Хүн инээмсэглэж байхдаа хамгийн хөөрхөн харагддаг шиг чанга чанга дуугаран инээж байхдаа хамгийн их баяр баяслыг мэдэрдэг. Яг л энэ нийгэмд инээд шиг хэрэгтэй зүйл үгүй мэт.
Тэгвэл хэдхэн жилийн өмнө "3 сая инээд" шоунд оролцож, шүүгчдийг тэр дундаа Монгол хүн бүрт хэсэг зуурт ч гэсэн баяр баясал мэдрүүлж байсан эрхэм бол хошин урлагийн отгон продакшн болох "Эмоци"-ийн Бээгий буюу Г.Бямбахүү юм. Хүүхэд байхаасаа л урлагийн хүн болно хэмээн мэргэжлээ тодорхойлсон байсан түүнтэй хэсэг хугацаанд ярилцаж, амьдралынх нь алтан хормуудыг эргэн нэг саналаа.
-"Эмоци" продакшн 10 жилийнхээ ойд зориулж "Нэгэн зуны цэцэг" драмын жүжгийг үзэгчдэдээ хүргэж байна шүү дээ. Таны хувьд энэхүү жүжигт ямар дүр дээр ажиллаж байна?
-Миний хувьд Сэргэлэн гэх залуугийн дүрд тоглож байгаа. Баатархүү ахын хүү. Олон жилийн дараа шоронгоос гарч ирж байгаа нэг дүр байгаа. Анх зохиолоо уншаад, "Сэргэлэнгийн дүрд Бээгий явна. Үсээ хусуулаад, сахлаа ургуулаарай" гэсэн. Тэгээд л олон жил шоронгоос гарч ирсэн хүн ямар харагдах вэ гэдгийг их бодсоны эцэст үсээ хусуулаад, сахлаа ургуулаад л бэлдсэн дээ.
-Таныг цахимаар харахаар их л инээд хөөртэй, хөгжилтэй хүн шиг харагддаг. Гэтэл яг одоо нэг л дотогшоогоо дуугаа хураачихсан, их юм бодож, бодолд дарагдсан юм шиг харагдаж байна?
-Ер нь бол их чимээгүй болсон. СТӨ-ний хаана л ямар булан байна тэнд очоод шигдчихмээр тийм л мэдрэмжийг авч байгаа.
-Таны дүр хувь хүнтэй тань харьцуулахад тэс ондоо биз тийм үү?
-Тийм шүү. Би ч чинь тийм хурц, ширүүн хүн биш шүү дээ. Зөөлөн хүн.
-Таныг анх ямар нэг шоунаас харж байсан санагдаад байна. Гэхдээ яг тэр шоу гээд оноогоод хэлж чаддаггүй?
-Боловсрол суваг телевизийн "3 сая инээд" шоунд орж байсан юм. Тэгэхэд л хүмүүс намайг таньж, мэдэж эхэлж байсан. Гэхдээ бүр хамгийн анхны бичлэг нь машин дотор олон хэл дээр дуу дуулж байсан юм.
Тэгээд би "Эмоци" продакшнд бараг 1 жил болчихсон байж байтал "3 сая инээд" шоунд ороод үзээч гээд манай ах нар санал болгосон юм. Ингээд Аагий бид 2 хамт оръё гэж яриад бэлдэж байтал яг цаг тулсан чинь Аагий маань айгаад ороогүй. Тэгээд л би ганцаараа ороод даалгавраа биелүүлээд гарч ирж байлаа.
-Та тэгээд хэдэн төгрөг хожсон юм бэ?
-3 сая төгрөг аваад л гараад ирсэн дээ.
-Тэгвэл "Эмоци" продакшнд хэрхэн орж байсан юм бэ?
-Би сургуулиа төгсөөд бараг л лааз өшиглөөд явж байгаад нэг киноны арын албанд ажиллаж байсан юм. Гэтэл тэнд Баатархүү ахтай таартал Баатархүү ах миний машинд дуулж байсан бичлэгийг үзэж таарсан юм билээ. Ингээд л Баатархүү ах надаас "Чи жүжигчин юм уу. Өөр юу чадах вэ гэж асуугаад, тэгээд л за тэгвэл чи ах дээрээ ир. Эхний ээлжинд дагалдаад яваад үз" гээд намайг хөтөлж орж ирж байсан юм. Тэгээд л анх энэ өрөөнд ороод иртэл Тэмка ах "Энэ юун хүүхэд вэ. За яахав харъя" гээд л орж ирж байсан юм.
Гэтэл одоо Эмоци продакшн маань 10 жил болчихсон байна. Би 6 жил болж байна.
-Та СУИС-ийг төгссөн үү. Төгсөөд ямар ажил хийж байсан юм бол?
-СУИС-ийг 2014 онд н.Сугар багшийн удирдлага дор төгсөж байсан юм. Тэгээд шууд төгсөөд л ажлын байран дээр гараад амжилттай ажиллана гэж байхгүй шүү дээ. Энд тэнд кинонд яваад, арын албан ажиллаад туслах хийгээд бараг 2 жил болсон. Нөгөө жинхэнэ утгаараа мэргэшинэ гэдэг шиг киноны арын албанд утгаар нь мэргэшсэн. Гэхдээ л бүтэн 2 жилийн хугацаанд арын албанд ажиллана гэдэг хүнд шүү дээ. Хоолтой хоолгүй, хүйтэн нойтон гээд их хэцүү ажлыг хийдэг. Ер нь их хүнд нөхцөлд ажилладаг.
Би "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үгэнд их итгэдэг байхгүй юу. Одоо ч гэсэн хичээгээд л явж байна. Ер нь бага ч гэсэн хичээвэл шат ахиад явж байдаг гэж боддог. Бас хүний амьдралд шантрах үе тохиолддог юм билээ. Энэ үеийг л давчихвал бүх зүйл сайхан болно. Ном журмандаа орно.
-Одоо юу өөрчлөгдсөн байна?
-Бээгий гэдэг хүн Бээгий хэвээрээ л байна. Яахав ололт амжилтын хувьд гэвэл арай илүү ахиц дэвшилтэй байна. Ингээд харахаар саяхан л арын албанд ажиллаад байж байсан бол одоо жүжигчин болчихсон байна.
СУИС-ийг төгсөөд л жүжигчин болно гэж байхгүй болохоор аль болох хөдөлмөрлөөд л явж байна. Ямар ч байсан шат ахисан байна. Тиймээс заримдаа өөртөө урам өгдөг.
-Таныг анхны хайртайгаа гэрлэсэн гээд л ярьдаг шүү дээ. Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан юм бэ?
-Эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцана гэвэл их урт түүх болно. Гэхдээ товчлоод ярьчихъя. Намайг 4-р ангид байхад манай ангид нэг хөөрхөн охин шилжиж ирж байсан юм. Тэгээд би тэр охинд дурлаад бараг 8-р ангиасаа эхлээд үерхэж эхэлсэн юм. Тэгээд л өнөөдрийг хүртэл хамтдаа байна. Бүр хоёр хүүхэдтэй болчихсон байна.
Бараг ихэнх дуун дээр кинон дээр анхны хайр бүтдэггүй гэж гардаг шүү дээ. Гэхдээ миний хувьд анхны хайртайгаа гэрлэсэн. Ер нь анхны хайр нь бүтсэн маш олон хүн байдаг юм билээ.
-Хүүхэд байхдаа дуулах дуртай, байнга дуулаад явж байдаг байсан гэж сонссон юм байна. Дуучин болъё гэж бодоогүй юу. Гэр бүл нь жүжигчин болоход нь хэрхэн хүлээж авч байв?
-Гэр бүлийнхэн маань намайг урлагийн хүн болно гэж боддог байсан. Гэхдээ ээж маань намайг дуучин болох байх гэдэг байсан л даа. Учир нь би хүүхэд байхдаа л дуу их дуулдаг байсан юм. Ялангуяа морины Батбаяр гээд ярьдаг шүү дээ. Түүний дуунуудыг байнга дуулдаг байсан. Их тэмцээн уралдаанд ороод л, байр эзлээд л ер нь их дуулдаг л хүүхэд байсан. Тэгээд 8-р ангидаа өөрийгөө жүжигчин болох юм байна гэдгээ мэдрээд жүжигчнээр СУИС-д хэд хэдэн удаа шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд арай гэж тэнцээд жүжигчин болж байсан юм даа. Одоо бол манай гэр бүл, эгч нар маань миний улаан фен.
-Хамгийн сүүлийн асуултын хариуг яах аргагүй хамтлагийнхандаа зориулах нь зүйтэй байх?
-Манай хамтлаг бол хамгийн шилдэг нь. Энэ хамтлагт ажиллаж байна гэдэг бол маш том хариуцлага. Бас "Эмоци" продакшныхаа нэг олсыг нь үүрээд хөлөг онгоцыг нь таталцаад явж байгаадаа маш их бахархдаг. Тиймээс тэр олсыг хүчтэй татаад дэмнээд, туслаад явахыг зорьж ажиллаж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Тун удахгүй видео ярилцлагыг UBN.mn пэйжээс хүлээн авч үзээрэй.