УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Хуулийн төслүүдийг энэ сарын 13-нд нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн. Ялын бодлогыг,
Нэгдүгээрт, авилга, албан тушаалын гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй,
Хоёрдугаарт, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа, ялангуяа бэлгийн эсрэг үйлдэгдэж байгаа хэрэгт ял, шийтгэлийн бодлогыг чангалж, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй буюу зарим тохиолдолд 30 хүртэл жилийн хугацаагаар тооцох,
Гуравдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй,
Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 20 жил хорих байгааг 25 жил болгож нэмэгдүүлэн чангатгах асуудлыг оруулж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлж байгаагүй. Мөн Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэсэн насны ангиллыг 14-өөр тогтоосныг 16 нас болгохоор төсөлд тусгасан. Ингэснээр 14-өөс 16 хүртэлх насны хохирогчтой хэргүүд хүнд ангилал руу шилжиж бүх насаар хорих ялтай болох юм. Ийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шинжтэй аливаа гэмт хэрэг, тэр дотроо хүчиндэх гэмт хэргүүд ялын хамгийн дээд хэмжээнд тулна" гэлээ.
Мөн "Манай улсад жилд дунджаар 110 хүн согтуу жолоочийн үйлдлээс болж амь насаа алдаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь санамсар болгоомжгүй хэрэг огт биш, буруу дадал зуршил. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг зөрчилд тооцдог байсныг гэмт хэрэгт тооцох, мөн согтуугаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна. Энэ гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6-12 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, давтан үйлдсэн тохиолдолд торгууль болон ялын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан. Мөн, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жилээр хасаж, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг 0.5-3 жил хязгаарлах, эсхүл 0.5-3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэлтэй хатуу тэмцсэнээр таван жилийн хугацаанд энэ гэмт хэрэг байхгүй болно хэмээн тооцож байна" гэлээ.