Монгол Улсад Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү гурав дахь хөтөлбөр нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын хооронд 2023-2027 онд зохистой хөдөлмөрийн зорилтыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлж буй баримт бичиг юм.
Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг (1) хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, бизнесийг хөгжүүлэх, (2) хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, (3) нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, (4) нийгмийн яриа хэлэлцээ, түншлэлийг хөгжүүлэх зарчимд суурилан, жендерийн тэгш байдлыг хангах байдлаар хэрэгжүүлнэ. Эдгээр тулгуур асуудлууд нь зохистой хөдөлмөрийг дэмжих, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөл болно. Зохистой хөдөлмөрийн 2023-2027 оны хөтөлбөрт талууд дор дурдсан тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
1. Хүн бүрийг, онцгойлон хүүхэд, залуучууд, эрэгтэй, эмэгтэй, хүйсийн өөр илэрхийлэл бүхий хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, цагаач ажилтан, ахмад настныг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцсэн нийгмийн хамгааллын тогтолцоонд хамруулах;
2. Бүх нийтэд, ялангуяа эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст ногоон, албан эдийн засагт зохистой, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх;
3. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хууль тогтоомжийг сайжруулах, нийгмийн зөвшилцөл, гурван талт түншлэлийг үр дүнтэй болгох замаар хэрэгжүүлэх.
Санамж бичиг гарын үсэг зурах ёслолын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОУХБ-ын дэмжлэг, зохицуулалтын хүрээнд ажилтан, ажил олгогч, Засгийн газрын үүрэг оролцоо, хүчин чармайлт чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Тэрээр мөн “Өмнө хэрэгжүүлж байсан 2017-2022 оны хөтөлбөрийн туршлагад суурилж, Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, нийгмийн түншлэгч талуудын Улсын хэлэлцээр зэрэгт нийцүүлэн олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих шинжээчдийн хорооны зөвлөмжийг тусгаж боловсруулсан нь манай орны онцлогт нийцсэн чухал үр дүнтэй хөтөлбөр болно гэж үзэж байна” гэлээ.