Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Зуданд хорогдсон малаасаа дутуу үнэлэгдэх хүний амь байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 9 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгэн орон сууцанд гарсан галын улмаас 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Орон сууцны орц гарц таглаж машин тавьснаас үүдэлтэй түргэн тусламж, гал унтраах машин орох гарахад хугацаа алдсан тохиолдол бий. Энэ асуудал дээр хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.

-Нийслэл хот цементэн ширэнгэ болсноос үүдэж, олон эрсдэл хүндрэлийг дагуулж байна. Энэ асуудлыг шийдэх гарцыг хэрхэн харж байна вэ?

-Энд тэндгүй байшин баригдаж байна. Байшин барихдаа хоорондын зайг барихгүйгээр барьдаг асуудал иргэдийг их бухимдуулдаг. Дийлэнхдээ "Нар үзэхгүй болчихлоо. Тулгаж барилаа. Зогсоол хүрэлцээгүй, хэтэрхий өндөр" гэж ярьдаг. Уг нь энэ бүхэнд стандарт бий. Жишээлбэл, 70 хувь нь барилгажих ёстой, 30 хувь нь ногоон болох ёстой. Байр хоорондын зай өндрөөсөө хамаараад 10-15 метр байх гэх мэт. Энэ бүх стандартыг зүгээр нэг бодоод олчихсон асуудал биш. Нар үзэх байдлаас эхлээд аюулгүй байдал гээд бүх эрсдэлийг тооцсон байгаа. ГОЛ НЬ МАНАЙД БАРИЛГЫН СТАНДАРТ ГЭДЭГ ЗҮЙЛЭЭ ХУУЛЬ ШИГ МӨРДӨЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. Анхнаас нь стандартаа барихгүйгээс үүдэж одоо дандаа үр дагавартай тэмцсэн бодлого шийдвэр гардаг боллоо.

Улаанбаатар хотод барилгын компаниуд дийлдэхээ болиод удаж байна. Төр засаг нь ч дийлэхээ больсон. Одоо Авлига хороолол гэж нэрлэгдсээр байгаад Авлига нэртэйгээр бүтэн хороолол баригдаад дуусаж байна. Тэгээд энд тэндхийн цоорхой болгонд очоод байшин барьдаг. Иргэд нь гомдол гаргахаар бид нар бичиг юмыг нь нийслэл рүү явуулна. Зөвшөөрөл олгогдчихсон, хууль ёсны дагуу гэдэг л ийм байдалтай. Танил тал эсвэл авлига юм аваад л зөвшөөрөл өгчихдөг. Ийм байдлаасаа болоод өнөөдрийн Улаанбаатар ширэнгэн хот болчхоод түгжрэл нь дийлдэхгүй, сургууль цэцэрлэг нь хүрэлцээгүй, гэнэтийн осол гамшгийн үед ч гал унтраах машин нь орж чадахгүй хүний амь эрсэдсэн нөхцөл байдалд амьдарч байна.

-Саяхан гарсан галын улмаас 7 хүн амь насаа алдлаа. Орц гарц маш хүндрэлтэй байснаас гадна 8 минутын өмнө ирсэн бол хүний амь аврах боломж байлаа гэх харамсалтай зүйл яригдсан?

-Бид стандартыг мөрдүүлэхээс гадна Онцгой байдлын хуульд яаралтай анхаарал хандуулах ёстой. Аливаа дуудлага хүлээж авах шууд сүлжээ нь нэг серверт хэрнээ галын дуудлага бол зөвхөн гал унтраах анги л явдаг. Зүй нь бол галын дуудлагад онцгой, цагдаа, түргэн гурав гурвуулаа очдог байх ёстой. Яагаад гэхээр тэр гал санаатай юмуу, хүн угаартах эрсдэл, галын аюул гээд манайхаас бусад бүх оронд цуг явдаг. Саяын Хан-уул дүүрэгт гарсан гал дээр түргэн онцгойтойгоо цуг очсон бол олон асуудлыг газар дээр нь шийдээд олон хүний амийг аварч болох байсан байж магадгүй.

Одоо өнөөдөр ингээд зуд болж байна. Харамсалтай байна. Тэнд олон хүний хөрөнгө үргүйдэж байна. Гэхдээ тэрний төлөө Засгийн газрын тусгай сангаас мөнгө гаргаад өвс тэжээл шатахууныг нь явуулж байгаа. Зарим нэг дарга нар нь тойроод юм тарааж байна. Махыг нь худалдаж авч байна.

Гэтэл саяын гал түймэрт хэчнээн хүн амиа алдав, Дарханы зам дээр хэдэн хүн нас барав, энэ өвөл хэчнээн хүн хөлдөж, угаартаж үхэж байна. Энэ дээр төдийлөн анхаарал хандуулахгүй байна гэж харж байгаа. ХҮНИЙХЭЭ АСУУДАЛ ДЭЭР...

МАЛ нь Үндсэн хуулиар хамгаалагдсан. ХҮН нь Үндсэн хуулиар хамгаалагдаагүй юм байна л гэж харагдаад байгаа юм. Энэ дээр мөнгөө ч зардаггүй, алдаанаасаа сургамж аваад сайжруулж өөрчилье ч гэдэггүй. Ерөөсөө л ингээд болоод л байж байх ёстой юм шиг л байдаг. Ийм байж болохгүй. ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМИА АЛДСАН ЗАЛУУГИЙН ӨМНӨӨС ХАРАМСАЖ БАЙНА. АР ГЭРТ НЬ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

-Одоо тэгэхээр энэ байдлаас гарах гарцыг та юу гэж харж байна вэ?

-Бусад оронд барилгын хуулиараа эхлээд дэд бүтэц, тохижилтын ажлыг нь 100 хувь хийж дууссаны дараа барилгуудыг нь бариулдаг. Тэгэхээр дууссаных нь дараа тохижилт нь ямар юм болох бол гэж санаа зовохгүй, сургууль цэцэрлэг, орц гарц, машины зогсоол нь яах бол гэж санаа зовох юм байхгүй болно. Нээх гоё зураг үзэж орчхоод гэв гэнэт сюрприз болоод шокнд орох биш орохоосоо өмнө мэдэж сонголтоо хийдэг болно. Ингэснээр эргээд гарах олон эрсдэл буурна. Манайд бол одоо бүх зүйл эсрэгээрээ. Нэг гоё зураг үзүүлдэг баахан байшин барьсны дараа сул талбай дээрээ зориулалтаа өөрчлөөд л жаахан юм хийдэг.

Жишээ нь нөгөө л нэг Алтай хотхоны асуудал байна. Би тэнд чинь жагсаал хийсэн шалтгаан нь юу гэхээр анх шал өөр төлөвлөлт байсан байхгүй юу. Гэтэл тэнд ногоон байгууламж гэж огт байхгүй, 4-5 хан хувьд л хүүхдийн талбай байна. Анх бол төлөвлөлт нь 30 хувьтай л байсан. Одоо бол хашаагаа дүүргээд л орон сууц барьчихсан. Осол гамшгийн үед гал унтраах машин явах ямар ч боломж байхгүй. Арай гэж л жижиг тэрэг явдаг. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй ийм л нөхцөл байдалд байна. Оршин суугч нь 16 мянга давчихсан шүү дээ.

Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна
Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.