Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад дэмжлэг үзүүлсэн талаар мэдээлэв.
”COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, хүн ам, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, Техникийн хамтын ажиллагааны “Гамшиг, осол, цар тахлын үед гишүүн орнуудын эмнэлгийн үйлчилгээний болон техникийн чадавхыг бэхжүүлэх” INT0098 бүс хоорондын төслийн хүрээнд зарим гишүүн улсад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламж үзүүлжээ.
Манай улс тус төсөлд хамрагдан, нийт 511.6 сая төгрөгийн үнэ, өртөг бүхий зөөврийн рентген аппарат, “COVID-19” вирусын түргэн илрүүлэх PCR оношлуур, оношилгооны цомог, урвалж, хэрэглэгдэхүүн зэргийг хүлээн авлаа.
Уг дэмжлэг туслалцааг авахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Г.Баттунгалаг, Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон идэвх санаачлагатай ажилласан байна. Эдгээр 42 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, оношилгоо, шинжилгээний урвалж, бодисыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгоход зориулж, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, Ариун цэврийн төв лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хуваарилан өгөх юм.
У.БИЛГҮҮН