Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан олон гэмт хэрэг ар араасаа гарлаа. Харамсалтай нь эдгээр гэмт хэргийн хохирогч нь бага насны хүүхдүүд байсан нь хүүхэд хамгааллын асуудлыг анхаарлаас гадуур хором ч орхиж болохгүйг анхааруулав. Тэгвэл хүүхэд эрхийг хангах чиглэлээр энэ сарын 25-нд буюу өнөөдөр хяналтын сонсголыг зохион байгуулж, хүүхэд хамгааллын чиглэлд ажиллаж буй төр, иргэний нийгмийн байгууллагууд тойрч суугаад асуудлаа хэлэлцэх гэж байна. Сонсгол болон бусад цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Хүүхдийн эрхийг хангах асуудлаар ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр болох гэж байна. Таны хувьд сонсголыг зохион байгуулах ажлыг ахалж байгаа. Ер нь сонсголоор ямар асуудалд төвлөрч ярилцах вэ. Талуудын оролцоог хэрхэн хангах вэ?
-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд нийтийн эрх ашиг хөндөгдсөн тодорхой асуудлаар олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд УИХ-ын ерөнхий хяналтын сонсголыг явуулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд хүүхдийн эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах гэж байна. Сүүлийн үед олныг цочирдуулсан гэмт хэргүүд олноор гарлаа. Энэ асуудлаар төрийн байгууллагын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн асуудал зөрчлүүд юу байна гэдгийг олон нийтэд нээлттэй хүргэх үүднээс аравдугаар сарын 25-нд буюу өнөөдөр тус сонсголыг зохион байгуулахаар болсон юм. Энэ сонсголд Монгол Улсын хүний эрхэд хяналт тавих байгууллагууд, цагдаа хүчний байгууллагууд болон энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгэм олон улсын байгууллагууд, хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчийн төлөөлөл ч оролцох боломжтой. Оролцох хүмүүсийн хүсэлтийг авч эхэлсэн. Бүртгэлийн хуудас бөглөөд оролцох боломжтой.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр ч удаагийн сонсголыг зохион байгуулсан байдаг. Тодруулбал, хугацаат цэргийн албаны дүрмийн бус дэглэлтийн талаар болон жагсаал цуглаан хийх асуудлаар хийсэн. Эдгээр сонсголд ЦЕГ, ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг нэлээн өргөн хүрээтэй оролцсон.
Тэгвэл энэ удаагийн сонсголоор өнөөдрийн нөхцөлд манай улсад хүүхдийн эрхийн хэрэгжилт ямар байгаа вэ, яагаад хүүхэд гэмт хэргийн золиос болоод байна вэ, бид юуг шинэчлэх шаардлагатай вэ зэргээр ярилцаж санал солилцоно. Мөн түүнчлэн УИХ-д яаралтайгаар өргөн барьж буй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж буй хуулийн өөрчлөлтөд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон мэргэжлийн судлаач экспертүүд ямар саналтай байгааг сонсоно. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуульд санал авна.
Сонсголын дараагаар Хүний эрхийн дэд хорооноос тодорхой санал, зөвлөмж дүгнэлтээ танилцуулна. Шаардлагатай гэвэл УИХ-аар хуулиудыг дахин хэлэлцэж, хамтарсан баг болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд шат дараатай үйл ажиллагаануудыг хийнэ.
Сонсголын үеэр ялын бодлого болон гэмт хэргийн гаралтын хоорондох холбоо механизмын талаар мэргэжлийн хүмүүс нь үгээ хэлэх байх. Ер нь ялын бодлогыг чангатгаад хүчирхийллийн эсрэг дорвитой үр дүн гарна гэж найдаад сууж болохгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, урьдач нөхцлийг багасгах гэдэг нь өргөн хүрээтэй асуудал. Энэ утгаараа нэлээн өргөн цар хүрээтэй ярилцах болно.
-Тойрч суугаад асуудлуудаа ярилцах гэж байгаа нь авууштай. Гэхдээ нөгөө талдаа аливаа нийгмийн шуугиулсан гэмт хэргийн болсны хойно сонсгол хийнэ, мэдээлэл сонсоно, хуулийг өөрчилнө гэх байдлаар ажиллаж буйд шүүмжлэлтэй хандах хүмүүс байна. Ер нь сонсгол хийсний ач холбогдлыг юу гэж харж байгаа юм бэ. Үр дүн гарах уу?
-Хүүхэд хамгааллын асуудал бол Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, аюулгүй орчинд аж төрөх эрхтэй холбоотой асуудал. Хоёрдугаарт, хүүхдээ хамгаалах нь монгол төрийн хамгийн чухал үүрэг. УИХ, ХЗБХ, Хүний эрхийн дэд хорооноос өнгөрсөн хугацаанд хүний эрхийг хамгаалах институт механизм чиглэлд ажиллаж ирсэн. Тухайлбал, жил бүрийн ХЭҮК-ын тайлан илтгэлд хүүхдийн эрхтэй холбоотой цогц асуудал орж ирдэг. Жишээлбэл, хамгийн сүүлд 2023 оны тавдугаар сарын 4-нд УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоолд ХЭҮК-ын 22 дугаар илтгэлтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тусгасан. Үүнд хүүхдийн эрхийн тухай заалтууд багтсан Энэ хүрээнд хүний эрхийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагууд ажиллаж байгаа. Тухайлбал, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Гэмт хэргийн гэрч, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийн биелэлтийг хангахад гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, өсвөр насныхны хорих ял эдлэх явцад хяналт тавих, шаардлага хангахгүй байгаа дотуур байруудад ажиллах, сурч боловсрох эрхийг хангах зэрэг гурван чиглэлийн тогтоол гарч байсан. Харамсалтай нь, энэ явцад хэд хэдэн хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд гарлаа. УИХ-аас баталсан тогтоолуудын хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс хяналт шалгалтыг чангатгах чиглэлд бодлогын шинэчлэлүүдээ хийгээд л явах шаардлагатай. Шаардлагатай бол төсөв болон хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр өргөн талт ажиллагаа явуулна.
Монгол Улсад ажиллаж байгаа хүний эрхийн байгууллагууд тэр дундаа олон улсын байгууллагууд хүүхэд хамгаалалд сэтгэл гарган ажиллаж байгаад Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд талархалтай хандаж байгаа. Гэхдээ цаашид УИХ энэ чиглэлд илүүтэй анхаарал хандуулах шаардлага байсаар байна.
-Хүүхэд хамгааллын чиглэлд ажиллах ёстой байгууллагууд нь өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм бэ хэмээн иргэд шүүмжилж байгаа нь мэдээллээ ил тод өгдөггүйтэй шууд холбоотой гэж харж байна?
-Иргэд төрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах эрхтэй. Засгийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй гэдэг нь ардчиллын гол зарчим. Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд томоохон заалтууд багтсан гэж харж байгаа. Жишээлбэл, УИХ-аас томилогддог төрийн өндөр дээд албан тушаалтнуудын томилгоо өмнө хаалттай байсан. Тухайн төрийн албан тушаалтныг томилох эрхтэй субъект нь нэрсийг оруулж ирж, УИХ баталдаг байсан. Тэгвэл одоо томилгооны сонсголыг хийдэг болсон. Энэ бол мэдээлэл авах нээлттэй эрхийг хангаж байгаа нэг том алхам гэж харж байна. Мөн УИХ болон төрийн бусад байгууллагууд үйл ажиллагаа ямар байна, юу нь болохгүй байна гэдэг мэдээллээ иргэд олон нийт болон хэвлэлийнхэнд нээлттэй өгч байх ёстой. Үүнд хатуу байр суурьтай байдаг. Харамсалтай нь зарим албан тушаалтнууд байгууллагын нууц гэх нэрийн дор мэдээллээ өгдөггүй. Энэ бол маш зохисгүй буюу хүний мэдэх эрхэнд халдаж байгаа үйлдэл. Тиймээс УИХ-аас хэд хэдэн хуулиар мэдээлэл авах эрхийг нээлттэй тавьж өгч байгаа. Намрын чуулганаар иргэдийн мэдээлэл авах эрхийн тухай хууль орж ирэх юм. Энэ хуульд ч хуулиар хориглогдсоноос буюу мэдээллийг олон нийтэд ил тод гаргаж өгөх талаар тусгаж буй юм.
-Орон нутгийн хамтарсан багт ажилладаг нийгмийн ажилтнуудын 50 орчим хувь нь мэргэжлийн бус. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулах шаардлагатай-
-Хүүхдийн аюулгүй байдал бүхий л орчинд хангагдаж байх ёстой. Үүнд хамгийн ойроос хяналт тавих нь хамтарсан баг. Гэвч хамтарсан баг ажиллаж чадахгүй байна. Ийм байхад хүний нөөцийг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажилладаг орон нутгийн нэгж дээр болон хүүхэд асрах байруудад төсвийг нь жил бүр нэмж байгаа. Гэвч хамтарсан багийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, арга зүйгээр хангах, хүний нөөцийн нэмэгдүүлэх шаардлага бий. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн ажлын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж харж байна. Бид хэд хэдэн удаа нийгмийн хамгааллын ажилтнуудтай уулзаж байсан. Тэдний зүгээс нэгж дээр хүний нөөцийн дутагдал, төсөв дутагдалтай байгаа талаарх асуудлуудыг дурддаг.
Төсөв нэмэхээс гадна тэнд байгаа ажилтнуудаа мэргэшүүлэх шаардлага байна. Бидэнд байгаа судалгаагаар орон нутгийн хамтарсан баг дээр ажилладаг нийгмийн ажилтнуудыг 50 орчим хувь нь мэргэжлийн бус байгаа. Тэгэхээр нийгмийн ажилтнуудын хүний нөөцийн бэлтгэлийг хангаж, сэтгэлзүйчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хүний нөөц, санхүү, зохион байгуулалт чиглэлд ажиллах ёстой гэсэн үг.
Ер нь хүчирхийлэл гарахаас өмнө бид урьдчилан сэргийлэх ёстой юм. Гэмт хэрэг гарсаны дараа хэд хоног сенсацлаад мартах биш урьдчилан сэргийлэх ажиллагаа асар чухал. Үүнд эцэг, эх асран хамгаалагч гээд бүх талын хамтын ажиллагаа чухал. Тиймээс Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн орчинд нь хүүхдийг аюулгүй байдлыг хангах, эцэг нь салсан тохиолдолд хүүхдэд өгөх тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх өөрчлөлтүүд чухал байна. Ер нь эцэг, эхийн орлогоос хамааруулан тэтгэмжийг тогтоох нь зөв юм билээ. Хүүхэд хаана ч байсан тухайн орчиндоо аюулгүй байх ёстой. Энэ тал дээр өргөн хүрээний дэмжлэг шаардлагатай гэвэл тодорхой зохицуулалтуудыг оруулах чухал байна.
-Алга болсон хүүхэдтэй холбоотой тусгайлсан хууль дүрэмтэй байх ёстой талаар та дурдаж байсан?
-Дорноговь аймаг амиа алдсан охины тухайд, цагдаагийн байгуулага, мөрдөн байцаах албаны чадварт тодорхой зохицуулалтууд хэрэгтэй байна. Дэлхий дахинд хүүхэд алга болсон тохиолдолд мөрдөн шалгах цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд байх ёстой юм байна гэдэгт санал нэгддэг. Дэлхийн олон улс алга болсон хүүхдийн талаар тусгайлсан хуультай байна. Тус хуульд эхний цагт ямар байгууллагууд хэрхэн ажиллах вэ, мэдээллийг хэн хаанаас өгөх вэ зэрэг ажиллах механизмыг нарийвчилсан байдаг. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хуулиуддаа мэргэжлийн өндөр түвшний зохицуулалт хийх шаардлагатай. Хүний наймаа, хүүхэд алга болсон хэрэг бол өндөр түвшний зохион байгуулалттай гэмт хэрэг. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн дайтай хэрэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагаа илүү чадваржуулах шаардлагатай.
Жишээлбэл, манай ЦЕГ-ын мөрдөн байцаах журамд алга болсон хүүхдийн асуудлаар тусгайлсан журам алга байна. Тэгэхээр хүүхэд алга болсон тохиолдолд 24-48 цаг маш чухал. Энэ цагт л мэргэжлийн үйл ажиллагаа явуулахгүй бол хүүхэд амьд олдох найдвар багасдаг. Тиймээс энэ чиглэлээр мөрдөн байцаах албаа чадавхжуулах шаардлагатай. Мэдээлэл нь маш хурдан дамжих ёстой. Мөрдөн байцаах үйл ажиллагааны нууцыг задруулахгүй байх шаардлагатай.
-Хуульд тусгаж оруулах нь хэр боломжтой гэж харж байгаа юм бэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон эрүүгийн хууль, ЦЕГ-ын мөрдөн байцаах дотоод дүрэм журамд ч нэмээд оруулах боломжтой. Монголд нутагших боломжтой хууль, тогтоомжийн заалтууд юу байж болох вэ гэдгийг судалж байна. Бид криминологийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн байр суурийг сонсголоор сонсоно.
-Цаазын ялтай байснаар онц хүнд гэмт хэргийн тоо буурах уу, үгүй юу гэдгийг маш сайн судлах шаардлагатай-
-Хүүхэд хамгааллын чиглэлд хууль тогтоомж нь байна, төрийн байгууллагууд нь ажиллаж байна. Гэхдээ нөгөө талд энэ чиглэлд ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж, дэмжих цаг нь болсон юм бишүү гэдэг асуудал хөндөгдөж байна л даа. Ямарваа нэгэн төрийн дэмжлэггүйгээр бор зүрхээрээ хүүхэд хамгаалалд хувь нэмрээ оруулаад явж буй байгууллагууд бий шүү дээ. Төр хийж чадахгүй бол ядаж хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь зөв юм шиг ээ?
-Тантай санал нийлж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах нь монгол төрийн үүрэг. Гэхдээ энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд бүх талуудын оролцоог хангаж, дэмжин туслах, мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой. Энэ чиглэлд иргэний нийгмийн байгууллагууд маань сайн ажиллаж байгаа. Төр тэдгээр байгуулагуудыг дэмжин ажиллах ёстой. Ялангуяа хүний эрхийг хангах чиглэлээр ялангуяа иргэний мэдээлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхүүдэд иргэний нийгмийн байгууллагууд манлайлж дуу хоолой болж ажиллаж ирсэн. Тэднийг дэмжих чиглэлд ажиллана.
Гэхдээ төр энэ асуудлыг зөвхөн эцэг, эх, иргэний нийгмийн байгууллагуудын асуудал гээд орхиж болохгүй. Үндсэн үүргээ биелүүлэх ёстой. Хэн нэгэнд найдаад суух ёсгүй. Монголын төр нөөцийг зөв хуваарилж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд эрх зүйн бүхий л арга хэмжээг авах шаардлагатай.
-Энэ цаг үед Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж оруулж ирж байгаагаараа онцлог. Таны хувьд хуулийн төсөлд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Ялын бодлого асар чанга байхын хэрээр гэмт хэрэг төдийлөн буурах уу гэдэгт судалгаа дүгнэлт хэрэгтэй. Саяхан гарсан гэмт хэргүүдтэй холбоотойгоор олон нийтийн зүгээс цаазын ялыг сэргээх шаардлагатай гэдэг асуудлыг хөндлөө. Бид ялын бодлогыг чангатгаж хэрэглэхдээ олон улсын жишиг, гэмт хэргийн суурь шалтгаан нөхцлийг тодорхойлох нь зөв. Жишээлбэл, цаазын ялтай байснаар онц хүнд гэмт хэргийн тоо буурах уу үгүй юу гэдгийг маш сайн судлах шаардлагатай. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдэгдэж буйд нөлөөлж буй нийгмийн суурь шалтгаанууд бий. Жишээлбэл, манай улсын хувьд маш олон гэмт хэргийн суурь шалтгаан нь архидан согтуурлаас үүдэлтэй байдаг. Мөн ажилгүйдэл, ядуурал гэх мэт.
Тиймээс зөвхөн ялын бодлогыг чангатгаад амар тайван сууж болохгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд суурь шалтгааныг арилгахаар ажиллах шаардлагатай.
Ярилцсанд баярлалаа