Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL: 2019 онд амиа алдсан цэрэг “Би ямар газар ирчихвээ. Нуугаад яахав үнэхээр шантарч байна“ гэж ярьж байжээ

Ангилал
Нийгэм Visual toim
Огноо
Унших
12 минут 14 секунд

Эх орон яг юунд, хаашаа дууддаг хэрэг вэ. Эрүүл саруул гээд тэнцүүлээд авч явсан залуусынхаа амьгүй болсон цогцсыг нь "Унтаад өглөө сэрсэнгүй" гэдэг мэдээтэйгээр ар гэрт нь тушаах гэж үү. Энх цаг ч гэлээ эх орон дуудаад эргэж ирээгүй залуусын тоо хоёр хоногийн өмнө нэгээр ийн нэмэгдлээ. Харин бид буруутанг хаанаас хайх вэ. Задлан шинжилгээний хариу гараагүй байгаа хэдий ч олон нийт эл хэрэгтэй холбогдуулан цэргийн албаны дүрмийн бус харилцааны талаарх асуудлыг хөндөж байна. Өнгөрсөн хугацаанд цэрэгт дүрмийн бус харилцаанаас үүдэж олон залуус амиа алдаж басхүү хэцүү нэртийн хаалга татсан. Салбарт нь "бугшиж" орхисон энэ асуудалд хариуцлага бас дахин хариуцлага хэрэгтэй байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хугацаат цэргийн алба хаагчийн эрх ашиг зөрчигдсөнтэй холбоотой судалгаа мэдээллийг та бүхэнд нэгтгэн хүргэж байна.

-2023 он гарсаар ЗУРГААН цэрэг "ГЭРТЭЭ ЭРГЭЖ ОЧСОНГҮЙ"-

2019 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд л гэхэд цэргийн албанд татагдсан залуусаас 18 залуу амь насаа алдаж гэртээ эргэж очсонгүй. Он гарсаар амиа алдсан хэргийг сануулахад,

-2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа ... ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа хорлож, нас барсан хэрэг гарав

-2023 оны тавдугаар сарын 12-нд Баян-Өлгий аймгийн Буянт сумаас Хилийн цэргийн 0165 дугаар ангид татагдаж очсон цэрэг нас барав

-2023 оны тавдугаар сарын 20-нд Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид өнгөрсөн оны 10 дугаар сарын цэрэг татлагаар татагдсан 19 настай хүүхэд өөрийгөө боомилон нас барав

-2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр оюутан цэрэг Цэргийн төв эмнэлэгт амьсгал хураав. Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй тус ангийн хашаанаас гарч 6 км-ийн газар кросс гүйлт хийх үед ухаан алдаж эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байгаад амиа алдсан нь энэ юм.

-2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн хилийн цэргийн дугаар ангийн гэрээт цэрэг 22 настай, эрэгтэй “Э” нь галт зэвсгээр өөрийгөө буудсан байж болзошгүй байдалтай амь хохирсон

-2023 оны 11 дүгээр сарын 12-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг гарав.

Энэ мэтчилэн учир битүүлгээр амиа алдсан залуусын ард цэргийн дэглэлттэй холбоотой асуудал бий юу гэх асуудал хөндөгддөг. Тэгвэл ХЭҮК-оос хийсэн судалгаанд дараах нэгэн үр дүн гарчээ.

-468 гэмт хэрэг бүртгэгдсэний 242 нь ЗЭВСЭГТ ХҮЧИНД үйлдэгджээ-

Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэнийг хаана үйлдэгдсэн бэ гэдгээр нь дээрх байдлаар ангилжээ. Тухайлбал, зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байна. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 7 тохиолдлын 3 нь усанд живсэн, 2 нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, 1 нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, 1 нь амиа хорлосон байна. Харин энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирчээ

-ХЭҮК: 5 хугацаат цэргийн алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртөж байна-

Үүнээс улбаалан ХЭҮК-оос цэргийн алба хаасан иргэдийг социологийн судалгаанд хамруулж, үр дүнд нь дараах дүгнэлтийг гаргажээ.

-ЦЭРГҮҮД: Бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, цээжин дээр буу цэнэглэх, унтлагын цагаар босгож гүйлгэдэг-

ХЭҮК 2021 онд цэргийн албан дахь дүрмийн бус харилцааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, илтгэл болгон УИХ-д танилцуулсан байдаг. Ингэхдээ хугацаат цэргийн алба хаасан иргэд болон хааж буй залуусыг хамруулан судалгаа авсан. Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй, ядраах, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн цэргийн дүрмийн бус аливаа үйлдлийн талаар тодруулахад дараах үйлдлүүдийг нэрлэжээ.

Үүнд: унтлагын цагаар босгож гүйлгэх, хөл нүцгэн гаргах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсхүл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, цээжин дээр буу цэнэглэх, буугаар цохих зэргээр дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурджээ.

Энэ мэт дүрмийн бус харилцаанаас шалтгаалан цэргийн алба хаагч өөрийн болоод бусдын амь насанд хүрсэн гэмт хэрэг үйлдэгдсээр байгаа нь нууц биш. Тухайлбал, нэгэн хугацаат цэргийн алба хаагч даргынхаа аминд хүрсэн хэрэгтээ ийн мэдүүлэг өгч байжээ. Мэдүүлгээс хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бусаар харьцаж зоддог, дарамталдаг, дэглэдэг байсан нь тогтоогдсон тул хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй хэмээн үзэж байжээ.

-ШҮҮХИЙН ТАНХИМД БАЙЛДАГЧ: ...Нэг л мэдэхэд хүний аминд хүрсэн байсан-

...Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс “...миний гар урд өдөр нь хавдсан байсан”... харуулын даргад “... даргаа миний гар өвдөөд байна би застав руу буцъя, та заставаас бүлэг дуудаад өг, миний бие болохгүй байна...” гэж хэлсэн. Дарга тэрийг сонсоод уурлаж харуулын байрны том өрөөнд хоёр АКМ маркийн буу ил байдаг байсан тэрийг аваад намайг гал тогооны өрөөнд оруулж зодсон.

Бууны бөгсөөр цээжин тус газар хэд хэдэн удаа цохисон, ташаан толгой руу цохисон. Тэгээд би өвдөөд уйлсан. Хамгийн сүүлд миний идээлсэн гар руу цохисон ... нэг магазин сум өгсөн..... би хоёр бай буудаж үзсэн... айгаад намайг зодох нь гэж бодсон... нэг мэдэхэд хүний аминд хүрсэн байсан...”

-ХЭҮК 2021: Амиа хорлох бодол төрж байсан гэх цэргүүдийн 67.7 хувь нь “нэр төр гутаагдсан” гэж хариулж байжээ-

Дүрмийн бус дэглэлтээс шалтгаалж амиа хорлох бодол тээж байсан талаараа олон цэргийн алба хаагч хэлжээ. Тухайлбал,

-2019 онд амиа алдсан цэрэг "Би ямар газар ирчихвээ. Нуугаад яахав үнэхээр шантарч байна" гэж ярьж байжээ-

2019 онд Хилийн цэргийн ... дугаар ангийн ... дугаар заставт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг гарсан. Хэргийн гэрчийн мэдүүлгээр амиа алдсан цэрэг “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ, нуугаад яахав үнэхээр шантарч байна.” гэж ярьж байсан аж.

(Прокурорын ... дугаар тогтоол)

-Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 19.6 хувь хоолны амт чанарт дундаас доош үнэлгээ өгчээ-

Цэрэгт татагдсан залууст дүрмийн бус харилцаанаас гадна хангалттай хоол унд идэж, эрүүл стандартын шаардлага хангасан орчинд нөхцөлд амьдарч байна уу гэх асуудал.

Тухайлбал, ХЭҮК-ийн тус судалгаанд "Хугацаат цэргийн алба хаагчдын 93.5 хувь нь долоо хоногт 1-2 удаа, цэргийн алба хаасан иргэдийн 73.7 хувь нь 10 хоногт 1 удаа халуун усанд орж байсан гэж хариулжээ.

Аймгийн төвд байрлах зэвсэгт хүчний анги, сумын төвд байрлах хилийн цэргийн ангийн халуун усны газар галлагаатай, хугацаат цэргийн алба хаагчид усанд ороход хүндрэлтэй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд ажиллаж байв. Иймд цэргийн алба хаагчийн дүрэмт хувцасны чанар, хүртээмжийг сайжруулах, зарим цэргийн ангиудын халуун усны газрыг яаралтай засварлах шаардлагатай байна" хэмээн дурджээ.

Түүнчлэн хоол хүнсний амт чанар, хүртээмжийн талаар судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 19.6 хувь дундаас доош гэж үнэлжээ.

-АЮУЛГҮЙ БАЙДАЛ: Өнгөрсөн онд цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан хоёр ч автомашин осолдож, цэргүүд гэмтэв-

Бид цэрэгт татагдсан залуусынхаа аюулгүй байдалд анхаарах хандуулах ёстой байгааг сануулах зам тээврийн ослууд ч өнгөрөгч онд гарав. Тухайлбал,

-2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14.12 цагт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нэгдүгээр багийн нутагт цэрэг ачиж явсан автомашин онхолджээ. Хилийн цэргийн 0303 дугаар ангийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Хэнтий аймгаас татагдсан 17 цэргийг ачиж явсан машин замын хажуу руу онхолдсоноос хоёр хүн гэмтсэн.

-Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн нутагт цэрэг тээвэрлэж явсан машин онхолджээ. Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн Норд Бенз машинаар 39 цэрэг тээвэрлэж явсан бөгөөд ослын улмаас гурван цэрэг гэмтсэн байна.

-ЭРҮҮЛ МЭНД: Цэрэгт мордсон 21 залуу сүрьеэгээр өвчлөв-

Өнгөрөгч онд Ховд аймгийн 123-р цэргийн ангийн 21 цэрэг сүрьеэгээр өвдсөн. Тодруулбал, хугацаат цэргийн албан хаагч нууц үедээ байхдаа цэрэгт татагдан ирээд, мөн оны гуравдугаар сард уушгины сүрьеэ болж идэвхжиж, тухайн ангид анхны тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээллийг албаныхан өгч байв. Түүнчлэн цэргийн албан хаагчид хуаранд бөөгнөрч амьдарч байгаа учраас тухайн цэрэгтэй нэг салаанд байсан хүүхдүүд түлхүү өвдсөн гэж байсан юм.

АНХААР: Онцын шаардлагагүй бол холын тээвэрт явахгүй байхыг АНХААРУУЛЖ байна
АНХААР: Онцын шаардлагагүй бол холын тээвэрт явахгүй байхыг АНХААРУУЛЖ байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.