Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсчид жагсаал зохион байгуулж, сонсголыг замхруулахаар бэлдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Нүүрстэй хутгалдсан үйлдэл нь ил болохоос үхтлээ айсан нүүрсчид орох, байх газраа олж ядаж байна. Эвгүй гишгэвэл улс төрөөс нэг мөр зайлуулагдаж мэдэх эгзэгтэй цаг үед тэд тулж ирлээ. Нүүрсний түр хорооны жинхэнэ ажил эхэлж гэрчүүдийг дуудахтай зэрэгцэж жагсаал хийх тухай яриа улам хүчтэй яригдаж эхэллээ. Өмнөх жагсаалуудаа бодсон ч энэ бол сайны дохио огт биш. Зохион байгуулагчид гэх үлгэрийн баатрууд нь ч номын дагуу амилаад эхлэв. Үнэнээсээ жагсдаг, жинхэнээсээ асуудлыг шийддэг байсан бол өнгөрсөн хоёр жилд Монгол төр цэвэршиж, авлигачин дарга нар хүртэх ёстойгоо аль эрт хүртчих байсан. Даанч тэгсэнгүй. Хэн нэгний халаас түнтийж, хулгайчид нь арьсаа хамгаалж үлдэхээс хэтрээгүй.

Энэ цаг үед жагсаалаар мэргэшсэн этгээдүүд өөр хоорондоо чанараараа өрсөлддөг болоод удсан. Үүний тод жишээ бол өнгөрсөн жилийн нүүрсний жагсаал. Жагсаал хэрхэн эхлээд хэрхэн дууссаныг. Дунд нь ямар улс төр өрнөж, хэн хэн жагсаалыг өөрийн тал руу эргүүлэх гэж оролдож байсныг бид мартах учиргүй. Хэрвээ жагсаал боллоо гэхэд энэ удаагийн жагсаалыг ч гэсэн энэ анзаанд завааруулах нь ойлгомжтой. Ер нь сүүлийн жилүүдэд өөрөө өөр рүүгээ жагсаадаг, эсвэл жагсаалын үзүүрийг өөрт хэрэгтэй агуулга руугаа чирдэг дэвшилтэд технологи Монголд нэвтрээд удчихсан. Зарим нь бүр жагсаалаа хулгайд алдаж, модоо барих шахсан гунигт түүх ч бий.

Ялангуяа энэ удаагийн жагсаал гэгч нь нүүрсний сонсголын өмнө болох гэж буйгаараа нэлээд анхаарал татаж байна. Тиймээс иргэн та үнэхээр нүүрсний хулгайтай холбогдсон этгээдийн нэрс, үйлдлийг эрүүл ухаанаар харж өөрсдөө үнэлэлт дүгнэлтээ хийх үү, үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй. Учир энэ удаагийн нүүрсний сонсголыг ямар ч хамаагүй үнээр явуулахгүй гэсэн ашиг сонирхол ордны гадна, дотноос нэгэн зэрэг цухалзаж буй. Тиймээс л эрх баригчид өнгөрсөн хавар нүүрсний сонсголыг шалтаг тоочиж, замруулсан. Энэ удаагийн сонсголыг ч гэсэн аль болох удаашруулах, болж өгвөл зогсоох бодлогыг баримталж байна.

Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэхгүйгээр өмнөх 30 жилийн нийт хулгайчдыг том жижиггүй жигшүүлэх сценар зонхилох шинжтэй байна. Таавчигтай ээжээс эхлээд цаанаа том агуулгатай хиймэл жагсаалуудыг бид багагүй харж, хангалттай хууртсан. Тиймээс элдэв гоёл чимэглэлтэй жагсаал, цуглаанаас холхон байж сонсголоос л жинхэнэ мөн чанарыг нэхэх нь зүйтэй. Хэрвээ ингэж чадахгүй бол түр хорооноос харин хариуцлага нэхэх ёстой. Үнэхээр л нүүрсний хулгайчидтайгаа тэмцэхийг эрх баригчдаас шаардах байсан юм бол яагаад өнгөрсөн зун нүүрсний түр хороо сонсгол байтугай тайлангаа ч тавьж чадахгүй сууж байхад таг дуугүй өнгөрөв. Яагаад заавал одоо. Яагаад нүүрсний сонсголын өмнө гэж ?

Хэдий иргэдийн бухимдал байсан ч өнгөрсөн жилийн дуулиантай жагсаалыг “нүүрсчид” зохион байгуулсан гэдэг. Ерөнхий сайд хүртэл үүнийг хэд хэдэн удаа үгээрээ баталж байх жишээтэй. Жагсаж болно. Цуглаж болно. Гол нь үр дүнтэй байх нь хамгийн чухал. Гэвч ямар ч үр дүнгүйгээр нийгмээ хөөсрүүлж, бухимдуулчихаад ард нь эрх мэдэлтнүүд хождог байж болохгүй. Товчхондоо нүүрсний сонсголыг замруулж, завхруулах боломжийг бүр өгч болохгүй.

НЭГ ДОРООС: Төрийн өндөрлөг байснаасаа авхуулаад“жараахайнууд“ хүртлээ нүүрсний сонсголд “БАЙЦААГДАНА“
НЭГ ДОРООС: Төрийн өндөрлөг байснаасаа авхуулаад“жараахайнууд“ хүртлээ нүүрсний сонсголд “БАЙЦААГДАНА“
 
ДУЭЛЬ: П.Сайнзориг VS УИХ-ын дарга /УИХ Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: П.Сайнзориг VS УИХ-ын дарга /УИХ Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.