Манай улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид гаднын улс оронд ажиллаж, амьдарч өөрсдийн уран бүтээлээ туурвих нь элбэг болсон. Учир нь манай улс мэргэжлийн урлагийн салбарт төдийлөн ач холбогдол өгдөггүйн дээр уран бүтээлчдэд бүтээлээ туурвих орон зай хомс. Гэхдээ Монгол хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан ч эцсийн хүсэл зорилго нь Монгол эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд сурталчлан таниулах хүсэлтэй байдаг. Тийм ч учраас энэхүү хүсэл зорилгыг өвөртлөн эх орныхоо нэрийг олон улсад цуурайтуулан, амжилттай яваа Төгөлдөр хуурч У.Анутай ярилцлаа.
-Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Уранчимэгийн Ану гэдэг. Би АНУ-ын Нью Иорк хотод ажиллаж амьдардаг, мэргэжлийн төгөлдөр хуурч хүн байна.
-Хэзээ АНУ-г зорьсон юм бэ. Яагаад гаднын орныг зорьж, мэргэжлээрээ ажиллах сонголтыг хийв?
-Би 2013 онд АНУ-д улсад суралцахаар ирсэн. Тэр цагаас хойш энд ирээд нэлээд хэдэн их сургуулийг Бакалавр, Магистр, Докторын өмнөх зэргүүдээр хамгаалаад одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Би бага байхын л их сургуулийн боловсролыг АНУ-д эзэмшихийг бодож, мөрөөддөг байсан.
Учир нь Америк улс сонгодог хөгжмөөрөө дэлхийг тэргүүлдэг бөгөөд хамаг л нэр хүндтэй урлагийн байгууллага, театр, сургуулиуд энд байдаг. Тиймээс миний хүсэл, сонирхол намайг чиглүүлсэн гэж хэлж болох юм. Харин энд суралцахаасаа өмнө буюу 2010 онд АНУ-ын Сан Франциско хотод төгөлдөр хуурын уралдаанд оролцохоор ирж байсан. Яг тэр мөчөөс эхлээд "Би үнэхээр л АНУ-д суралцах хэрэгтэй юм байна" гэж шийдэж, өөртөө зорилго тависан. Тэгээд л 3 жилийн дараа гэхэд зорилгоо биелүүлээд Нью Иорк хотод нүүж ирсэн.
-Одоогоор АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
-Би одоо өөрийнхөө төгссөн сургууль болох Нью Иоркийн их сургуулийн /New York University/ хөгжмийн тэнхимд концертмэйстр багшаар ажилладаг. Мөн давхар Манхаттэнд байрлах хөгжмийн сургуульд төгөлдөр хуурын багш болон уран бүтээлийн захирлаар ажиллаж байна. Түүнээс гадна уран бүтээлчээрээ бие даан ажиллаж, олон тоглолтыг төлөвлөж тоглодог.
-Төгөлдөр хуурыг хэзээнээс эхлэн суралцав. Хаан хуур гэх энэ хөгжмийг сонгох болсон шалтгаанаа бас түүхээсээ хуваалцаач?
-Төгөлдөр хуурын мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь миний ээж болон эгчтэй их холбоотой. Ээж маань дуурийн дуучин хүн байсан. Эгч маань надтай адилхан төгөлдөр хуурч. Намайг 4 настай байхад эгч маань хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид элсэн орж байсан юм. Тэр мөчөөс эхлээд эгч маань гэртээ төгөлдөр хууртай болж, гэртээ хөгжмөө давтдаг болсон. Тэгээд л төгөлдөр хуур гэх хөгжим миний сонирхлыг татаж, эгчтэйгээ хамт суралцах юмсан гэх мөрөөдөлтэй болж эхэлсэн. Заримдаа эгчээсээ нууцаар хэд хэдэн нот дараад өнгөрдөг байлаа. Гэтэл үүнийг маань ээж минь анзаарч, миний сонирхлыг ч мэдээд жилийн дараа намайг Хөгжим бүжгийн коллежийн элсэлтэд бэлдэж эхэлсэн юм. Тэгээд Хөгжим Бүжгийн Коллежид шалгалтаа өгтөл хийл болон төгөлдөр хуурын ангид тэнцсэн. Хэдий энэ хоёр хөгжмийн аль аль нь надад сонирхолтой санагдаж байсан ч миний хүсэл тэмүүлэл зөвхөн төгөлдөр хуур байсан учраас энэ мэргэжлээр элсэн орсон.
-Манай улсын чадварлаг авьяастнуудын нэг гэж бодож байна. Яг тан шиг мэргэжлийн уран бүтээлчдэд уран бүтээлээ хийх, цаашид өсөж хөгжих боломж нь манай улсад ямар байдаг вэ. Энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцаач?
-Үнэнийг хэлэхэд мэргэжлийн хөгжимчид, дуучид Монгол Улсдаа мэргэжлээрээ хангалттай ажиллаж, уран бүтээлээ гаргахад ч гэсэн боломж бага юм шиг санагдсан. Манай Монголын хөгжимчид их авьяас, чадвартай. Харамсалтай нь сургуулиа төгсөөд багшилж болох газар нь зөвхөн Монголын Консерватори болон СУИС, эсвэл Улсын Филармони мөн Дуурийн Оркестр л байдаг. Хэдий эдгээр мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллаж болох ч цалин хөлсний асуудлаас эхлээд хэд хэдэн сул тал бий.
Мөн бие даасан тоглолтоо хийхийг хүсвэл зөвхөн Улсын Филармонийн заал эсвэл Дуурийн театрт л хийх боломжтой. Гэвч Улсын Филармонийн заал суудал багатайн дээр дуугаралтын хувьд ч тааруу. Энэ мэтчилэн хэд хэдэн асуудал уран бүтээлчдийн өмнө тулгардаг гэж боддог. Тиймээс л чадвартай хөгжимчид маань гаднын орны театруудад ажиллахаар эсвэл гаднын сургуулиудад багшлахаар явах нь элбэг болсон байх.
-Таны уран бүтээлийн олз омог арвин байна уу. Удахгүй АНУ-ын муж хотуудаар аялан тоглолтоо хийх гэж байгаа юм байна шүү дээ?
-12-р сард Нью Иорк хотод Опера Америка театрт Хятад улсын дуурийн дуучин, сопрано Мингян Матай хамтарч тоглолт хийхээр төлөвлөсөн. Түүнээс гадна Даллас хотод зохиогдож байгаа Сонатина Фестивалийн төгөлдөр хуурын уралдаанд шүүгчээр уригдан ажиллана. Бас 12-р сарын дундуур сурагчдынхаа тайлан тоглолтод бэлдэж байгаа тул их завгүй ажиллаж байна даа.
Мөн ирэх оны 1-р сараас эхлээд өөрийн бие даасан тоглолтууд руугаа шамдаж орох төлөвлөгөө гаргасан. Монгол хөгжмийн зохиолчдын зохиолуудаас бүрдсэн цуврал аялан тоглолтыг АНУ-ын муж болон хотуудаар тоглохоор шийдээд, бэлтгэл ажилдаа ороод явж байна. АНУ-д ажиллаж амьдарч буй Монголчууд маань таатай хүлээж авна гэж найдаж байгаа.
-Гадаадын оронд ажиллаж амьдарч буй бүх Монголчууд эх орноо сурталчлах зорилготой байдаг. Танд ч бас энэ зорилго бий юм байна?
-Тийм шүү. Яг л бусад Монгол уран бүтээлчдийнхээ адил, Монгол Улсынхаа нэрийг гаднын оронд таниулж, энд тэндхийн том тоглолт фестивалиудад Монгол төгөлдөр хуурч гэж овоглож явах дуртай. Энэ хүслийнхээ багахан хэсгийг ч гэсэн биелүүлэх зорилгоор Монгол зохиолчдын зохиолоос бүрдсэн аялан тоглолтыг бэлдээд явж байгаа.
Бас Монгол зохиолчдын зохиолуудыг би сурагчдадаа ч гэсэн хааяа зааж өгч, шавь нараараа тоглуулдаг. Энэ ч мөн миний эх орныхоо нэрийг тэр дундаа Монголын авьяаслаг хөгжмийн зохиолчдынхоо уран бүтээлийг сурталчлан таниулж буй хэрэг гэж боддог.
-Аялан тоглолтын хуваарь бас ямар ямар мужуудаар тоглолтоо хийх вэ?
-Ирэх 1-р сард өөрийн амьдарч буй Нью Иорк хотооc тоглолтоо эхэлнэ. Түүний дараа Вашингтон хотод тоглох төлөвлөгөөтэй байна. Харин 2-р сард баруун мужууд болох Калифорниа мужийн Сан Франциско, Лос Анжелес, Ютах мужийн Солт Лэйк Сити, 3-р сард Колорада мужийн Дэнвэр хот, 4-р сард Техас мужийн Аустин, Хюстон, Даллас гэх мэт хотуудаар аялан тоглолтоо хийнэ. Харин бусад тоглолтуудаа ирэх зун үргэлжлүүлж хийхээр төлөвлөж байна.
-Нутагтаа ирж уран бүтээл хийх, цаашлаад өөрийн эзэмшсэн мэргэжлээ хүүхэд багачуудад сурталчлан таниулах хүсэл бий юу?
-Хамгийн сүүлд 2018 онд Монгол Улсын Филармонийн оркестр болон удирдаач н.Батбаатартай хамтарч Бетховений 3-р төгөлдөр хуурын концертийг тоголсон. Ирэх жилийн зун, намраас Монголдоо хэд хэдэн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Би Монголдоо уран бүтээлийн тоглолт хийх их дуртай. Монгол Улсад сонгодог хөгжмөөр суралцдаг хүүхэд багачууд, оюутан сурагчдад тусалж, ялангуяа хөгжмийн мэргэжлээр АНУ-ын их сургуулиудад Бакалавр, Магистрт суралцах хүсэлтэй сурагчдад туслах зорилгоор "Virtuoso Agency" гэх агентлагийг байгуулсан. Манай агентлаг оюутан сурагчдад хэрхэн АНУ-ын их сургуулиудад хөгжмийн ангид элсэн орох, хэрхэн элсэлтийн шалгаруулалт аудишнд бэлдэх, хэрхэн тэтгэлэг авах гэх мэтчилэн бүх мэдээллийг өгч тусалдаг. Энэ ажлаа ч мөн цаашид үргэлжлүүлнэ гэсэн зорилготой байна.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Цаашдаа уран бүтээлээ их туурвих хүсэлтэй байгаа. Бүтэн цагаар багшилдаг болохоор цаг зав гаргаж, уран бүтээл, тоглолтдоо бэлдэнэ гэдэг их хэцүү байдаг. Мөн ойрын жилүүдэд багтаан эх орондоо урьд өмнө тоглогдож байгаагүй сонин, содон өвөрмөц хэв маяг бүхий тоглолтыг зохион байгуулахыг хүсэж байна.
-Магадгүй төгөлдөр хуураар хичээллэх гэж буй хүүхэд багачуудад маш чухал зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сонгодог хөгжмөөр, сонгодог төрлөөр суралцах нь маш чухал ч гэлээ, хажуугаар нь заавал өөр төрлөөр, орчин үеийн стилээр ч юм уу эсвэл жазз стиллээр биеэ дааж, багшийнхаа өгснөөс өөр зүйлүүдийг бие дааж суралцаарай гэж зөвлөх байна.
-Ярилцсанд баярлалаа.