Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ууганбаярыг ТНБД-аар томилохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ДЭМЖИХГҮЙ гэж мэдэгджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 22 секунд
Гэрэл зургийг UBN.MN

Хотын дарга Х.Нямбаатар хуучин яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тэргүүтэй газрын дарга нарынхаа тэн хагасыг нийслэл рүү татаад бүтэн сарыг өнгөрүүллээ. Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдрийг хүртэл Төрийн нарийн бичгийн даргагүй явж ирлээ. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол тухай яамны аппараттын хамгийн чухал албан тушаалтан. Сайдаасаа ч дутахгүй үүрэг хариуцлага, ажлын ачаалал төрийн нарийнд оногддог. Ялангуяа хуулийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаал бол эзгүй удаан явуулаад байх эд биш.

Х.Нямбаатарыг хотын даргаар томилогдож, орлогчоороо П.Сайнзоригийг авч ирэх болсон даруйд улс төрийн хүрээнд шинэ ТНБД-аар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг томилох яриа гарсан талаар бид мэдээлж байсан. Гэвч уг томилгоо ор сураггүй болоод дөрвөн долоо хоногтой золгож байна.

Чухам яагаад энэ томилгоо явагдахгүй өнөөдрийг хүрсэн бэ. Яагаад бараг сүүлийн гурван долоо хоногийн турш уг томилгоог Засгийн газар дээр хийж чадахгүй байна вэ гэдэг өөрөө сонирхол татсан сэдэв байх болно. Мэдээж үүний цаана улс төр явж байгаа нь гарцаагүй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинэ сайд ТНБД-аа томилуулахаар хэд хэдэн удаа Засгийн газрын хурал дээр хөндөж, хуулийн салбарын шинэчлэлийг хийхэд хүн хүч хэрэгтэй байгаа хэлсэн хэдий ч амжилтыг эс олжээ. Учир нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Н.Ууганбаярын томилгоог дэмжихгүй байгаа талаар эх сурвалжууд онцоллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хонгийн Засгийн газрын хуралдааны үеэр томилгооны асуудлыг хөндөхөд Д.Амарбаясгалан дарга өмнө нь төрийн албаны ёс зүйд нийцэхгүй асуудалд холбогдож байсан тул ЗГХЭГ-ын даргын хувьд энэ томилгоог явуулж болохгүй гэдэг байр суурьтай байгаагаа ил цагаан илэрхийлжээ. Ёс зүйн асуудал гэдэг нь Н.Ууганбаярын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа Х.Тэмүүжин сайдыг тагнаж, чагнасан гэх асуудалд холбогдож байсан ч дараа нь буруу гэж цагаадаж байсан түүхтэй.

Ийнхүү Н.Ууганбаярын томилгоо Засгийн газрын гол цэгт гацжээ. Чухам өнөөдөр, эсвэл ирэх долоо хоногоос энэ томилгоо явах эсэх нь туйлын эргэлзээтэй нөхцөл байдал руу шилжсэн гэсэн үг. Хэрэг эрхлэх газар чиг үүргийн хүрээндээ Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх асуудлуудыг журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулдаг хуультай. Ерөнхий сайд ч энэ томилгоог зохих хуулийн дагуу ЗГХЭГ-аас оруулж ирэхийг хоёр долоо хоногийн өмнө үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын энэ үг Д.Сумъяабазар, Х.Нямбаатар тэргүүтнийг энэ томилгооныхоо талаар ЗГХЭГ-ын даргатай ойлголц гэсэн далд агуулгатай гэж харж болохоор байгаа юм. Тиймээс Н.Ууганбаярыг томилгоо ерөнхийдөө бүрхэг болж байгаа юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан яагаад Н.Ууганбаярын томилгоо дээр хаалт хийсэн бэ. Мэдээж өнгөрсөн намар ил гарсан Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан тэргүүтэй талуудын нийслэлийн нам дээрх сөргөлдөөнөөс үүдэлтэй гэж хэлж болно. Н.Ууганбаярыг хотын экс даргатай ойрын харилцаатай гэдэг мэдээлэл байдаг. Харин эх сурвалжууд энэ удаагийн түүнийг томилгоог зүтгүүлж буй гол хүн бол Х.Нямбаатар гэх мэдээллийг өгч байгаа юм.

Зөрчил энд хүрээд зогсохгүй. Цаашид ч үргэлжлэх нь ойлгомжтой. Тиймээс улс төрийн нөхцөл байдлаасаа хамаарч Б.Энхбаяр сайд Төрийн нарийн бичгийн даргаараа өөр хүн томилуулах уу. Эсвэл талуудыг ойлголцоно гэж найдаж хүлээх үү...

Г.Лхагвадорж

VISUAL: 2019 онд амиа алдсан цэрэг “Би ямар газар ирчихвээ. Нуугаад яахав үнэхээр шантарч байна“ гэж ярьж байжээ
VISUAL: 2019 онд амиа алдсан цэрэг “Би ямар газар ирчихвээ. Нуугаад яахав үнэхээр шантарч байна“ гэж ярьж байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.