Тойргийг томсгон аймгуудыг нэгтгэж сонгууль явуулах хувилбарыг агуулсан галт тэрэг бараг сүүлийн зогсоолдоо хүрч байна. Намын дарга нар санамж бичиг байгуулж, өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар бүсчилсэн хувилбараа гарган 100 хувийн саналаар дэмжсэн. Өөрөөр хэлбэл, тогтоолын төслийг өнөөдөр, удлаа гэхэд маргаашийн чуулганаар батлах нь гарцаагүй.
Гэвч яг энэ цаг мөчид шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд дөнгөж одоо л ах нарынхаа тоглолтыг ойлгож эхэлсэн бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн хоёр хоногт 2020 онд шинэ сонгогдсон гишүүд тойргийг томруулах асуудлыг эсэргүүцэх, энэ хувилбарыг явуулахгүй байх зорилготой фракц маягийг зүйл зохион байгуулж эхэлсэн гэнэ. Даанч тэд нэгдүгээрт, дэндүү хожимдож өөрсдөдөө ашиггүй гэдгээ ойлгосон, хоёрдугаарт зоригтой шийдэл гаргаж чадалгүй дэмий шахуу нэг нэгнийхээ өрөөгөөр хоёр хоног эргэлдэхээс хэтэрсэнгүй.
Энэ янзаараа шинэ гишүүд тойргийг томруулах асуудал дээр өөрсдийн хүссэн үр дүндээ хүрэх нь бараг л боломжгүй зүйл болж хувирч байна. Учир нь галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн билээ.
Анх сонгогдсон гишүүдэд тойргийг томруулах нь ямар ч ашиггүй. Ялангуяа орон нутгаас сонгогдсон шинэ гишүүдэд хамгийн муу хувилбар мөн үү, гэвэл мөн. Өнгөрсөн хугацаанд улсын байтугай аймгийнхаа хэмжээнд бүрэн танигдсан улстөрч гэж шинэ гишүүд дунд цөөн. Арай гэж аймагтаа танигдах хэмжээнд хүрэхийн даваан дээр бүх боломжийг нь ах нар шороотой хутгачихлаа. 3-4 аймгийг нэгтгэсэн том тойрогт шинэ гишүүд сонгогдоно гэдэг үнэхээр хүнд даваа байх болно. Ядрахад яр яр гэгчээр өнгөрсөн дөрвөн жил ихээхэн онцлогтой болж өнгөрсөн. Эхний хоёр жил нь ковид гарч тойрогтоо огт ажиллаж, иргэдтэйгээ уулзаж ч чадаагүй. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд л тойргоороо тойрч, иргэддээ өөрийгөө таниулах ажлыг хийцгээж буй.
Ялангуяа тойрог томрох хэрээр сонгуулийн гол өрсөлдөөн нам дотроо явдаг. Намын нэр хүнд нь улсын хэмжээнд шалаар нэг байгаа зэрэг нь шинэ гишүүдийн эрсдэлийг улам бүр нэмэх болно. Тиймээс л тэд дорвитой үйлдэл хийж чадахгүй ч гэсэн өнгөрсөн хоёр хоногт бие биеийнхээ өрөөнд хэсэг бусгаараа цуглаж, тойргийг томруулахыг эсэргүүцэж, дарга нартаа хэлэх талаар ярилцаад яваа хэрэг.
Дээр нь аймгийн Засаг дарга нарын фракцид энэ том тойрог үнэхээр таалагдахгүй байгаа. Ингээд гомдогсдын арми машин, машинаараа нэмэгдэж байна. Гэвч ах нар зурсан зургийнхаа дагуу хүссэн тоглолтоо нүд цавчилгүй хийсээр байгаа юм.
Товчхондоо, шинэ гишүүд нэгдүгээрт үнэхээр мэдрэмжгүй байна. Хоёрт, асуудалд үнэлэлт дүгнэлт өгч ашигтай, ашиггүй байдлыг дүгнэж цэгнэхдээ тун маруухан байна. Гуравт, ямар ч хурд алга. Уг нь энэ асуудал яригдаж эхлээд гурван долоо хоног өнгөрч байгаа. Одоо тэдний сүүлийн дайралт жагсаалт байх нь гарцаагүй. Харамсалтай нь жагсаалт ч гэсэн гишүүн бус цоо шинэ кандидатаар бүрдэхээр тохирчихоод байгаа. Тиймээс шинэ гишүүдийн эцсийн боломж нь нүдээ аниад тойм тойрогтоо очиж өрсөлдөхөөс өөр сонголт үлдсэнгүй.
Харин хотоос сонгогдсон шинэ гишүүдийн хувьд тойрог нь нэг их өөрчлөлт ороогүй тул асуудалд бусад бухимдах нь бага байгаа бололтой.