Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АРМАТА Б.Тэмүүжин: Эмэгтэй хүн эрхлэх гэж л төрдөг

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
16 минут 46 секунд

Соёл Урлагийн Их сургуульд жүжигчин мэргэжлээр суралцаж байх хугацаандаа олны анхаарлыг татаж бас хайр хүндлэлийг хүлээсэн хүн бол залуу жүжигчин Б.Тэмүүжин юм. Залуу хүний хувьд өөрийн гэсэн үзэл бодолтой мөн контентуудаараа дамжуулан нийгэмд байгаа сөрөг зүйлсийн эсрэг хүчтэй дуугарна хэмээн ярих түүнтэй хэсэг хором ярилцлаа.

-Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаад байгаа "95-Зүүдний хүн" МУСК-д жүжигчнээр ажилласан гэж байсан. Түүнээс гадна драмын жүжигт тоглохоор бэлдэж байгаа юм байна?

-Тийм шүү. Өмнө нь "95 хувь" гэдэг олон ангит кино энэ удаад нэг ангитай, бүрэн хэмжээний УСК болоод ирэх сарын 03-наас бүх кино театруудын дэлгэцнээ гарах гэж байна. Уг кинонд би Зоригоо гэдэг цэргийн дүр дээр ажилласан байгаа. Яагаад энэ кинонд тоглох сонголтыг хийсэн бэ гэхээр би үргэлж инээдмийн контент хийдэг шүү дээ. Тиймээс өөрийгөө бага ч болов өөр талаас нь харуулъя гэж шийдээд тоглосон. Мөн энэ дүр маань өөртөө үнэнч дүр гэж хэлж болно. Аль болох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хичээж байгаа дүр байгаа. Ажиллахад ч урамтайн дээр энэ дүр дээр ажилласан маань намайг өөрөөр харуулсан гэж бодож байгаа.

Харин яг одоогийн байдлаар Жан Батист Мольерын "Бэрд" гэх жүжгээс сэдэвлэж, орчин үеийн хэв маягт оруулсан нэгэн жүжиг дээр ажиллаж байна. Энэхүү жүжгийг Л.Лхасүрэн Гавьяатын шавь нар багшийнхаа 85 насны ойг угтан тавьж байгаа юм.

-Хүмүүс "95-Зүүдний хүн" киног өмнөх олон ангит кинотойгоо ижил үү эсхүл өөр үү гэж хүмүүс их гайхаж байна лээ. Үүнд хариулт өгвөл?

-Хоорондоо ямар нэг уялдаа холбоо байхгүй. Өөр шинэ түүх гарч ирж байгаа.

-Сая өөрийгөө шинэ зүйлд сорьж байна, өөрөөр харуулж байгаа дүр гэж байсан яагаад тэгж хэлэв?

-Мэдээж миний дүр бол ардын армийн цэрэг хүний дүр байгаа. Тиймээс цэрэг хүн яг ямар байх ёстой билээ. Эх орондоо үнэнч байх ёстой, өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тэр ч утгаараа миний дүр бол эх орондоо үнэнч, эр зоригтой, хэлснээсээ ухарч няцдаггүй залуугийн дүр байгаа. Харамсалтай нь мянга шударга байгаад, мянга үнэн байгаад түүнээсээ болж буруудаж байгаа, үнэнээр яваад сайн зүйлд хүрээгүй залуу байгаа юм. Тиймээс намайг бас өөрөөр сорьсон байх гэж бодож байна.

-Өнөөгийн нийгэмд ч яг ийм үзэгдэл байгаа шүү дээ. Үнэнээр яваад өнөө туулайгаа гүйцэхгүй байгаатай адил юм шиг санагдлаа?

-Тийм шүү. 100 хувь үнэнээр явсан ч бас өөрийнхөө талд үнэнч үлдсэн ч 5, 6, 7, 8 хүн чиний эсрэг зогсоход чиний буруу л болж үлддэг. Үнэн зөв гэдэг агуулга байхаа больчихсон. Яг л энэ агуулга кинонд маань шингэсэн.

-Сургуулиа төгссөн байгаа юу?

-2022 онд СУИС-ийг МУАЖ Самбуугийн Сарантуяа багшийнхаа удирдлага дор төгссөн.

-Багшийгаа их хүндэлж явдаг юм шиг санагдлаа?

-Хүн бүр эцэг, эхийн гараас багшийн гарт, багшийн гараас дахин багшийн гар дамждаг шүү дээ. Тийм ч учраас миний жүжигчний суурийг тавьсан хүн бол миний ангийн багш. Би багшийгаа байнга ярих ёстой. Өөрөө ч ярих дуртай. Багшаараа маш их бахархдаг. Намайг алдаж, оноход, буруу зөв гишгэхэд маань хүртэл байнга зааж зөвлөдөг сургадаг. Тиймдээ ч би энэ хүний шавь болсноороо өнөөдөр олон олон уран бүтээлд оролцож, өнөөдрийн зэрэгтээ явж байна. Багш минь байгаагүй бол би ийм хэмжээнд байхгүй. Өнөөдрийн намайг бүтээж өгсөн хүн бол яах аргагүй миний багш. Тиймээс багшдаа маш их хайртай, үргэлж баярлаж явдаг даа.

-Арматагийн Тэмка СУИС-ийн лицей "Бадмаараг" ахлах сургуульд хөгжмийн ангид суралцаж байсан гэдэг. Тэр ч бүү хэл төгөлдөр хуураар хичээллэж байсан гэдэг юм билээ. Ер нь хэдэн жил төгөлдөр хуураар хичээллэсэн юм бэ. Бас яагаад жүжигчин мэргэжил рүү урвах болов?

-4-р ангид байхад маань манай аав, ээж хоёр надад "касио" гэдэг жижигхэн төгөлдөр хуур авч өгч байсан юм. Тэгээд л би түүнийг нь ганцаараа байхдаа байнга тоглосоор байгаад сонсголоороо хөгжим тоглоод сурчихсан юм. Өөрөөр хэлбэл би огт нот мэдэхгүй, мэргэжлийн түвшний хүн биш л дээ. Зүгээр л сонирхлоороо сурчихсан байсан юм.

Тэгээд "Бадмаараг" ахлах сургуульд шалгалт өгөөд ортол драмын ангийнхан надад илүү сонирхолтой санагдсан юм. Хөгжимчин гэдэг бол өөрөө өөртэйгөө ажилладаг мэргэжил. Харин жүжигчний мэргэжил бол олон хүнтэй харилцаж суралцдаг мэргэжил учраас тэр нь надад илүү амттай санагдаад жүжигчин мэргэжил рүү урвасан. Би багаасаа л их хөдөлгөөнтэй, сэргэлэн, сахилгагүй хүүхэд байсан болохоор 12-р ангиасаа драм руу орсон.

-Ер нь л унаган зан нь хөтөлчихсөн юм байна?

-Тийм. Гэхдээ жүжигчин мэргэжлээр сурч байгаа хүн хэтэрхий даруухан байх нь хэт сул тал юм шиг санагддаг юм. Даруухан хүнд жүжигчин мэргэжил төдийлөн тохирдоггүй гэсэн ойлголт ч байдаг. Тодорхой хэмжээний сэтгэл хөдлөл өндөр байж байж ажиллаж байгаа зүйлдээ эзэн болж чадна шүү дээ.

Хааяа би жүжигчин болоогүй бол дуучин болох байсан байх гэж боддог юм. Багаасаа л хөгжим тоглож, дуулж явдаг байсан болохоор урлагаасаа хөндийрөхгүй л байсан байх.

-Гэхдээ бодож байснаас их даруухан хүн юм шиг санагдаж байна. Өмнө нь контентуудаас их их л галзуу, сэргэлэн цовоо харагддаг байсан. Яг ярилцлага автал их даруухан юм?

-Хүн хаана ямар байхаа мэднэ гэдэг шиг даруухан байх ёстой цаг үедээ өөрийгөө дарж байдаг. Харин контент бүтээхдээ ч юм уу эсхүл ямар нэг уран бүтээлд тоглохдоо галзуу хүн шиг л болчихдог.

Зарим хүмүүс ч бас намайг ямар даруухан юм бэ гээд гайхдаг юм. Бүр зарим нь уурлана. Гэхдээ би энэ даруухан байгаагаа жүжигчин мэргэжлээсээ олж авсан төлөвшил гэж боддог л доо. Тийм ч учраас хаана ч явсан дэггүйтээд байдаггүй ээ.

-Сахилгагүй зангаасаа болж бишгүй л загнуулж байсан биз?

-Маш их загнуулж байсан. Хамгийн сүүлд оюутан байхдаа яг нөгөө сахилгагүй зангаасаа болоод сургуулиасаа ч хөөгдөх дээрээ тулж байсан юм. Тэр нь юу болсон бэ гэхээр, би нэг өгүүллэг дуурайж уншиж байгаад ёс бус үг хэллэг хэрэглэчихсэн юм л даа. Тэр бол миний нөгөө сахилгагүй, дэврүүн зангаасаа болоод энэ үгийг ингээд хэлчихье гээд л буруудаж байсан юм.

Тухайн үед ч би "Од л болж байвал юу ч хийсэн яахав" гэж боддог байсан үе. Тэгээд л тэр үед багш маань намайг сургуульд маань авч үлдсэн дээ. Ер нь л энэ зангаа хааяа дарах хэрэгтэй байдаг юм билээ.

-Хүмүүсийн дунд байдаг нийтлэг ойлголт бол яах аргагүй олон танигдсан л бол тэр хүнийг "Од" гэж ойлгоод байдаг. Гэтэл өнөөдөр бидний "Од" гээд нэрлэчихсэн буруу хүмүүс ч их байх болж. Ер нь энэ асуудалд ямар байр сууртай ханддаг вэ?

-Ерөнхийдөө урлагийн сургуульд суралцаж байгаа хүн бүр л өөрийгөө олны танил болно гэсэн туйлын зорилготой байдаг шүү дээ. Гэхдээ олны танил гэдэг нэр томъёоны ард би хүмүүст хүрсэн уран бүтээл хийх ёстой, кино хийх ёстой, жүжиг хийх ёстой юм билээ.

Гэвч өнөөдөр энд сууж байгаа би контентуудаа хийсээр байгаад энэ хүртэл явахдаа өөрийгөө сүрхий од гэж бодож байгаагүй. Яахав од болно гэх бодол нь байсан ч яг гудамжаар явж байгаа хүмүүс таараад намайг таньхад тэр таньж байгаа мэдрэмж нь л гоё байдаг юм байна лээ. Од биш харин намайг таниж байгаа, хайрлаж байгаа нь мэдрэмж нь л хамгийн гоё.

-"Армата" продакшн яагаад сүүлийн үед нам жим болчихсон юм бэ. Танай продакшны уран бүтээлийн олз омог арвин байна уу?

-Манай Армата продакшн одоогоор хоёр уран бүтээл хийчихсэн байгаа. Хоёр уран сайхны кино. Нэг нь дуусаж байгаа, нөгөө нь хараахан дуусаагүй байгаа. Гэхдээ 12-р сараас эхний уран бүтээлээ хөдөө орон нутгийн хүүхэд, залуустаа зориулан хүргэх төлөвлөгөөтэй байна.

Бас ойрын үед контентуудаа хэсэг хугацаанд зогсоочихсон байгаа. Юманд ээлж, дараа байдаг шиг байнга үзэгдэж харагдаад байхаар "нөгөө л нэг" гэж хардаг шүү дээ. Тиймээс хэсэг хугацаанд завсарлага авсан. Бас хүн хүнээ санах мэдрэмж хамгийн гоё байдаг шиг багахан хугацааны дараа эрчимтэйгээр ажиллана. Гэхдээ арай өөр сэдвээр контентуудаа хийж, нийгэм рүүгээ дуугаръя гэж бодож байгаа. Ихэнх контент бүтээгч залуус маань ч гэсэн нийгэм рүүгээ дуугарч чадаж байгаа гэж харж байна.

-Үнэхээр нийгэм ийм байгаа учраас л нийгэм рүүгээ чиглэсэн контент хийх туйлын хүсэл байна гэж бодлоо. Яг залуу хүний хувьд манай нийгэм яг ямар түвшинд байх шиг байна?

-Бусад улс, орнуудыг ажиглаж байхад залуус нь өөрсдийнхөө сурлагад илүү анхаарч байгаа юм шиг санагддаг. Гэтэл Монголын залуус бид гудамж руу гарахад хүртэл улс төртэй холбоотой асуудал, стресс, түгжрэл гээд л тоочоод барахгүй олон асуудал гарч ирдэг. Бас энд ч хүүхэд алга боллоо, тэнд ч хүүхэд амиа алдлаа гэсэн хар бараан мэдээлэл их байдаг.

Бид өөрсдийнхөө урдах ажилаа хиймээр байвч улс маань ийм байгаа болохоор яах аргагүй үүнд оролцох хэрэгтэй болж байгаа юм. Яагаад гэвэл би энэ нийгэмд гэрэл түгээх гэж байгаа бас нэг контент бүтээгч учраас контентуудаараа дамжуулан залуучууддаа нөлөөлье, ойлгуулъя гэж зорьж байгаа.

-Магадгүй энэ мэт асуудлаас үүдээд залуус гаднын орнуудыг зориод байх шиг байна. Өөрөө гадагшаа гарч ажиллая гэж бодож байв уу?

-Өмнө нь бодож байсан. Би насаараа контент хийж амьдрахгүй, гадагшаа явж сурч хөгжье гэсэн бодол байсан. Гэхдээ одоо бол энэ бодол эсрэг болсон шүү. Кинонд тоглоод, уран бүтээлд ороод, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд явж байгаа учраас гадагшаа явах шаардлага байна уу даа гэж бодож байгаа.

Яахав бүх залуучууд л гадагшаа явъя гэж бодож байгаа болохоор өмнө нь тийм бодол төрж байсан. Ер нь эцсийн зорилго бол мөнгө олох л шүү дээ. Гэхдээ л эх орондоо дуртай зүйлээ хийгээд амьдрах гоё л доо.

-Өөрийг нь сошиалаар харахаар найз охиндоо амь юм шиг санагддаг. Ер нь эмэгтэй хүнийг хайрлана гэдэг таны бодлоор?

-Нэг талаараа би сошиал дээр идэвхтэй байдаг, нөгөө талаараа найз охиндоо маш их хайртай. Бид хоёр үерхээд жил гаран болж байна. Найз охинтойгоо хамт стори, зураг бичлэг хийхээр 10 жилийн дүү нар маань их хардаг юм шиг байна лээ. Магадгүй тэр болгоныг маань хараад үерхлээ нандин байлгаасай, эмэгтэй хүнийг яаж хайрладаг вэ гэдгийг мэдрээсэй гэж хүсдэг.

Бас би найз охиноо гомдоохыг, уйлуулахыг хүсдэггүй. Би өөрөө айлын ганц хүү болохоор маш их хайран дунд өссөн. Аав ээж хоёр маань намайг маш сайхан өсгөсөн гэж боддог. Тэр ч утгаараа хайраар услагдаж өссөн болохоор хайр нь ундраад л байдаг юм болов уу. Эмэгтэй хүн чинь эрхлэх гэж л ирдэг юм шиг.

-Яг одоо таны бодолд уяатай яваад байгаа ямар бодол байна вэ. Эсхүл байнгын сэтгэлдээ бодож, санаж явдаг зүйл ч юм уу?

-Би оюутан болсон цагаасаа хойш нэг зүйлийг маш их боддог болсон. Бүхэл бүтэн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг аав, ээж хоёроороо төлүүлсэн. Дөрвөн жилийн хугацаанд тэр хоёр хүнийг зовоолоо. Сургуулиа төгссөнөөс хойш аав, ээж хоёрыгоо зовоохгүй, нэр цэвэр, уран бүтээлдээ эзэн болоод сайн жүжигчин болохыг хүсдэг. Тийм ч учраас одооноос хичээж байгаа. Ер нь эр хүн болгон 18 хүрээд ар гэр, аав ээжийгээ аз жаргалтай амьдруулахыг хүсдэг юм шиг байгаа юм.

Энэ нь ч бас хүний амьдралын жам гэж ойлгодог. Би өнөөдрийг хүртэл аав, ээжээрээ тэжээлгэж байсан бол одоо эргээд тэр хоёрынхоо ачийг хариулах ёстой гэж боддог.

-Залуус, дүү нартаа хандаж хэлэх зүйл бий юу?

-Залууст хандаж хэлэдхэд гэр бүлдээ цаг зав гаргадаг байгаарай, эрүүл мэнддээ анхаардаг байгаарай бас эерэг байгаарай. Нийгэм ийм сөрөг байлаа гээд залуучууд бид өөрсдөө эерэг байж чадвал удахгүй маш сайхан нийгмийг бүтээж чадна. Тийм ч учраас залуучуудын эрэн үе ирж байгаа шүү гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Тун удахгүй видео ярилцлагыг Ubn.mn пэйж хуудсаас хүлээн авч үзээрэй.

Налайх дүүргээс алга болсон 14 настай охиныг БГД-ийн нутаг дэвсгэрээс олжээ
Налайх дүүргээс алга болсон 14 настай охиныг БГД-ийн нутаг дэвсгэрээс олжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.