ХУД-ийн 18 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай, хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн.
Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин "Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг очиж ажилласан. Боловсролын газрын зүгээс түрээсийн байртай холбоотой асуудал байж болзошгүй учраас шийдвэр гаргаж зогсоосон. Ингээд үндсэн сургуулийн танхимд танхим, цахимаар хосолсон байдлаар явуулж байгаа. Хичээл сургууль явж байхад дахин ийм асуудал үүссэн. 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга 12 дугаар сард ашиглалтад орно. Тиймээс өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллаж байна" гэлээ.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган "Анх есдүгээр сарын 21-нд хүүхдүүд хордсон гэх дуудлагын дагуу яаралтай түргэн тусламжийнхан ажилласан. Улмаар хордлого тайлах эмчилгээг өгч ажилласан. Гэтэл аравдугаар сарын 12-нд дахин дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ажиллахад 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай байсан. Тиймээс түргэн тусламжийнхан ажиллаж, 7 хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчилсэн. Хордсон хүүхдүүдийн 4 нь өмнө нь хордсон хүүхдүүд байсан. Өнөөдөр 2 нь эмнэлгээс гарч байна" гэлээ.