Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Н.Отгончимэг нар өнөөдөр (2023.10.16) “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжиллаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж заасны дагуу “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг боловсруулсан байна.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг 10 жил буюу дунд хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 7 зорилго, 13 зорилт, 98 арга хэмжээ, 135 шалгуур үзүүлэлттэй байхаар тусгажээ. Тодруулбал, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийн санал нь дараах 7 зорилгоос бүрдэж байна.
Үүнд:
Зорилго 1.Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлнэ.
Зорилго 2.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ.
Зорилго 3.Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлнэ.
Зорилго 4.Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлнэ.
Зорилго 5.Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Зорилго 6.Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлнэ.
Зорилго 7.Хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ.