Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Оюу Толгой" компанийн хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг хэрхэж байгаа талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Энэ онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэгдэж, нээлтээ хийсэн асуудалтай холбоотойгоор зардал өссөн гэдэг асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор "Оюу Толгой" компанийн зүгээс ЗГ-т зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн ч ЗГ-ын зүгээс өнөөдрийг хүртэл зөвшөөрсөн хариуг өгөөгүй.
Хотын дарга Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа энэ ажлын хэсгийг ахалж байсан. Харин Хотын дарга болсноос хойш надад шилжсэн. Миний хувьд нэг зарчмыг баримталж байгаа. Энэ нь мэргэжлийн бизнесийн байгууллага буюу "Эрдэнэс Монгол" компани "Рио Тинто" групптэй шууд харилцаж, эдийн засгийн хувьд ашигтай эсэх болон зардал нэмэх эсэх асуудлыг урьдчилсан байдлаар хэлэлцдэг шаардлагыг ЗГ-аас тавьж ажиллана.
Ингэхгүйгээр "Оюу Толгой" компанитай ЗГ ажиллаад зарим тохиолдолд улс төрийн шийдвэр гаргаж ирсэн нь алдаа дутагдалтай байна гэж үзэж байгаа" хэмээв.