Ардын намын Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвийн төслийг Ардын намын олонх парламентаас буцаалаа. Гэхдээ өчигдөр орой чуулган дээр санал хураахад танхимд “хүний өөрийн” нийлсэн ердөө 8 гишүүн байсан тул Сангийн сайд Б.Жавхлан дахин санал хураалгах санал гаргасан юм.
Ингэснээр өнөөдөр 10 цагаас хуралдах чуулганаар уг горимын саналаар дахиж санал хураах болов. Энэ удаад Засгийн газрын гишүүд нь арай ч төсвөө унагаачихгүй байх. Хэрвээ шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр буцаачихвал Засгийн газар дахин гурав хоногийн дотор төсвийн төслийг шаардлагад нийцүүлээд өргөн барих хуультай.
Төсвийн зарлага, алдагдал гээд багагүй шүүмжлэл хүртэх төсөв орж ирсэн ч урд өмнөх жилүүдийн төсвийн хажууд хамаагүй цэгцтэй төсөв орж ирсэн. УИХ-ын дарга өчигдөр орой танхимд наймхан гишүүн байсаар байхад санал хурааж, Сангийн сайдыг эвгүй байдалд оруулсан нь улс төрийн сануулга гэж шууд хэлэхэд болохоор байгаа юм. Учир нь түүний оройлон санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувь байсныг 5 хувь болгох “ажиллагааг” Сангийн яам боломжгүй зүйл гэж жадлан эсэргүүцэж буй. Өөрөөр хэлбэл, УИХ дээр хэн нь “эзэн” болохыг харуулж, өөрийн бодлогыг дэмжихийг Сангийн сайдад хатуу ойлгуулсан үйлдэл гэж харж болно.
Нөгөө талаас нь харахад УИХ-ын гишүүд үнэхээр хариуцлагагүй байна. Нэгдүгээрт, Улсын төсөв хэлэлцэж байхад 50 гишүүн л ирцэд бүртгэлтэй байна. Уг нь яг одоо 72 гишүүнтэй байгаа. Тэгэхээр 22 гишүүн нь чуулгандаа оролцож төсвөө хэлэлцээгүй гэсэн үг. Хоёрдугаарт, бүгд л өдөржин Сангийн яамны оруулж ирсэн төсвийн төслийг нүүр нүдгүй баалж, өөрсдийн хэмжээнд попорсон. Гэвч камер солигдож, үгээ хэлснийхээ дараа чуулганы танхимаас гараад явчихсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийг хэлэлцэх биш төсөв дээр үгээ хэлчихээд гараад явцгаасан гэсэн үг.
Улсын төсөв гэдэг бол ирэх жил монголчууд бидний хэтэвч ямар хэмжээнд байх, орлого, зарлага ямар хэмжээнд байж, эдийн засгийн өсөлтөө хэр хэмжээнд өсгөх вэ гээд чухал ньюанстай асуудлуудыг хэлэлцдэг учиртай. Гэвч 50 гишүүний 42 нь чухал санал хураахад танхимдаа байсангүй.
Өөрөөр хэлбэл, улсын төсөв анхнаасаа л улстөржилт, хариуцлагагүй байдал дунд хэлэлцэгдэж эхэллээ. Ардын намынхан өнөөдөр төсвөө арай буцаачихгүй байх. Харин НӨАТ-тай холбоотой асуудал дээр Засгийн газар талаас буулт болов уу...