Шинэ оны босгон дээр нийслэлийн “Хүнрү” ресторанд Монголын анхны робот зөөгч үйлчилж эхэллээ.
Нийслэл хотын баруун 4 замд орших тус ресторанд ороход робот үйлчлэгч тосож, “Сайн байна уу?” хэмээн мэндлэн угтана. Ингээд зогсохгүй, захиалсан хоол ундыг авчрахдаа “Сайхан хооллоорой” гэж найр тавина. Хооллосны дараа мөн “Баяртай” хэмээн эелдгээр үднэ.
Зөөгч робот нь тусгайлан зассан мэдрэгчтэй замаар явж гурван үйлдлээр зочдын хоолыг хүргэдэг байна. Эхлээд гал тогооноос гарсан хоолыг зөөгч роботын тавиур дээр тавьж, хэд дэх ширээнд хүргэж өгөхийг тохируулна. Хоёрт, робот хоол захиалсан ширээний дэргэд очоод “Сайн байна уу. “Хүнрү” рестораныг сонгосонд баярлалаа. Сайхан хооллоорой” гэж хэлнэ.
Эцэст нь, үйлчлүүлэгч нар роботын тавиураас хоолоо өөрсдөө авч, буцахад нь хог хаягдал байвал оронд нь тавиад явуулна. Роботын аваачиж өгсөн хоолыг үйлчлүүлэгчид өөрсдөө авч ширээн дээрээ тавина. Зочдыг хоолоо бүрэн авч ширээн дээрээ тавьсны дараа зөөгч робот буцаж байрандаа ирдэг аж.
Өөр дээрээ таван камертай учраас хүн дөхөж ирэх эсвэл саадтай тулбал автоматаар зогсдог байна. Техник технологийн хөгжил хүчээ авч буй өнөөгийн эрин зуунд хүмүүсийн ихэнх үйлдлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөнгөвчилсөөр байгаа. Улмаар техник, технологийн “ач”-аар ирээдүйд ихэнх мэргэжлүүд устана гэсэн таамаглал гарсаар байна.
"Хүнрү" рестораны менежер хэлэхдээ, "Манай ресторанд хүүхэд залуус ирэх дуртай. Бид робот зөөгчөөр хоол хүргүүлсний хариуд ямар нэгэн нэмэлт хөлс авдаггүй” гэв. Мөн зочид робот зөөгчтэй зургаа авахуулах боломжтой аж. Роботыг БНХАУ-ын үйлдвэртэй нь гэрээлж, 8 сая төгрөгөөр авчээ. “Хүнрү” ресторан нь 70 хүний суудалтай 10-15 ширээтэй тул зөөгч нэг робот байхад хангалттай гэнэ.
Эднийх Монголд робот технологийн шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн анхны газар болж байна. Зөөгч робот хурдан, удаан гэсэн хоёр горимоор ажилладаг. “Хүнрү” hot pot рестораны хувьд, ихэвчлэн шөлтэй хоол гаргадаг учраас асгах, цалгихаас болгоомжилж зөөгч роботыг удаан горимоор ажиллуулдаг онцлогтой аж.