлжөө, хаваржаа гээд тэр хавиар явдаг байсан болохоор мэднэ. Тэр баримтуудыг архиваас аваад л гаргаж тавьсан юм.

-Та баримт гаргаж ирсэн. Тухайн нэвтрүүлэг дээр ч баримт гэх зүйлийг үзүүлсэн. Тэр баримтыг та юу гэж харсан бэ. Дахин давлагаа, мэдээлэл хөөцөлдсөн үү. Баян гэдэг нэг хүний нэр дурдагдсан. Үз гэж байгаад үзүүлсэн шүү дээ?

-Увс аймгийн Архивын газраас тэр мэдээллийг авсан гэж байгаа юм. Тэр нь 1945 оны тооллого юм билээ. Манай ээжийг тэр Баян гэдэг хүнтэй холбогдуулсан баримтыг гаргаад тавьчихаж байгаа юм. Нөгөө талдаа гадаадын иргэдийн бүртгэл гэдэг зүйлийг гаргасан. Тэгснээ Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байна, тэр нь Ч.Хүрэлбаатарынх байна гээд гаргачихсан. Ийм л зүйл цацчихсан шүү дээ. Гэтэл Архив дээр нь очоод 1933 оны тооллогыг аваад үзэхэд Увс аймагт л гэхэд 115 Баян гэдэг хүн бүртгэлтэй байгаа байхгүй юу. Тэр яах вэ. Нэвтрүүлэгт Ч.Хүрэлбаатарын цусыг таван жил судалсан юм гэж хэлсэн шүү дээ. Судалж байхдаа 1945 оноос өмнө Баян гэдэг хүнтэй холбоотой ямар баримт байхгүй байна гээд хэлчихсэн. Тэгээд очоод үзэхээр 1927, 1933, 1944, 1956 оны тооллогууд дээр нь байна.

Ээжийн аав нь Хүүхээ гэж хүн байсан. Баяны Хүүхээ гэдэг хүн. Тухайн үедээ сумын Засаг дарга, нарийн бичиг зэрэг ажил хийж байсан юм билээ. 1927 оны Архивын баримтыг гаргаж ирээд үзэхэд, арав арванаар нь тоолдог юм байна. Тэр үед аравны ахлагч байсан юм болов уу хамгийн эхэнд бичигдсэн хүн байна лээ. Ийм л хүн байж. Тэгээд 1938 онд Хүүхээ гэдэг хүн нас барсан. Өөрөөр хэлбэл, Хүүхээ гэдэг нь миний өвөө гэсэн үг шүү дээ. Ээжийн өвөө нь Баян байхгүй юу. Баян нь өөрөө Увшийн Баян гэж явж байгаа. Увшийн Жамбаа гэдэг хүн гүрэнч лам хүн байж байгаад онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1938 оны долоодугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр буудаж хөнөөх, бүх хөрөнгийг нь хураах ял авсан хүн. Түүний дараа удаагүй нас барсан юм билээ. Ээжийн ээж нь түүнээс хойш удалгүй өнгөрсөн гэгддэг. Тэгэхээр ээжийн аавыг Хүүхээ гэдэг. Гэтэл тэр нэвтрүүлэг дээр манай ээжийн аавыг Баян гэж яриад байгаа юм. Бодитоороо, ээжийн аавыг Хүүхээ гэдэг. Хүүхээгийн аавыг Баян гэж хүн. Баян гэдэг хүн Увшийн хүүхэд болоод 1883 оноос хойш Увс аймгийн Давст сумын Хандгайт гэдэг газар төрсөн гээд намтар дээрээ биччихсэн байгаа юм. Тооллого нь ч гэсэн тэр хавиараа байна лээ. 1927 оны тооллогыг үзэхээр Ю.Цэдэнбал даргынхан бүгдээрээ байгаа юм. Тэднийх 189 билүү 184 дээр бүртгэлтэй байсан. Ю.Цэдэнбал дарга чинь Хандгайтынх шүү дээ. Манай өвөөгийн өвөлжөөнөөс холгүй. Ийм л баримт байхад урдаас орж ирсэн ч гэнэ үү, хаа хамаагүй гүтгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүртгэл нэмээд гений шинжилгээ өгье гэсэн юм.

-Гений шинжилгээний асуудал юу болов. Гений шинжилгээнд нөгөө талаас орохгүй гэсэн ч та орох уу?

-Орно. Би орно. Би 14 хоногоо хүлээнэ. Шинжилгээгээ өгнө. Үүнийхээ дүнг олон нийтэд ил тод нээлттэй тавина. Яагаад гэвэл би яадаг ч байсан дээших түүхээ, удам судраа мэднэ. Итгэлтэй ч байгаа.

-Хэрэв ямар нэгэн байдлаар 0.1 хувь гарвал "яваад өгнө" гэж байгаа?

-Би ажлаа өгнө гэдгээ хэлчихсэн шүү дээ. Улс төрөөс гарна. Гэхдээ би Женкотой цуг гарна.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинжилгээний асуудал дээр хариу өгөв үү?

-Ард түмнээс сонгогдож Ерөнхийлөгч болж байсан хүн өгөх байх л гэж бодож байна. Өгөхгүй бол ойлгомжтой шүү дээ.

-Ойлгомжтой гэдэг нь?

-Айж байна. Өөрт нь итгэл алга. Би бол өөртөө итгэж байгаа. Удам судраа мэдэж байна. Би ээжийнхээ талыг нэлээн сайн мэднэ. Бүр 1700 он хүртэл нь ургийн мэдээллээ мэднэ. Нэртэй, цустай, цөстэй ийм л хүмүүс.

-Таны хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд улс төрд Хятадынх аль эсвэл харь орных гэдэг ийм яриа зөндөө явж ирлээ. Ер нь Х.Баттулга гэж хүн Ч.Хүрэлбаатар гэдэг хүний тухай их олон удаа дурсаж байсан. Ч.Хүрэлбаатар ч Х.Баттулгын талаар олон удаа нэр дурддаг. Энэ дурдалт болгон сайн зүйл байдаггүй. Яг юунаас болоод энэ хоёр хүн улс төрд ийм байдлаар үйл ойлголцоод байдаг хэрэг вэ. Та хоёр чинь нэг кабинетад хүртэл хамт явсан хүмүүс шүү дээ?

-Тийм. Бид хоёр нэг кабинетад байсан. Би ЗГХЭГ-ын дарга, Х.Баттулга ЗТХ-ийн сайд байсан.

-Зөрчил ч гэх юм уу. Энэ асуудал юунаас болоод ингээд яваад байдаг юм бэ?

-Би эхлээгүй. Та бүгд анзаарсан бол. Би хүн рүү эхэлж дайрдаггүй. Хүн над руу дайраад байвал би тайлбараа хэлнэ, өөрийгөө хамгаална. Ийм л улс төрийн түүхтэй. Улс төрч хүний хувьд их олон хүний үг дааж, өнгөрөөдөг. Их олон зүйлийг дотроо шингээж өнгөрөөдөг. Тэвчээр гаргадаг. Гэхдээ тэвчиж болохгүй зүйл гэж бий. Юманд хязгаар гэж бий. Тэр хэмжээндээ хүрэхээр үүнээс цааш хортой гэж үзэж тайлбар хийж эхэлдэг. Монголчууд эвтэй найртай байж чадвал хөгжил их ойрхон шүү дээ. Гэтэл үүнийг дотор нь элдэв бусаар хэлдэг, эрлийз хурлийзаар нь дууддаг зүйл Х.Баттулга гэдэг хүнийг улс төрд орж ирсэн цагаас идэвхтэй явж эхэлсэн. Өрсөлдөгч нараа дандаа элдэв бусаар хэлдэг л байсан шүү дээ. Би тэгж л ойлгож байгаа. Энэ бүгдэд би цэг тавих ёстой. Тиймээс цугтаа гений шинжилгээ өгье гэсэн юм. Хоёулангаас нь элдэв бусын зүйл гарвал Монголын улс төрөөс гарья. Би очоод их сургуульдаа багшаа хийе. Х.Баттулга ч Баянгол билүү тэр зочид буудлаа ажиллуулна биз. Ингээд л болоо.

-Зөрчил юунаас эхэлсэн юм бэ?

-Хэлж мэдэхгүй юм. Тэр хүн эхэлдэг л гэж би хэлсэн.

-Шалтгаан нь?

-Надад хувийн бодол бий. Би тэр хүмүүсийн эрх ашгийн сонирхол дээр нь эсрэг байр суурьтай байдаг юм болов уу. Тиймээс "Энэ хүнийг зайлуулах ёстой" гэж боддог юм болов уу гэж боддог.

-Эрх ашгийг нь хангахгүй?

-Тийм. Эрх ашгийг нь хангахгүй. Эсвэл ямар нэгэн зүйл хүсэхэд нь үгүй гэдэг ч юм уу. Жишээлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК дээр өөрийн гэсэн монополоо тогтооно гэхэд үгүй гэдэг. Эсвэл төмөр замыг өөрийн дураараа барина гэдэг ч юм уу. Санхүүжилтээ хаа хамаагүй авна гэвэл наадах чинь хууль зөрчиж байна гэж хэлдэг. Ийм л зүйл юм болов уу гэж би боддог. Эрх ашиг нь зөрчигдөөд аль эсвэл өөрийнх нь бодсон юманд саад болж байгаа учраас үзэн ядаж ийм нэвтрүүлгүүд хийдэг биз. Би Сангийн сайд болсноос хойш 7 удаа хориг авсан. Цензургүй нэвтрүүлэг 7 удаа гарна. 6 нь гарчихсан байна шүү дээ. Нэг хориг нэг нэвтрүүлэг гэх байдлаар. Одоо Ерөнхийлөгч биш болчихсон юм чинь хориг тавьж чадахгүй л дээ. Гэхдээ ийм нэвтрүүлэг хийж байгаа. Би олон удаа гүтгүүлж, доромжлуулж байгаа. Ингэж явсаар үүнээс цааш хэтэрнэ гэж бодсон. Хэн дуртай нь гарч ирж цус ярьж байна. Цус ярьдаг ийм хөгийн юмнуудыг тэвчих учиргүй. Монголчууд нэг байгаасай. Бусад хүмүүст яаж хандсан шиг нь тэр хүнийг цугтаа генээ шинжлүүлье гэж байгаа юм. Хоёулангаас нь илэрвэл хамт явъя. Би тэр хүнээс өдөр бүр шаардана. Үүний зорилго нь Монголчууд эвтэй, нэгдэлтэй байгаасай. Бие биеэ цус, арьс өнгө, яс үндсээр нь элдэв бусаар хэлж хагаралддаг зүйлийг бид дуусгана гэж бодож байна. Миний зорилго тэр. Дахиж ийм зүйл Монголд бүү гараасай. Тэгэхгүй бол бүгд нэг нэг буланд очоод шивнэж ярьдаг мөртлөө тодорхой үйлдэл хийж өгдөггүй. Тиймээс ч би ийм алхам хийсэн юм.

-Өмнөх асуулттай уялдуулаад асуухад, 12 дугаар сарын 29-ны тэр чухал өдөр үргэлжлүүлээд шинэ жилийн баярын өдөр. Ийм мэдээлэл авах улс төрч бус хувь хүнийхээ хувьд ямар байсан бэ. Гэр бүл тань яаж хүлээж авав. Би сэтгүүлч хүнийхээ хувьд тэр талд нь илүү анхаарч бодож байлаа?

-Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр. Та бүгд анзаарсан бол урд өдрөөс нь эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч хүмүүст төрийн дээд шагнал гардуулж эхэлсэн. Шагнал авч буй хүндээ их нэр хүндтэй шагнал. Шагнал гардуулах ёслол дээр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бид хоёр тасралтгүй оролцсон. Шагнал авч буй хүмүүстэй уулзаж учирч, сэтгэгдлийг нь сонсох завшаан олдсон. Түүний дараагаар 12 дугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн цомын барилдааны үйл ажиллагаанд оролцсон. Заалны уур амьсгал маш сайхан байсан. Түрүүлсэн бөх нь ч өөрөө их даруухан хүн юм билээ. Тэгээд л тэр орой огт худлаа материалаар бэлтгэсэн нэвтрүүлгийг цацсан. Үнэн байсан бол яах вэ. Гэтэл шал худлаа материалаар доромжилж байхад тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр Монголчуудын эв нэгдлийг алдагдуулах гэсэн зүйлийг санаатайгаар хийсэн. Эв нэгдлээ олж тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр нь эв нэгдлээр хагаралдуулах гэсэн зүйл хийсэн нь хөгийн санагдсан. Тиймээс би архив руу бүх бичгийн хүсэлтээ гаргаад авах гэж хэд хоносон.

-Нэг асуулт байна. Өнгөрсөн хугацаанд 7 удаа хориг тавьж байсан. Нэвтрүүлэг ч 6 дугаар гарсан гэж та хэлж байна. Удахгүй 7 дахь нь гарах юм билээ. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн хууль зөрчсөн байна гэдэг байдлаар яагаад хууль шүүхийнхэн тойроод байдаг юм бэ. Нөгөө талдаа та гүтгээд байна гэдэг. Энэ хоёр заагийг хуулийнхан яагаад тогтоож чадахгүй байна вэ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Увс аймгийн тендертэй холбоотой нэвтрүүлэг байсан. Энэ асуудалд холбогдуулан таныг дуудаж шалгасан уу. Ямар нөхцөл байдал тогтоогдож байгаа вэ. Олон нийт үнэн мэдээлэл нь хаана байна вэ гэдгийг мэдэх чухал байна?

-Одоо Увс аймагт Ардчилсан нам эрх барьж байгаа. Хэдэн бие даагч бий. Эдгээр хүмүүс нийлж засаг барьж байгаа. Аймагт болж байгаа зүйлийг Ч.Хүрэлбаатар биш тэр хүмүүс шийдэж байгаа.

-Тендерийн асуудал дээр Ч.Хүрэлбаатарын ангийн хүүхэд, зөвлөх гэх мэт нэрс гарч ирж байгаа шүү дээ?

-Тендерт эндээс ямар нэгэн хүн оролцох боломжгүй. Хоёрдугаарт, би тийм тендерт оролцоод яваад байдаг хүн биш. Хангалттай их ажилтай. Аймагт болж буй зүйлд оролцох нь хуулиараа хориотой. Оролцоод яваад байх цаг зав байх уу. Тэглээ ч тэнд тухайн ажил үүргийг гүйцэтгэх хүмүүс байгаа шүү дээ. Түүнээс биш тендер авчихсан хүнийг Ч.Хүрэлбаатартай гар бариад зөрсөн учраас гэж хэлэх юм уу. Тэгвэл Х.Баттулга бид хоёр зөндөө л цуг сууж байсан шүү дээ. Тэгэхээр бид хамт сууж байсан гэдэг нь биднийг буруутгах шалтгаан болохгүй. Зохиолууд яваад байгаа юм. Олон зохиолоор намайг хуулийн байгууллагаас шалгасан. Х.Баттулга ч гэсэн элдэв бусын хүнээр дамжуулаад өгдөг, хорьж шалгадаг. Байнга л ийм зүйл ярьдаг хүн шүү дээ. Энэ бүгдийн хүрээгээр холбогдох байгууллагууд нь хангалттай шалгасан. Байж байгаад л байцаалт авна гээд дууддаг. Өгч л орхидог. Ч.Хүрэлбаатарыг яаж нэг харлуулчих вэ гэж их үздэг. Эрлийз хурлийзаар нь дууддаг ч үүнтэй л холбоотой шүү дээ.

-Магадгүй дараагийн сонгууль цаашид үргэлжлэх улс төрийн үйл явцтай холбоотойгоор энэ процессууд өрнөж байна уу. Та юу гэж харж байна?

-Ер нь Ч.Хүрэлбаатарыг улс төрөөс зайлуулъя гэж л бодож байх шиг байна. Гэхдээ тэд нарын хүссэнээр болохгүй. Ч.Хүрэлбаатарыг улс төрд байх уу үгүй юу гэдгийг тэр хүмүүс шийдэхгүй. Санал өгдөг ард түмэн л шийднэ. Гэхдээ Женко, тэдний хэдэн хамсаатан ард түмэнд Ч.Хүрэлбаатарыг муухай хүн гэж харагдуулах гээд л хичээгээд байна. Сүүлдээ бүр аргаа бараад хятад гэдэг үлгэр бичиж байна шүү дээ.

-Сайд болсныхоо дараа таны ярьж эхэлсэн зүйл бол валютын нөөц байсан. Байнгын хорооны дарга байхдаа ч ярьж байсан. Оны төгсгөлд 4.8 тэрбум ам.доллар болсон байна. Валютын нөөц нэмэгдсэн үндсэн шалтгаан бол 60-70 орчим сая тонн нүүрс гаргасантай холбоотой байх. Нүүрстэй холбоотой асуудлууд аль түвшиндээ явж байна. Ямар учраас БЭТ томилох процесс өрнөв?

-Энэ тийм ч их яриад байдаггүй сэдэв. Гэхдээ өөрт чинь ярья. Яагаад гэвэл энэ нь болоод өнгөрсөн учраас. Өнгөрсөн жилийн 8 сарын сүүлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд сайд хийх боломжийг нээж өгсөн. Тэр үед Ерөнхий сайд намайг ЭЗХ-ийн сайд болооч гэх саналыг тавьсан. Хувь хүнийхээ хувьд эргэлзэж байсан л даа. Яагаад гэвэл сайд болно. Гол асуудал хаанаа байгааг би гадарлаж байсан. Олон хүнтэй дайсан болно. Ар гэрийнхэн дургүй байсан. Яах гэсэн юм бэ, УИХ-ын гишүүний ажлаа хийгээд явж бай. Бөөн хэл ам, стресс гэдэг байдлаар ар гэрийнхэн хэлж байсан. Эдийн засаг унаж, ханш суларч байгаагийн гол үндсэн шалтгааныг гадарлаж байсан шүү. Засах нь зүйтэй болов уу гэж бодож сайдын саналыг хүлээж авсан. Тоон дээрээ ЭЗХЯ-ны залуучуудтайгаа суугаад ирэхээр маш ойлгомжтой болоод эхэлсэн. Нэгдүгээрт, экспорт их хэмжээгээр гараад байдаг, валют орж ирдэггүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа өгч байх үед монгол Улсын валютын нөөц 4 тэрбум 900 сая хүрчихсэн байсан. Түүнээс хойш тасралтгүй унасаар байгаад 2.5 болчихсон байсан. Ийм байж байтал ОУВС-гийн төлөөлөгч надтай уулзана гээд өрөөнд ороод ирсэн. Уулзаад "Өнөөдөр өглөөний байдлаар Монгол Улсын валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар байна. Оны төгсгөлд 1.7 ам.доллар болно. Тэгэхээр та нар он дуустал нэлээн олон төлбөр төлнө. Түүнийг барагдуулж төлж чадахгүй. Он гараад дахиад төлөх төлбөр бий. Тиймээс та бүхэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаач ээ" гэх саналыг тавьж байсан. Энэ нөхцөл байдалд Ерөнхий сайдтай албан ёсоор санал солилцсон. Бид хоёрын санал адилхан байсан. ОУВС-гийн хөтөлбөргүйгээр өөрсдөө оролдоод үзье гэсэн. Тэгээд Эрдэнэс тавантолгой ХК-ийн удирдлагууд дээр Засгийн газраас валют оруулж ирдэг нүүрсийг гаргаач ээ гэдэг шийдвэр гаргуулсан. Өөрөөр хэлбэл, оффтейкийн нүүрснүүдийг түр зогсоогоод нүүрсээ зараад мөнгө нь шууд орж ирдэг байдлаар ажилла гэсэн. Энэ цагаас Ч.Хүрэлбаатарын зовлон эхэлсэн.

-Зовлон?

-Тийм ээ. Зовлон. Элдэв бусаар дайрч доромжилдог. Ийм ажлууд явагдсан. Эрдэнэс Тавантолгойн нүүрс хилээр гарах цаг үеэс эхлээд Баяннуураар нүүрс авахгүй гэж байна, хилийг чинь хаана гэж байна гэдэг яриа хүчтэй гарч эхэлсэн.

-Хаанаас, хэнээс?

-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд над дээр ирээд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нүүрсээ зарж валютын нөөцөө нэмэгдүүлэх гэж байхад эд нар ажил хойшлуулах л юм яриад байна шүү дээ.

-Засгийн газрын ажлыг хийлгэхгүй, удаашруулах гээд байна шүү дээ. Зөв үү?

-Яг тийм. Тийм учраас л онцгой дэглэм тогтоосон юм. Ийм удирдлагатай байхад Монгол Улс валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжгүй юм байна. Монгол Улс нүүрсээ бирж дээр зарах боломжгүй юм байна. Ингэхийн бол би сайд гэж суугаад яах юм бэ. Тийм учраас энэ асуудал Засгийн газарт нэлээн яригдсан. БЭТ томилсон. Ингээд л ажлууд хэвийн явж эхэлсэн. Гэхдээ бирж амар байгаагүй. Бирж дээр компаниуд орж ирэхгүй байсан. Бид Хятадын компаниудтай удаа дараа уулзалт зохион байгуулсан. Биржийг зүтгэсээр байгаад хийсэн. Х.Нямбаатар, Ж.Ганбаатар сайд бид бүгд энд тэндхийн хөрөнгө оруулагч нартай уулзаж, биржид орох дэмжих чиглэлд ажилласан. ГХЯ болон Ерөнхий сайд ч энэ чиглэлд идэвхтэй ажилласан. Үүний дүнд БНХАУ бүрэн дэмжсэн. Бидний авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээг дэмжсэн. Тууштай явсаар энэ бүхний ард гарсан. Нүүрсээ бид биржээр зардаг болсон. Одоо өчнөөн компани ороод үнэ дуудалцаж байна.

Нүүрсээ аман дээрээс зарчихдаг. Хил хүртэлх бүх тээврийг худалдан авагч буюу Хятадын тал зохион байгуулдаг байсан. Үүнийг болиулж, хил үнээр нүүрсээ зараад эхлэхээр хил хүртэл хүргэж өгөхийг монголын уул уурхайн компаниуд зохион байгуулах болсон. Ихээхэн хэмжээний валют орж ирэх нөхцөл бүрдсэн. Мөн татвараа бүрэн авдаг болсон.

-Үнийн хувьд ил тод болчихож байгаа?

-Жишээлбэл, 80 орчим ам.доллароор зарагдаж байсан нүүрс 180-д хүрчихэж байгаа юм. 54 доллароор зарагдаж байсан төмрийн хүдэр 86 доллар хүрчхэж байгаа юм. Ийм гаралт нэмэгдсэн учраас Монгол Улсын экспорт нэмэгдсэн. Ийм зүйлүүд гарсан учраас валютын нөөц нэмэгдсэн. Монголбанкныхан надад 4.5 тэрбум ам.доллар гэж хэлсэн юм. Өөрсдөө албан ёсны мэдээлэл тавихдаа 4.8 тэрбум ам.доллар гэж хамгийн сүүлд зарласан.

-Тэгэхээр худлаа зарласан гэсэн үг юм уу?

-Болгоомжилсон байх. Банк өөрөө болгоомжтой байх ёстой. 4.5 гэж байгаад эцэслээд ирэхэд 4.8 тэрбум ам.доллар гэж зарласан. Тэгэхээр ОУВС-гийн суурин төлөөлөгч орж ирж хэлж байсан 2.4 тэрбум ам.долларын нөөц жил гаруйн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Дээр нь Монголбанк Хятадын банкны своп зээлийг төлөөд 1.4 тэрбум ам.доллар маань үлдсэн. Бас амжилттай гэж бодож байгаа.

-Та өмнөх яриандаа сайдын ажлыг авахад ч, ажил авсны дараа ч зовлон буюу дарамт шахалт, үл ойлголцол, ЭТТ ХК ЗГ-ын үйл ажиллагааг явуулахгүй байх хэмжээний зүйлс байсан гэж байна. Энд яг ямар нөхцөл байдал байсан бэ. Жишээлбэл?

-Нэгэнт л болоод өнгөрсөн зүйл учраас ярьж байгаа юм. Оффтейк гэрээний нүүрсийг битгий гарга гээд хэлчихлээ шүү дээ. Бэлэн мөнгөөр нүүрсээ гаргаад эхлэхээр оффтейкээр нүүрс авч буй компаниуд чинь дургүйцсэн. Тэгээд байж байтал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ороод ирсэн. Орж ирээд тэр компаниуд таныг шүүхэд өгөх гэж байна гэж хэлсэн. Би хэлчихье. Бодь интернейшнл ХХК. Надад бичиг өгсөн. Тэгэхээр би тэр компаниудын шантаажийг хүлээж авах уу аль эсвэл унаад байгаа улс орныхоо валютын нөөц, төгрөгийн ханшийг тогтоох сонголт хийх шаардлага гарна шүү дээ. Тэнд улс эх орны эрх ашиг яригдаж байна. Б.Ганхуягт хэлтэл "Аан за" гээд гараад явах гэсэн. Гарахад нь би дуудаад "Шүүхэд өг гэж хэл. Засгийн газрын шийдвэр шүү. Цаана нь Монгол Улсын эрх ашиг байгаа. Би шүүхэд өгсөн ч дахиад шүүхдэлцэнэ. Дөрвөн жил явдаг гэсэн. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд нэг тонн ч нүүрс гаргахгүй байхаа хэлсэн. Ийм зүйл болоод өнгөрсөн. Дараагаар хэвлэлээр дайрах зүйл зөндөө гарсан. Гэхдээ үр дүн гарсан. Тууштай, Засгийн газар дэмжиж байсан учраас хамтарч ажилласан. Хамгийн гол нь Ерөнхий сайд улс төрийн манлайллыг хатуу үзүүлж ирсэн. Тийм учраас үр дүн гарсан гэж би ойлгож байгаа.

-Таны ярианаас би нэг зүйлийг сонирхож асуумаар байна. Өнгөрсөн намрын нэг шүүх хурлын үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүх танхимд "Ч.Хүрэлбаатар гэх хүний хамаарал бүхий хүмүүсийн уурхайтай холбоотой мөнгийг ЭТТ ХК төлсөн. Энэ мөнгө над дээр бичигдэх ёстой юм байна. Тэгвэл би хэргээ хүлээе"...

-Чи буруу хэлж байна. Ингэж хэлсэн юм. "Ч.Хүрэлбаатарын холбоод байдаг Хотгор шанагыг ч бас над дээр биччих" гэж ярьсан.

-"Эзэнгүй бүх дүрийг над дээр биччих" гэж хэлсэн?

-Тийм ээ.

-Энэ яриа таны ярьж буйтай холбогдох уу?

-Хаа хамаагүй Хотгор шанага гэдэг зүйлийг ярьсан шүү дээ. н.Алтангэрэл гэдэг хүн эзэн нь. Одоо Увс аймгийн ИТХ-д АН-аас сонгогдчихсон хүн. н.Алтангэрэл бид хоёр нэг үеийн төгсөгч. Шүүх танхимд аль дээрийн үеийн юмыг над дээр биччих гэж ярьж байна шүү дээ. Хэрвээ надад ЭТТ ХК-тай холбоотой ямар нэгэн зүйл байсан бол Б.Ганхуяг ил хэлнэ шүү дээ. Ажлыг нь өгүүлэх бүх зүйлийг ЭЗХЯ буюу надаас гарсныг бүгдээрээ л мэдэж байгаа. Тэгэхээр Б.Ганхуяг Ч.Хүрэлбаатар гэдэг хүн огт холбоогүй учраас аль дээр үеийн юмыг над дээр биччих гэж хэлсэн байх. Тийм асуудал байсан бол шүүх хурал бүр дээрээ яриад сууж байна биз дээ. Хүн гүтгэж болохгүй учраас юу ярихаа сайн мэдэх байлгүй. Ийм л зүйл.

-Нүүрсний хулгай өнгөрсөн жилээс хойш иргэдийг бухимдууллаа. Сонсгол болж өндөрлөлөө. Гэрчээр орж мэдээлэл өгч байгаа харагдсан. "Энд яагаад сууж байгаагаа ойлгохгүй байна" гэх тайлбарыг та өгсөн байна лээ. Ер нь улс төрч, МАН-ын гишүүний хувьд сонсголыг юу гэж дүгнэж байна. Мөн нүүрсний хулгайг юу гэж харж байна вэ?

-Миний өөрийн барьдаг үндсэн зарчим бол аливааг ил тод байгаасай л гэж бодож байна. Би шүүх болон хууль, хуулийн байгууллагуудтай холбоотой зүйл дээр орж ирж юм ярьдаггүй. Гэхдээ би ганцхан санал гаргасан. Тэр нь шууд батлагдсан. Бүх шүүх хурлыг ил тод явуулдаг больё. Ингэж чадвал шүүх дотор болоод байгаа хууль бус зүйлс алга болно. Магадгүй зарим шүүгч нар өөрсдийн санаатай, санаандгүй үйлдлээс алдаа гаргадаг байх. Гэхдээ ил явагдаж байгаа тохиолдолд алдаа байна гэдгийг нь хэлнэ. Шүүгч алдаагаа засна. Тухайн шүүгчийн алдаанаас бусад нь суралцана. Нүүрс ч бай, Хөгжлийн банк ч бай бүгдэд ил тод байдлыг хангах нь зөв. Ил тод байсан бол ийм зүйл болохгүй. Бирж гэдэг чинь өөрөө нүүрсийг худалдаалахад ил тод байдлыг хангасан зүйл. Миний ярьж байгаа зүйл бол ил тод байгаасай гэдэг л үндсэн зарчим. Энэ утгаараа бүх сонсгол зөв. Хамгийн гол нь гол буруутай этгээдүүд нь тогтоогдож байна уу гэдэгт л байгаа юм. Асуудлыг өөр тийш шидэж, өөр хүн гаргаж ирж тэр рүү дайрах зүйл явуулах нь дэндүү зохимжгүй. Би нүүрсний сонсголд дуудагдсан. Би үнэнээ л хэлсэн. "Энд яагаад сууж байгаа юм бэ" гэдэг зүйлээ хэлсэн. Шинжээчдийн дүгнэлт дээр надтай холбоотой зүйл нэг ч гараагүй. Тэнд сууж байгаа хүмүүсийн ярьж буйг сонсож байгаад л гарсан.

-Ярилцлагын цаг маань дөхөж байна. Ярилцах олон сэдэв байна. Тухайлсан сэдвүүд дээр ярилцах боломж олдох байх гэж найдаж байна. Нүүрсний сонсгол явж байх үед УИХ-аар гэнэтийн шийдвэр гаргасан. Сонгуулийн тойрогтой холбоотой шийдвэр байлаа. Энэ шийдлийг чуулган дээр та анх ярьсан. Бүсчилсэн байдлаар тойргийг томсгож сонгууль хийх санал санаачилга яагаад гарав. Давуу болон сул талуудыг зөндөө ярилаа. Улс төрийн шийдвэрийн хувьд энэ томьёоллыг яагаад гаргав, МАН?

-Ч.Хүрэлбаатар санаачилсан зүйл биш. Анх ярьсан хүн нь би мөн. Гэхдээ бүсчилсэн байдлаар сонгууль явуулах саналыг 2011 онд тухайн УИХ-ын гишүүн Лу.Болд надад хэлж танилцуулж байсан юм. Тэр үед концепцын хувьд таалагдаж л байсан л даа. Санаа нь Лу.Болдынх гэдгийг хэлье. Дараагаар намын даргатай, нарийн бичгийн даргатай С.Бямбацогт, С.Амарсайхан сайд нар ярилцаж байсан зүйл бий.

-"Ах нар" гэж яригддаг, төлөөлөлд жин дарж буй хүмүүс энэ асуудлыг түлхүү ярьж эхэллээ. "Ах нар"-т ямар нэгэн ашиг байсан уу?

-Ашиг биш. Хувь хүний эрх ашгийг бодоод ирэхээр л юмс буруугаар эргэдэг. Жишээлбэл, 2016 онд жижиг мажоритар руу шилжчихлээ. Тэгэхэд эрх барьж байсан нам АН. Том эрх ашгийг биш өөрийгөө бодож алдаа гаргасан. Бид зөндөө юм үзлээ шүү дээ. Улс төрийн савлагаа дунд явлаа. Улс орноороо хэрсүүжсэн гэж харж байгаа. Том эрх ашгаа бодохыг хүсэж байгаа. Ихэнх хүмүүс зөв болгооч гэдэг зүйлийг хэлээд байна шүү дээ. Хувийн эрх ашгаа бодоод явбал бүр жижиг 76 тойрог руу бодох хүсэл байгаа. Гэхдээ улс эх орныхоо эрх ашгийг бодож байна, богино хугацаанд хөгжиж, хөгжлийнхөө үр шимийг ард иргэдэд хүргэх хүсэл байгаад байна шүү дээ. Том юмаа зөв болгоё гэдэг зарчмын үүднээс хандсан.

Ярилцсанд баярлалаа

ҮСХ: Үхэр, хонины махны үнэ нэмэгджээ
ҮСХ: Үхэр, хонины махны үнэ нэмэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.