Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Даваадорж: Маш хариуцлагагүй төсөв оруулж ирлээ. Төсөв хэдхэн улстөрчийн нэр хүндийг өсгөх хэрэгсэл болоод хувирчихлаа

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
16 минут 59 секунд

Ирэх оны төсвийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадоржтой ярилцлаа.

-Төсвийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төсвийн зардлыг хэт их нэмэгдүүлж орж ирсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Ирэх оны төсвийн орлого, зарлагыг хэр бодитой тооцож оруулж ирсэн гэж харж байна вэ?

-Зарим эдийн засагчдын байр суурийг харахад, сонгуулийн жилийн төсөв боллоо хэмээн тодорхойлж байх шиг байна. Учир нь төсвийн зардлыг хэт өндөр тавьсан. Нэг жилийн өмнө бид 20 их наядын босгыг давсан төсөв баталлаа хэмээн ярьж байсан бол энэ жил 7 их наядаар нэмэгдүүлээд 27 их наядын төсөв өргөн бариад байна. Ийм байхад сонгуулийн жилийн төсөв хэмээн онцлохоос өөр аргагүй. Миний харж байгаагаар төсвийг өргөн барихаасаа өмнө сонгуульд хэрэгтэй бүх зардлуудаа шингээсэн. ДНБ-ий 37-40 хувьтай тэнцэх хэмжээний гэдэг бол асар их хэмжээний тэлэлттэй төсөв орж ирж байна гэсэн үг. 330 сум, 21 аймаг, нийслэлийн дүүргүүд дэх тойргуудынхаа бүтээн байгуулалтад асар их хөрөнгө мөнгө хуваарилахаар тавьчихсан учраас одоо орлогоо яах вэ гэдэг асуудал улбаалж гарч ирнэ. Зарлагаа өндөрөөр тавьчихсан юм чинь орлогоо өндөр тавих шаардлага үүссэн. Төсвийн алдагдлыг бага харагдуулахын тулд орлого тал дээрээ санаанаасаа зохиосон тоо тавьсан. Түүний нэг жишээ нь л гэхэд 60 сая тонн коксжих нүүрсийг экспортлоно, зэсийн үнийг 9 мянгаар тооцож оруулж ирсэн зэрэг байдал. Гэтэл өнөөдрийн байдлаар зэсийн үнэ нь 8 мянгаас буурсан үзүүлэлттэй явж байна. Эрүүл саруул ухаанаар харвал АНУ-ын мөнгөний бодлого чангарч байгаатай холбоотойгоор түүхий эдийн үнэ унадаг болохыг эдийн засагчид хэлдэг. Хоёрдугаарт, БНХАУ-ын эдийн засаг саарч байгаа. Хятадын эдийн засаг саарна гэдэг бол түүхий эдийн үнэ ханш унах цикл ирж буй юм. Аргагүй юм. 2014 оноос хойш түүхий эдийн үнэ ханш 7,8 жил өсчихлөө шүү дээ. Үргэлж өсөөд байхгүй. Одоо унах циклийнхээ босгон дээр ирчихсэн байгаа энэ үед ийм хариуцлагагүй төсөв өргөн барьсан явдал нь харамсалтай.

Эцсийн эцэст төсөв бол хэдхэн УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өсгөх хэрэгсэл болоод хувирчихлаа шүү дээ. Гэтэл аливаа улсын төсөв гэдэг бол ард түмнийхээ аж амьдралд тустай, дундаж хугацаандаа тогтвортой байх бодлогыг агуулсан, ААН-үүдээ дэмжсэн бодлогын бичиг баримт байдаг.

Зөвхөн нэг жилийнхээ төрийн албатай холбоотой зардал гэж ойлговол маш том андуурал. Маш том бодлогын бичиг баримт шүү дээ. Хэрэв төсвийнхөө бодлогыг алдаад ирвэл нэгдүгээрт, татвар төлөгч бидний мөнгө салхинд хийснэ. Хоёрдугаарт, үнэ инфляци өснө. Гуравдугаарт, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахад нь зээл олдоход хүндрэлтэй болно. Ийм л хүнд байдалд хүргэхээр төсөв өргөн барьлаа гэж харж байна.

-Төсвийн алдагдал тал дээр та ямар байр суурьтай байна. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцож оруулж ирээд байгаа шүү дээ?

-Төсөвтэй холбоотой үндсэн дөрвөн том дүрэм байдаг. Үүнийг мөрдөөд явбал ямар ч улсын төсөв боломжийн түвшинд хүрлээ гэж олон улсын санхүүгийн байгууллагууд дүгнэдэг. Төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрсэн.

2020 онд 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наядын алдагдалтай төсөв баталсан. 2022 онд 1 их наядын алдагдалтай гэж өөрсдийгөө хуурсан. Гэтэл Ирээдүй өв санд байсан 1.4 их наяд төгрөгийг аваад хэрэглэчихсэн. Үүнийгээ олон нийтэд хэлээгүй. Ирээдүй өв сангийн тухай хуулиараа 2030 оноос наана гар хүрэх ёсгүй. Гэтэл эрх баригчид хуулиа өөрчилж байгаад л Ирээдүйн өв санд байгаа 1.4 их наяд төгрөгийг аваад хэрэглэчихээд алдагдалгүй мэтээр хэлээд байгаа юм.

Ирээдүйн өв сангаас авсан мөнгийг нь тооцвол 2.4 их наядын алдагдалтай төсөв баталсан гэсэн үг. Ийм л арчаагүй байдалд хүрч байна шүү дээ. 2024 онд 2 их наядын алдагдалтай байхаар оруулж ирсэн. Алдагдал их наядаар яригдаж байна. Төсвийн алдагдал эргээгээд гадаад өр болно гэсэн үг. Өрөөр алдагдлаа нөхнө.

Асар их буруу бодлогынхоо үрээр өр үйлдвэрлэж, хойч үедээ бэлэглэж байна. Сүүлийн таван жилийн төсвийн алдагдлыг тооцоод харахад, 15 их наядын алдагдалтай байна. Ийм их алдагдалтай, ийм их өр үйлдвэрлэж байгаа парламент Монгол Улсын түүхэнд дахин бүү гарч ирээсэй гэж бодож байна.

Энэ бол хамгийн сул, тааруу парламент болсон учраас төсвийн алдагдлаараа асар их хэмжээний өр үйлдвэрлэж байна шүү дээ. Тэгсэн мөртлөө иргэдэд байнга худлаа хэлдэг.

Цалин, халамж, тэтгэвэр нэмнэ гэдэг. Цалин, халамжийг нэмснээрээ хөгжилд хүрсэн улс дэлхийд байхгүй. Энэ нь эсрэгээрээ үнэ, инфляци өсгөх хөдөлгүүр болдог. Өөрөөр хэлбэл, чөтгөрийн тойрогт орчихдог. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхийн хэрээр буцаад Монгол Улсын эдийн засаг сульдана. Цалин, тэтгэвэр нэмээд хүрэлцэж байгаа зүйл харагдаж байна уу. Эргээд инфляци, вальютын ханш хөөрөгдөх зэргээр чөтгөрийн тойрогт орчихоод байна. Одоо ахиж нэмээд хэрэг байхгүй. Дахиад л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Мөн инфляци өсөөд ирэхээр Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөчихдөг. Одоо 13 хувьтай байна шүү дээ. Энэ нь арилжааны банкаар 17-18 хувийн хүүтэй зээл баялаг бүтээдэг ААН-д очихгүй байна. 17-18 хувийн хүүтэй зээл аваад ашигтай ажиллаад үнэ буулгадаг ААН гэж байхгүй. Энэ хэмжээний хүүгийн зардлыг бүтээгдэхүүн дээрээ нэмэхэд юмны үнэ нь нэмэгдэнэ гэсэн үг. Өнөө нэмэгдсэн жаахан тэтгэвэр нь юу ч болохгүй, улам хөөрөгддөг. Ийм л чөтгөрийн тойрог руу маш итгэлтэйгээр алхаад орчихлаа.

Эрх баригчид 2024 оны зургаадугаар сард болох сонгуулийг бодож наана нь 5,10 цаасаар төрийн албан хаагч, тэтгэврийн настнуудад хуурч байгаа болохоос улс орны эдийн засгийг эрүүл саруулаар харж байгаа хүн байхгүй байна.

-Аливаа улсад зөв бодлого хэрэгтэй болохоос сүржин уриа хэрэггүй-

-Өнгөрөгч долоодугаар сард цалин, тэтгэврийг нэмсэн. Ирэх оны төсөвт 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмнэ гэж оруулж ирсэн. Оны эхнээс ч юм уу яагаад нэмж болохгүй байгаа юм бэ гэдгийг албаныхан тайлбарлахдаа тодорхой циклтэй байх ёстой гэдэг. Гэтэл ирэх жилийн зургаадугаар сард сонгууль болно. Хоёр сарын өмнө цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ. Цаг хугацааны хувьд "сонирхолтой л" өнцөг харагдаад байгаа юм л даа?

-Эрх баригчид ямар ч тооцоо судалгаагүй болсны жишээг захын хүн харахад л мэдэгдэнэ. Зургаадугаар сард сонгууль болно. Хоёр сарын өмнө цалин, тэтгэвэрийг нь нэмж байгаад саналыг нь аваадхая гэдэг санаа. Мөн нэмээд 300-гаад мянган малчин өрх бий. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байгаад саналыг нь авна. Татвар төлөгчдийн мөнгөөр буруу бодлого явуулж байгаагийн үр шимийг гэр хорооллын захын гудамжуудаар амьдрал ямар байгаагаас харж болохоор байна. Боорцгоо, талхаа таллаж авна. Буруу бодлого явуулах тусмаа юмны үнэ өснө. Ард түмний амьдрал улам хүндэрнэ.

Халамжаа хавтгайруулж байгаа энэ төсөв бол улс орныхоо хөгжлийг бүү хэл эдийн засгаа нурааж унагаах хүнд байдалд хүргэчихлээ гэж харж байгаа.

-Төсвийн хөрөнгө оруулалт тал дээр ямар байр суурьтай байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ гэж оруулж ирсэн?

-МАН-д уриа лоозон олон бий. Шинэ сэргэлт, боомтын сэргэлт гээд л. Шинэ сэргэлтийн бодлого гэдэг чинь 30-аад онд эдийн засаг хүндэрсэн үед хэрэгжүүлж байсан бодлого шүү дээ. 70-80 жилийн дараа ахиж сэргээгээд явж байна. Аливаа улсад зөв бодлого байх хэрэгтэй болохоос сүржин уриа хэрэггүй. Тухайлбал, боомтын сэргэлт гэж 2018 оноос хойш төсөвт мөнгө суулгаад явж байгаа шүү дээ.

Зөв бодлогоо хэрэгжүүлчих зүйлийг хажууд нь сүржин уриа гаргадаг. Энэ бол хоцрогдсон үзэл сурталжсан нийгэмд байдаг асуудал болохоос биш зах зээлийн эдийн засагтай хөгжиж буй улсад ийм солиотой уриа лоозон байдаггүй.

Төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд асар ихээр нэмэгдсэн. Энэ нь ирэх жилийн төсвөөс илт харагдаж байна. 3.2 их наядыг төсвийн хөрөнгө оруулалтад тавихаар болчихлоо шүү дээ. Ер нь 2023 оноос гурван их наяд даваад явчихаж байгаа юм. Урьд нь 1.6 их наяд байсан. 2020 сонгуулийн өмнө 700-аад тэрбумыг зарцуулдаг байж байгаад сонгуулийн дараа хоёр нугалсан. Одоо тэр жишгээрээ 2020,2021 онд 1.6 их наядыг тавьж, 2023,2024 онд 3.2 их наяд болгож нэмэгдүүлж байна. Хүслийн жагсаалт гаргавал бүгдийг нь биелүүлэх боломжгүй учраас түүнээс аль хэрэгтэйг нь эрэмбэлж түүнийгээ хөрөнгө оруулалтаар шийддэг. Манайд 76 гишүүнийхээ сонгуульд амжилт гаргахын тулд төсвийн хөрөнгө оруулалтаа тавьж ирлээ. 330 сумаар хамаг хөрөнгөө тараачихдаг. Гэтэл одоо харж байгаа биз дээ. Энэ өвөл цахилгаан эрчим хүчний асуудал туйлын хүндэрнэ. Бид 400-аад сая ам.долларыг жил бүр ОХУ-д өгч цахилгаанаа авдаг. Цахилгааны хэрэглээ маш их байдаг. Улс орон хөгжихийн тулд цахилгааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ёстой байтал үүнд ширхэг ч алхам хийхгүй байна шүү дээ. Гэтэл тэр цацаж байгаа хөрөнгөө зөв зүйлд нь зарцуулбал ядахдаа улс орон хөгжинө шүү дээ. Гадагшаа вальютаа урсгаад байхгүй.

Тэгэхээр МАН-ыг харахад төсвийн хөрөнгөнд туйлын хариуцлагагүй хандаж, татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургиж байна. Татвар төлөгчдийн мөнгийг сонгогдсон гишүүдийн эрх ашиг, дараагийн сонгуульд амжилт үзүүлэхэд ашиглах мөнгө гэж хардаг болсон нь УИХ-ын зарим гишүүдийн ярианаас нь л харагдаж байна шүү дээ. Энэ бол бусад улсуудад байж боломгүй асуудал байхгүй юу. Энэ асуудалд тэр, энэ нам гэж намчирхах шаардлага байхгүй.

Засаг төр барьж байгаа ямар ч нам татвар төлөгчийн төлж буй хөрөнгөөс нэг центийг ч үр бүтээлгүй үрээд эхэлбэл улс орны хөгжлийг ярихын аргагүй болдог.

Хөгжиж буй улс орнуудын төсөв, мөнгөний бодлогыг харж байхад туйлын хариуцлагатай, улс орноо хөгжүүлэхийн төлөө нэг центийг ч үргүй зарцуулахгүйн төлөө байдаг. Харин манайд дураараа дургидаг байдал газар авчихсан. Үүний нэг жишээ нь л ногоон автобус байна шүү дээ.

-Өрөө төлөөд цаана нь бүтээн байгуулалт хийчихсэн байх боломжийг замбараагүй төсвөөр тараагаад хаячихлаа-

-Та яриандаа маш хариуцлагагүй байдлаар төсвийн төслийг оруулж ирсэн гэж онцоллоо. Тэгвэл ийм өндөр алдагдалтай, орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн төсвөө эрх баригч нам олонхоороо батлаад гаргана. Гэхдээ энэ төсөв эргээд эдийн засаг талаасаа ямар сөрөг үр дагавар дагуулна гэж та харж байна?

-27 их наядын 6 их наяд нь хөрөнгийн зардал. Хөрөнгийн зардал гэдэг бол дийлэнх мөнгө нь вальют болоод гадагшаа урсана. Энэ хэрээр ханш өснө гэсэн үг. Вальютын ханш өснө гэдэг нь иргэдийн амьдрал туйлын хүнд болно гэсэн л үг. Бидний идэж уудаг, өмсөж хэрэглэдэг зүйлийн үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр иргэдийн амьдралд хүндрэл бий болгох төсвийг өргөн барьлаа гэж харж байгаа юм. Нөгөөтэйгүүр 21 их наяд нь урсгал зардал. Урсгал зардлын дийлэнх нь цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх замаар гарна. Худалдан авалтыг нэмэгдүүлж, гадаад худалдааг дэмжих нөхцөл байдал. Энэ их хэмжээний мөнгө гадагш урсана. Мөнгөний бодлогыг Монголбанкнаас өргөн барьсан. Төсвийн хэлэлцүүлгүүдтэй зэрэгцэн хэлэлцүүлэгт ороод явж байгаа. Монголбанкнаас ийм тэлсэн төсвийн үед бодлогоо хатуу барина гэдгээ хэлж байна. Монголбанкны бодлогын хүү нэмэгдэх нь ААН-д ирэх зээл багасны гэсэн үг.

-Ер нь төсвийг батлахдаа бид юун дээр анхаарах шаардлагатай байна?

-Бид гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудын хэлж сануулж буйг сайн сонсох хэрэгтэй. Тэндээс маш зөв санал санаачилга гардаг. Харамсалтай нь хэт олонхоос бүрдсэн намынхны "чих нь хатуу", сонсдоггүй. Сөрөг хүчний зүгээс өчнөөн дүгнэлт өгч төсөв өргөн барих үед чадахаараа сануулдаг. Бид сөрөг хүчний ажил хийгээд байгаа юм биш. Улс орны амьдрал болохоо байлаа, улс орноо бод гэдэг зүйлийг л ярьдаг. Төсвийн алдагдалтай холбоотой гадаад өрийн асуудал тавиад туучихлаа. Харамсалтай нь өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан байнгын хорооны хуралдааны үеэр өрийн асуудлаа шийдвэрлээд жигтэйхэн мундаг байгаа гэж ярина лээ. Гэтэл энэ парламент 2020 оны зургаадугаар сард бүрдээд орж ирэхэд ЗГ-ын өр 25 их наяд байсан. Өнөөдөр 35 их наяд болгоно гээд яриад явж байна. 7-8 их наядын гадаад өрийг өсгөчихсөн явж байна. 2016-2017 оны хямралын үетэй харьцуулахад нүүрс 20 дахин, зэс 2 дахин нэмэгдчихсэн. Өрөө төлөөд цаана нь бүтээн байгуулалт хийчихсэн байх боломжийг замбараагүй төсвөөр тараагаад хаячихлаа. Үнэхээр харамсалтай.

Ярилцсанд баярлалаа.

Ц.Мөнхцэцэг: Өнөөдрийн хүүхдийн хяналтын сонсголын үеэр ялын бодлого болон гэмт хэргийн гаралтын хоорондох холбоо механизмын талаар мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоно
Ц.Мөнхцэцэг: Өнөөдрийн хүүхдийн хяналтын сонсголын үеэр ялын бодлого болон гэмт хэргийн гаралтын хоорондох холбоо механизмын талаар мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.