Англи хэлийг цахимаар зааж, өдгөө 150 гаруй шавьтай болсон ЕСӨН настай Д.Аргабилэг хүүг UBN сайт онцолж байна. Тэрбээр, аавынхаа тусламжтайгаар зургаан настайгаасаа эхлэн англи хэл сурч, өдгөө ADVENCED түвшний мэдлэгтэй болжээ.
Д.Аргабилэг өнгөрсөн зуны амралтаасаа эхлэн үеийнхэндээ англи хэлний анхан шатны мэдлэг олгох зорилготой цахим сургалт явуулж эхэлсэн нь өнөөдөр түүнийг 150 гаруй шавьтай чадварлаг багш болгосон байна.
Бид түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
"НАДААР ХИЧЭЭЛ ЗААЛГАДАГ ХҮҮХДҮҮД НАМАЙГ "ЯМАР МУНДАГ ЮМ БЭ" ГЭЭД Л БАЙДАГ"
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад, англи хэлийг хэдэн настайгаасаа сурч эхэлсэн талаараа мэдээлэл өгөөч?
-Сайн байцгаана уу. Намайг Д.Аргабилэг гэдэг. Ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Зургаан настайгаасаа англи хэл сурч эхэлсэн. Англи хэл сурах нь яагаад чухал вэ гэхээр миний таньдаг том хүмүүс бүгд англиар ярьдаг. Тиймээс тэдэнтэй чөлөөтэй харилцахын тулд англи хэл сурах ёстой гэж бодсон.
-Англи хэл сурах хэцүү юу?
-Хэцүү зүйл байхгүй. Харин гоё зүйл байгаа.
-Гоё зүйл нь юу вэ?
-Дуртай тоглоомоо тоглохдоо гадаад хүмүүстээ чөлөөтэй харилцаж, санал бодлоо солилцож, харилцаж чаддаг учраас англи хэл сурах дуртай.
-Англи хэлний цахим сургалтаа хэзээнээс эхлүүлсэн бэ. Яагаад хүүхдүүдэд англи заая гэж бодсон юм бол?
-Би өнгөрсөн зуны амралтаасаа эхлээд хүүхдүүдэд зориулсан англи хэлний цахим сургалт явуулж эхэлсэн. Хүүхэд байхдаа сурсан зүйл бараг мартагддаггүй гэж аав хэлсэн. Тийм учраас англи хэл зааж эхэлсэн. Бас том хүн зааснаас үеийн хүүхэд нь заавал илүү сайн сурдаг юм шиг санагдсан.
-Хичээлд нь сууж англи хэл заалгасан хэдэн хүүхэд байгаа вэ?
-Нилээн олон анги төгсгөсөн учраас 150 гаруй хүүхэд байгаа гэж бодож байна.
-Чи хэр сайн багш вэ?
-Надаар хичээл заалгадаг хүүхдүүд намайг "Ямар мундаг юм бэ" гээд л байдаг шүү дээ.
-Шавь нар нь хичээлдээ хэр идэвхтэй байна. Тасалж байна уу?
-Өдөрт яаж ийм байгаад л 4-5 хүүхэд алга болчихдог. Чөлөө авмаар байна. Тэгж ч өвдчихлөө. Ийм ч ажил гарлаа гээд шалтаг хэлээд л тасалчихдаг.
-Англи хэл сурч байгаа хүүхдүүд юун дээр анхаарах ёстой гэж боддог вэ?
-Англи ном уншиж англи хэл сурах хэрэгтэй гэж боддог. Ойлгохгүй байсан ч хамаагүй. Уншаад л байх хэрэгтэй. Мэдэхгүй үгнүүдээ түүж орчуулаад ойлгох гэж хичээх нь чухал. Би ном уншиж, орчуулж цээжилсээр байгаад сурчихсан. Бас сонссон зүйлээ дуурайж хэлэх аргыг ашиглаж дуудлагаа сайжруулах нь үр дүнтэй байдаг.
-Ойрын болон хэтийн зорилгоо юу гэж тодорхойлж байна вэ?
-Ойрын зорилго гэвэл англи хэлийг төгс сурах. Сурсан зүйлсээ илүү олон хүүхдэд зааж, англи хэлний анхан шатны мэдлэг олгохыг зорьж байна. Хэтийн зорилго бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, улс эх орондоо хэрэгтэй хүн болох.
"Д.АРГАБИЛЭГИЙН ЧАДВАР АНГЛИ ХЭЛИЙГ МЭРГЭЖЛЭЭ БОЛГОЧИХСОН ХҮНТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНД ОЧСОН"
Д.Аргабилэгт англи хэл зааж, мэдлэгийн хүрээг нь тэлсэн хүн бол түүний аав А.Даваажаргал. Англи улсад нэг коллеж, хоёр дээд сургууль төгссөн. Хүүхдийнхээ англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд өдөр бүр 15 минутыг зарцуулж хичээл заасан нь төсөөллөөс давсан гайхалтай үр дүнд хүргэсэн хэмээн онцлон ярилаа.
Тодруулбал тэрбээр, “Би хүүдээ хоёр сарын хугацаанд өдөр бүр 15 минут зарцуулж, англи хэл заасан. Хоёр сарын дараа миний төсөөллийг давсан үр дүн гарсан. Эндээс би эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ тууштай, тулж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Яг ийм байдлаар хүүтэйгээ үргэлжлүүлж ажилласны үр дүнд Д.Аргабилэгийн чадвар англи хэлийг мэргэжлээ болгочихсон хүнтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд очсон. Үүнээсээ улбаалаад би хүүдээ нэг санал тавьж, хоёр сонголт өгсөн. Тодруулж хэлбэл, “Англи хэлээ сайжруулахын тулд хүнд мөнгө өгөх үү, хүнээс мөнгө авах уу” гэж асуусан. Хэрэв хүнээс мөнгө авах сонголтыг хийвэл чиний ачаалал хоёр дахин нэмэгдэнэ. Гэхдээ чи маш олон хүүхдийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна өөрийнхөө чадварыг сайжруулах боломжтой гэж хэлсэн. Хүү маань хоёр дахь сонголтыг хийснээр бидний багшийн ажил эхэлсэн. Миний хувьд яагаад ийм шийдвэрийг гаргасан бэ гэхээр хүүхэд хүүхдэдээ англи хэл зааж өгвөл илүү үр дүнтэй байх болов уу гэж бодсон учраас ийм шийдвэр гаргасан. Зөв ч байсан. Сургалтад хамрагдсан хүүхдүүд зорьсон зорилгодоо маш хурдан хүрч, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байдаг болсон" гэлээ.
Аав хүү хоёрын хамтрал өдгөө үр өгөөжөө өгч, өнөөдрийн байдлаар 150 гаруй хүүхэд англи хэлний анхан шатны мэдлэгийг бүрэн эзэмшсэн байна. Анх зар оруулчихаад хүн бүртгүүлэхийг хүлээдэг байсан тэд өнөөдөр тоолж баршгүй олон хүнд танигдаж, сургалтад хамрагдахыг хүссэн хүүхдүүдийн хүсэлтэд "дарагджээ".