Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шалгаж байгаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад, "Шалгалтын дүн одоогоор надад ирээгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй зүй бусаар харьцсан гэсэн гомдол ирсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Хэрэг явдлыг эргэн сануулахад, "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах юм уу" гэж хараагүй иргэнийг доромжилсон Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөд хариуцлага тооцохыг шаардаж буйгаа илэрхийлэн хэвлэлийн хурал хийсэн.
Үүний дараа, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө фэйсбүүк дэх өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх асуудалтай холбоотойгоор уучлалт хүссэн байдаг.
Тэрбээр "Миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-гуудаар хуваарь гарган очиж ажилласан билээ. Одоогоос дөрвөн сарын өмнө МХҮХ-нд ирж энэхүү талбайн тохижилт хийх шаардлагатай байгаа хүсэлтийг сонсоод улмаар төслийн санхүүжилтээр хийж өгөхөөр бид тохиролцсон билээ. Харамсалтай нь зураг төсөвгүй удсаар бид ч яаруулсаар төслийн ажил цаг хугацаандаа амжихгүй болж өөр тийш шилжиж таарав.
Хэн хэн нь л нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьсон ажил байлаа. Улмаар холбооны зүгээс намайг буруутгаж, би ч та нар зураг төсвөө хоцроолоо гэж сануулсаар байсан бөгөөд энэ асуудлаас болж үл ойлголцол үүсэхэд хүрсэн.
Бид утсаар ярихад "нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ цаг хугацаанаасаа хоцорсон та нараас боллоо" гэж хэлсэндээ албан ёсоор чин сэтгэлийн уучлалт хүсэж байна. Мөн нийтэд тустай энэхүү ажлыг заавал хийж дуусгахаа МХҮХ-ны олон мянган гишүүдийн өмнө хариуцдагтайгаар мэдэгдэж байна" гэсэн юм.