Ардчилсан нам намын дэргэдэх бүтцийн байгууллагуудынхаа шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж, дарга тэргүүлэгч нараа сонгож буй. Хамгийн сүүлд л гэхэд Нийслэлийн АН болоод эмэгтэйчүүдийн холбоо шинэ даргатай болсон. Харин тун удахгүй Ардчилсан залуучуудын холбоо зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Залуучуудын холбооны удирдлагаа сонгох энэ удаагийн сонголт тун чухал. Учир нь Ардчилсан намд хэрэгтэй байгаа шинэ залуу үеийг гаргаж ирэх ажил эндээс эхлэх учиртай. Тус сонгуульд Л.Ганхөлөг, М.Амгаланбаатар, Б.Ган-очир, Б.Батзаяа гэх дөрвөн залуу нэр дэвшихээ илэрхийлсэн байсан боловч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авахтай зэрэгцэн Л.Ганхөлөг нэрээ татсан юм. Түүнийг дэнчингийн мөнгөтэй холбоотой асуудлаар нэрээ татсан гэх мэдээлэл бий. Гэхдээ бусад нэр дэвшигчдээсээ аль нэгийг нь дэмжихээр улс төрийн "тоглолт" хийсэн байж болох талтай.
Нэр дэвшигчид нэгэнт тодорхой болсон тул холбооны дараагийн Ерөнхийлөгчид өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг талаар товчхон өгүүлье.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын залуучууд дундаа 40 дөхөж яваа төлөөллийн нэг болох Б.Ган-Очир нэр дэвшиж буй. Н.Алтанхуяг сайдын үед ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан түүний хувьд нам дотроо дарга, Генсекээс бусад алба хашсан хашир хууччуулын нэг. Харин энэ удаад Ардчилсан Залуучуудын холбоонд хүч үзэхээр шийдэж. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газарт байснаас хойшхи түүний улс төрийн замналд нэлээн тогтворгүй гэх дүгнэлтийг үлдээж болно. Л.Гантөмөртэй, Н.Алтанхуягтай бүр сүүлдээ Женкотой нэгдсэн. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Женко талд идэвхтэй дуу хоолой болж ирсэн. Тиймдээ ч Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид түүнийг МоАХ талаас буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс зүтгүүлж буй бөгөөд ирэх дэмжлэг нь ч тэр чигээс байна гэдгийг намынхан нь ярьж байна.
Гэвч сар хүрэхгүй хугацааны өмнө Нийслэлийн АН МоАХ талд очсон. Үргэлжлүүлээд Б.Ган-Очирт АЗХ-г өгвөл намын хамгийн чухал хоёр бүтэц дээр нь Х.Баттулгын талын хүмүүс засаглах нөхцөл байдал үүсч буй юм. Энэ утгаараа Б.Ган-очир гэхээсээ илүүтэй түүний цаана байгаа Х.Баттулгыг сонгох уу аль эсвэл өөр бүлэг фракцаас зүтгүүлж буй нэр дэвшигчдээс сонгох уу гэх сонголтын өмнө АН-ынхан тулж ирээд байна.
Удаах нэр дэвшигч бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх Б.Батзаяа. Түүний хувьд цэвэр бизнесийн салбараас улс төр рүү хөрвөж буй 90-ээд оны төлөөлөл. Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон нийтийн зүгээс АН-аас нэхэж ирсэн залуу боловсон хүчнээр "цус сэлбэх" шинэчлэлийн бодлогыг хүчтэй ярьж буй нэгэн. Ингэхдээ ардчиллын өөрчлөлт шинэчлэлийг 1990 оны хувьсгалаар төв талбай дээр хийж байсан бол өнөө цагийн ардчиллын хувьсгалыг шинэ залуу үеийнхээ тархинд хийх ёстой хэмээх байр суурийг илэрхийлсээр байгаа. АЗХ-ны зүгээс шинэ хүн холбоог төлөөлөх хэрэгтэй гэх агуулгыг ч хөндөж буй гэнэ.
Нэр дэвшихээ илэрхийлсэн гурав дахь хүн бол “Морьтон” клубын М.Амгаланбаатар. М.Амгаланбаатарын тухайд сүүлийн 8 жилийн хугацаанд АЗХ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан, залуучуудын байгууллагад сүүлийн 10 гаруй жил явж ирсэн. Тэрбээр өнгөрсөн жил АН-ын даргаар Лу.Гантөмөрийг сонгосон ҮБХ-ны хурлын үеэр залуучууд талдаа идэвхтэй оролцсон гэдэг утгаараа намын даргын зүгээс дэмжлэгтэй оролцож байгаа гэх мэдээлэл бий. Намын даргын дэмжлэг түүнд давуу тал болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ АН дотооддоо олон бүлэг фракцаас хамаардаг учраас тэдний дэмжлэгийг ч авах шаардлагатай.
Нэр дэвшигчдийн энэхүү "зураглалаас" харахад, АН АЗХ-гоо шинэ залуу хүчээр удирдуулах уу аль эсвэл дотоод асуудлаа мэддэг, туршлагатай нэгнийг сонгох уу гэдэг сонголтыг хийх нь ээ.