Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.220, мөрдөн байцаалтын 2875 хэрэгт хяналт тавьж, нийт 193 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Монгол Улсын иргэн Э.Б нь Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд ирэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн Завхан аймгийн прокурорын газраас Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б, нягтлан бодогч Б.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, багш, ажилчдын цалин, урамшууллын илүү бодож олгосон цалинг авч, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга Ц.Н нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн илүү төлөлтийг хувьдаа ашиглаж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.