Сүүлийн өдрүүдэд “Ланд 100” ТТБ-ынхан аялж явахдаа хадан дээр тод хар өнгийн фломастераар бичсэн нь олон нийтийн сүлжээнд тарж, хүмүүсийг багагүй бухимдуулаад байгаа билээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Цэнхэрийн агуйн хадан дээр “Land Cruiser 100 club”, “Алтай таван богдын уртын аялал” гэх мэтээр бичжээ.
Харин тус ТББ-ын тэргүүн Х.Эрдэнэбаяраас хэвлэлийнхэн тодруулахад “Бид үүнийг зориуд хийсэн. Зорилго нь соёлын өвийг хамгаалаасай гэсэндээ, итгэхгүй байж болох л юм. Гэхдээ хүмүүст хадан дээр битгий бичээрэй гэхээр анзаардаггүй шүү дээ. Харин зориуд ингэж акц хийснээр олон хүмүүст хүрсэнд баяртай байна. Бид хадан дээр бичингүүтээ л шууд арилгасан. Түүнийгээ баталгаажуулаад бичлэг ч хийчихсэн байгаа. Удахгүй нийгмийн сүлжээгээр цацна” гэх байр суурийг илэрхийлжээ.
Мөн тэрээр “Манай клубынхэн жилийн дөрвөн улиралд 4 сайн үйлс хийдэг. Сайн үйлсийн аяны хүрээнд "Хогондоо" аялал 3 жил зохион байгуулж Туул голын сав орчмыг цэвэрлэж ирсэн. Нэг удаагийн аянаар гэхэд нэлээн хэдэн ачааны машин дүүрэн л хог гардаг. Энэ үйлдлээрээ бид байгаль орчноо хайрлаж хамгаалхыг уриалсан ирсэн юм” гэжээ.