Нүүрсний сонсголын хоёр дахь шатны эхний өдөр өндөрлөлөө. Энэ өдөр “С” зөвшөөрөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гааль хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой асуудлын талаар сонссон юм.
Сонсголын эхэнд, 40 их наядын “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-н талаар шүгэл үлээсэн гэгддэг УИХ-ын Т.Доржханд, 440 их наядын хулгай ярьсан “Босоо” буюу С.Ганбаатарыг гэрчээр асуухаар болов.
Улмаар дээрх хоёр гишүүн 40 болон 440 их наядын асуудлыг нотолж чадаагүй тул Түр хорооны даргаас “зэмлэл” хүртэж, микрофоноо хаалгасан.
Өнөөдрийн онцлох асуудлын тухайд, 5.2 сая тонн нүүрс Монгол Улсын хилээр гаалийн бүртгэлгүй нэвтэрсэн явдал байв. Үүний 1.1 сая тонныг тээвэрлэсэн нь эзнийг тогтоох боломжгүй шинжээчийн дүгнэлт олныг гайхшрууллаа.
“Энд тав орчим тэрбум ам.долларын нүүрсний асуудал яригдана. Хил гаалиар бүртгэлгүй гарсан гэж бүртгэгдсэн нүүрсийг компаниар нь мөн тухайн тээврийн хэрэгсэл, жолоочоор нь гаргасан” гэдгийг Түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон.
Тэгвэл дээрх 5.2 сая тонн бүртгэлгүй нүүрсийг гаргасан ААН-үүдийн улстөрийн хамаарал ил болсон. Тухайлбал,
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адьяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын хамаарал бүхий компаниуд байсан юм.
А.Адьяасүрэн гишүүний тухайд, анх нүүрсний хэрэгт холбогдсон 17 гишүүний нэг. Тэрбээр "Анх зарлагдсан гишүүдээс Д.Бат-Эрдэнэ бид хоёр л үлдэж, дээрээс нь Ш.Адьшаа гишүүн нэмэгдсэн. 2016, 2020 онд МАН бүх шатанд засагласан. Та нарын шийдвэрээр л явсан шүү дээ. Сөрөг хүчний хэдэн гишүүдийг дуудчихаад, улстөрийн зорилгоор харлуулаад байгааг ойлгохгүй байна" гэсэн бол Ш.Адьшаа гишүүн "Өглөө ирсэн чинь 10 компанитай болсон байна. Нүүрс, уул уурхайн асуудалд холбогдвол Монголын ард түмнийг харах нүүргүй гэдгээ хариуцлагатай хэлье" хэмээж, өөрийгөө гэм буруугүйд тооцсон юм.
Мөн өнөөдрийн онцлох “гол дүр” бол Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа болон түүний эхнэр Ц.Амгалан нар байв. Эхнэр Ц.Амгалангийнх нь хамаарал бүхий компани нийтдээ 4000 удаагийн үйлдлээр нэг сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй тээвэрлэсэн нь ил болов.
Үүнийгээ тайлбарлахдаа “Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Манай компани цар тахлын үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн. PCR шинжилгээний мэдээллээр жолоочдын датаг гаргаж болно. Шинжээчдийн датанд манайх тусалж болно оо” хэмээн өөрийгөө өмгөөлөв.
Маргааш хоёр дахь шатны сонсгол үргэлжилнэ.