Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал энэ сарын 14-15-нд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ тухайгаа тэрбээр, "Арабын Нэгдсэн Эмират Улс хиймэл оюун ухаан хариуцсан дижитал сайд Шах Мухаммед Омар 2018 онд цаасгүй төрийг бий болгох зорилт дэвшүүлж, 336 сая цаас хэмнэсэн нь хүнд суртлыг бууруулахад түлхэц өгснийг бахархан ярьж байна. Дүрэм журмын түгжрэлээс гарах 120 хуулийн үзэл санаа зөв болохыг илүү мэдэрлээ.
E-mongolia-д байгаа бүх төрлийн бичгийг цаасаар нэхсээр байгаа зарим төрийн байгууллагуудтай хуулиар л тэмцэж үр дүн гаргах нь олон улсын туршлага аж. Цаасгүй төр, хиймэл оюун ухааны талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах, Арабын нэгдсэн Эмират улсад харилцаа холбооны салбарын мэргэжилтэн бэлтгэх, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах зорилгоор “Mindgolia" экспог хамтран зохион байгуулахаар харилцан тохирлоо. Хоёр яамны хооронд хамтран ажиллах гэрээг албажуулахаар болсон сайн мэдээтэй" хэмээжээ.