УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн шинэ гишүүдийг томиллоо. Тодруулбал, Парламент судлаач, доктор Л.Өлзийсайхан, Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан нарыг УИХ болон Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилуулсан юм. Мөн Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж буй ХЗДХЯ-ны газрын дарга Э.Энхтуяагийн томилгоог ч хийлээ.
2016 онд томилогдсон Д.Одбаяр, 2017 онд томилогдсон Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, 2018 онд томилогдсон Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа тул гурван гишүүнийг хуулийн дагуу нөхөн томилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, зөрчсөн тохиолдолд дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй Үндсэн хуулийн цэц нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэдгээрийн гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Шинэ, залуу гишүүд томилогдсоноор Үндсэн хуулийн цэц доорх бүрэлдэхүүнтэй болж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН:
- Б.Буяндэлгэр
- Г.Туулхүү
- Э.Энхтуяа
УИХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:
- Ш.Солонго
- Г.Баясгалан
- Л.Өлзийсайхан
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:
- Х.Эрдэнэбулган
- Д.Гангабаатар
- О.Мөнхсайхан