Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ 2024: Төрөөс малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөд 25.1 тэрбум төгрөг, 2024 оны сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна

Огноо
Унших
6 минут 21 секунд

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Ирэх оны төсвийг Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болсон хэмээн онцолж буй. Тэгвэл төсвийн төсөлд тусгагдсан онцлох агуулгуудыг та бүхэнд багцлан хүргэж байна.

-Цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг ирэх оны дөрөвдүгээр сараас 10 хувиар НЭМНЭ-

ВИДЕО: Тэтгэврийн нэмэгдэл шалгах ЗААВАР

Төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг харин зарлагыг 27.4 их наяд төгрөг хэмээн тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг аж.

Төсвийн төсөлд ирэх онд иргэдийн орлогыг инфляцитай уялдуулж 10 хувь нэмэгдүүлнэ хэмээн тусгажээ. Тодруулбал, зарим төрийн алба хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэврийг итгэлцүүрээр нэмэх ажлын хүрээнд төсөв тодотгоод ердөө гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 20 хувиар нэмэгдүүлж, өндөр настны тэтгэвэр болон бусад нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх аж. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх эл арга хэмжээнд 881.4 мянган иргэн хамрагдах бөгөөд нийт дүнгээр 881 тэрбум тэрбум төгрөг шаардагдах аж.

-Малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах шийдвэрийн хүрээнд 25.1 тэрбум төгрөгийг зарцуулна-

Адуундаа яваад сураггүй болсон малчныг 10 дахь өдрөө хайж байна

Өнгөрөгч хаврын чуулганаар нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж, баталсан. Ингэхдээ эл хуулийн төслийн заалтууд дундаас малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх заалт олон нийтээс багагүй шүүмжлэлийг хүртсэн. Хэдийгээр ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан хэдий ч хуулийн төсөл УИХ-аар дэмжиж, батлагдсан тул ирэх оны төсвийн төсөлд тусгагджээ. Тодруулбал, эл заалтад 55.3 мянган малчин хамрагдах бөгөөд төсвийн төсөлд тусгагдсанаар 25.1 тэрбум төгрөгийг зарцуулах гэнэ.

-2024 оны УИХ-ын сонгуульд 39.5 ТЭРБУМ төгрөгийг зарцуулна-

Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ хэрээрээ сонгуулийн төсвийг олон нийт сонирхож буй. Тэгвэл 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг харин орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.

-Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх тэргүүтэй арга хэмжээнд 20.3 ТЭРБУМ төгрөгийг тусгана-

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь төрөөс хариуцах бөгөөд 11.4 мянган эцэг, эх хамрагдах аж. Харин үүнд 10.4 тэрбум төгрөгийг шаардлагатай хэмээн тусгажээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бусад арга хэмжээ буюу хөдөлмөрийн чадвар түр алдалт болон ажилгүйдлийн тэтгэмжийг 0-25 хувиар нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан иргэний ар гэрт тэтгэмж олгох, протез, ортопедийн тэтгэмжийн шинэ төрөл болон давтамжийг ойртуулах, жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг тооцоход баярын өдрүүдийг ажлын өдөртэй адилтган оруулахаас гадна нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх зэрэг арга хэмжээнд нийт дүнгээр 20.3 тэрбум төгрөг шаардагдах юм.

-Багш мэргэжлээр суралцагсдад тэтгэлэг олгоход 13 ТЭРБУМ төгрөгийг зарцуулна-

Багш мэргэжлийн боловсон хүчний хүний нөөцийн асуудалтай холбогдуулан төрөөс багш мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг төрөөс 100 хувь даахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ арга хэмжээ төсвийн төсөлд тусгагджээ. Ингэхдээ нийт 13 тэрбум төгрөг зарцуулагдана хэмээн тусгасан аж. Үүнээс гадна боловсролын салбарт хөдөө орон нутгийн тэтгэмж эхний удаа 5 жил, дараагийн удаа 3 жил тутам 6 сарын тэтгэмж олгох, 15 дээш жил ажиллаж байгаа, Тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа багшийн хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах зэрэг арга хэмжээнүүд ч багтаж оржээ.

-Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулахад 140 тэрбум төгрөгийг тусгажээ-

Тэгвэл ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтууд ямар чиглэлд байх вэ. Төсвийн төсөлд ямар хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр тусгасан талаар тодруулья.

Ирэх онд дэд бүтэц болон хот, хөдөөгийн сэргэлтэд дэмжих арга хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1050 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Энэ нь ДНБ-ны 5 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн гэсэн үг юм. Эдгээр төсөл арга хэмжээний 61 хувь нь 2024 онд дуусах төслүүд аж. Үүнээс онцлог хэд хэдэн төслийг та бүхэнд хүргье.

-“Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв” /140 тэрбум төгрөг/

-“Зүрх судасны үндэсний төв” “Халдвартын үндэсний төв-2” эмнэлэгүүдийн дэд бүтэц /15.6 тэрбум төгрөг/

-“Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах /30 тэрбум төгрөг/

-Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд Ганга нуур, Өгийнуур, Хэрлэн голыг бохирдлоос хамгаалах, урсацыг нэмэгдүүлэх /9 тэрбум төгрөг/

-Хөдөөгийн алслагдсан 191 багийг харилцаа, холбооны дэд бүтцэд холбох /20 тэрбум төгрөг/ гэх мэт төслүүд багтжээ.

Дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
Дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.