Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Өвлийн идэш“ үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй мах “Хүчит шонхор“-т худалдаалагдаж буй махнаас ҮНЭТЭЙ байна. Энэ нь өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 58 секунд

Хүйтний эрч чангарч айл бүр өвлийн бэлтгэлээ базааж буй энэ цагт "Өвлийн идэш 2023" үзэсгэлэн худалдаа нийслэлийн 10 байршилд үргэлжилж байна. Энэ сарын 27-ноос эхлэн арванхоёрдугаар сарын 3-ныг дуустал үргэлжлэх аж.

Тус үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын махыг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой юм.

UBN.mn сайт Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлаж буй махны үзэсгэлэн худалдаагаар очиж махны үнэ ямар байгааг сурвалжиллаа.

"Малчдын зарж буй мах "Хүчит шонхор" худалдаалагдаж байгаа махнаас ч үнэтэй байна"

Төв цэнгэлдэхийн баруун талд 10 гаруй ачааны машин эгнэн зогсож хүний хөлд дарагдсан харагдлаа. "Өвлийн идэш -2023" үзэсгэлэн худалдаанд дан ганц мах бус аарц, чацаргана, айраг, цагаан идээг малчдаас шууд хэрэглэгчдийн гарт дамжуулж байгаа аж.

Бид үргэлжлүүлэн Сүхбаатарын Эрдэнэцагаан сумаас ирж мах худалдаалж буй малчнаас үнийн талаар мэдээлэл авлаа.

Худалдаа эрхлэгч Д.Баасандэмбэрэл: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас ирж "Өвлийн идэш 2023" үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Хонины мах 7500 төгрөг. Ямааны махыг 5500-5600 төгрөгийн хооронд борлуулж байна. Саяхан ирж зогсоод 2 гулууз хонины мах зарлаа. Нэг гулууз мах ойролцоогоор 110 мянган төгрөгөөс 200 мянган төгрөг болж байна" гэв.

Худалдан авагч Б: "Үзэсгэлэн худалдаанд борлуулж байгаа мах маш үнэтэй байна. Хүчит шонхор захад үхрийн мах 9 мянган төгрөг байсан бол энд 9800 төгрөг гэж байна. Арай л үнэтэй байна" гэв.

"Өвлийн идэш 2023" үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна

Худалдаа эрхлэгч Б.Эрдэнэчимэг: Би жил бүр энэхүү үзэсгэлэн худалдаанд Завхан аймгаас ирж оролцдог. Энэ жил аньс, аарц ааруул, ээзгий, долоогоно гэх мэт бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Ойрын жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар их муу байгаа шүү дээ. Үнийн хувьд өнгөрсөн жилээс өөрчлөгдсөн зүйлгүй байхгүй. Нэрс, үхрийн нүд 1 кг нь 20 мянган төгрөг, хайлмаг, өрөм 10 мянгаас 13 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна" гэв.

Худалдаа эрхлэгч: "Манай зарж буй үхрийн мах Дорноговийн Иххэтээс ирсэн. 9500-9800 төгрөгийн хооронд худалдаалж байна. Нэг үхрийн өрөөл мах ойролцоогоор 400 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг болж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар сайн байна" гэв.

Худалдан авагч: Захаас илүү үнэтэй байна шүү дээ. Хамгийн хямдхан нь 9800 төгрөг гэж байна. Ингэж авч байхаар Эмээлт рүү гараад хямд мах авсан нь дээр шүү дээ. Зүгээр л бид нарт захыг ойртуулж өгснөөс ялгаа алга" гэв.

Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдааны 10 байршлыг танилцуулж байна

-Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг

-Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар

-Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий

-Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,

-Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,

-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг

-Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь

Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг

Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр

Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн – Бүх аймаг

Өвлийн идэш- 2023 үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж буй мах иргэдийн гарт шууд хүрч байгаа учраас үнийн хувьд хямд байгаа гэж таамагласан ч санаснаас өндөр үнэтэй байгааг иргэд дурдлаа. Харин малчдын зүгээс орон нутагт өвөлжилт хүндэрч байгаа тул махны үнэ 1000-1200 төгрөгөөр нэмэгдсэн гэлээ.

Ц.Нямсүрэн: Тулгуур эрхтний бэрхшээлтэй 300 гаруй иргэнд биеийн хэмжээнд нь тохирсон тэргэнцрийг хүлээлгэн өгнө
Ц.Нямсүрэн: Тулгуур эрхтний бэрхшээлтэй 300 гаруй иргэнд биеийн хэмжээнд нь тохирсон тэргэнцрийг хүлээлгэн өгнө
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.