Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Гантулга: Хүүхдүүдэд бэлгийн боловсролын ойлголтыг бага наснаас нь эхлээд өгөх хэрэгтэй. Өөрсдөө ярилцаж чадахгүй бол мэргэжлийн хүнд хандах нь зөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 1 секунд

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд 6-8 дөрвөн эрэгтэй хүүхдийн дүрс бичлэг цацагдаж, үр хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн. Бид хүүхдээ үргэлж нялхаар нь санаж, бэлгийн боловсрол, дотно харилцаатай холбоотой сэдвийг эцэг эх, хүүхдүүдийн дунд өрнөх ёсгүй хориотой сэдэв мэтээр ойлгож, хойш нь тавьсаар ирсэн. Харамсалтай нь нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр мэдээлэлд ойртсон шинэ үеийнхэн сексийн талаарх ойлголтыг харьцангуй эрт мэдэж авдаг болсныг дөрвөн хүүхдийн үйлдэл тодорхой харуулав.

Тиймээс бид хүүхэддээ бэлгийн боловсролын тухай ойлголтыг хэдэн наснаас нь эхэлж ямар байдлаар хэлж, ойлгуулах ёстой талаар СЭМҮТ-ийн их эмч, сэтгэл засалч Ж.Гантулгатай ярилцлаа.

-Цахим орчинд хүүхдүүдийн бичлэг цацагдсан нь эцэг эхчүүдийн санааг ихээр чилээж, бэлгийн боловролыг хэдэн наснаас нь ямар байдлаар олгож эхлэх вэ. Үзэж харж байгаа зүйлд нь яаж хяналт тавих вэ гэдэг асуулттай нүүр тулж байна. Энэ тал дээр та ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Хуучин цагт хүүхдүүд хичээлдээ явж, гэртээ ирээд ээж, аавдаа тусалж, зурагт үзэж байгаад л амардаг байсан бол орчин цагт өөр болсон. Техник технологи хөгжихийн хэрээр хүүхдүүдийн үзэж, харж байгаа юмсын хүрээ тэлж, сайн болон саар мэдээллүүд зах хязгааргүй хөвөрдөг болсон. Үүн дотор хүүхдүүдэд үзүүлэх шаардлагагүй насанд хүрэгчдийн контентууд ч багтаж байгаа. Энэ бүхнийг эцэг эхчүүд байнга хянаж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Тиймээс бэлгийн боловсрол, болох болохгүйн тухай ойлголтыг бага наснаас нь эхлээд өгөх хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд манай хүүхэд жаахан байна. Энэ талаар юу ч мэдэхгүй. Ойлгохгүй гээд хойш нь тавиад байдаг. Гэтэл өнөөдөр 6-7 настай хүүхдүүд ямар үйлдэл гаргаж байгааг та бүхэн бичлэг дээрээс тодорхой харсан. Тиймээс хүүхдээ бага байна. Жаахан байна гэж гололгүйгээр мэдлэг мэдээллийг өгч байх хэрэгтэй. Сонирхож асуусан асуултад нь үнэн зөв хариултыг өгч байх хэрэгтэй. Худлаа ярьж ерөөсөө болохгүй. Хүүхэд хаанаас төрдөг юм бэ гэдэг асуултад хүйснээс төрдөг гэдэг хариулт өгдөг байж болохгүй. Миний хүүхэд тав, зургаахан настай юм чинь юу ч мэдэхгүй, ойлгохгүй гэсэн сэтгэлгээгээр хандаж, дутуу үнэлэх нь өрөөсгөл ойлголт. Тиймээс хүүхэдтэйгээ маш нээлттэй харилцаж, сонирхсон асуултад нь үнэн зөв, оновчтой хариулах хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Магадгүй буруу, зөв мэдээлэл өгчих вий гэж эмээгээд, яаж ойлгуулахаа мэдэхгүй, ярилцах учраа олохгүй байгаа бол мэргэжлийн хүмүүст хандаад зөвлөмж, зөвлөгөө авах бүрэн боломжтой.

-Энэ тухай мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн хичээлээр нь дамжуулж хүүхдүүдэд олгож яагаад болдоггүй юм бол. Анги дотор энэ сэдвийг нээлттэй ярьж, сургалтын программд нэвтрүүлэхэд хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх зүйл бий юу?

-Хүүхдүүд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлж, сурч боловсроход төвлөрдөг учраас эрүүл мэндийн хичээлээр дамжуулж энэ талын ойлголтыг өгөх нь маш зөв. Буруудах зүйл байхгүй. Даанч манайд эрүүл мэндийн хичээлээр яг ямар мэдлэг олгох вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Бусад хичээлүүдийн моделиуд маш тодорхой байдаг шиг эрүүл мэндийн хичээлийн агуулга, зорилго, зорилтыг маш тодорхой болгох хэрэгтэй. Зайлшгүй судлах хичээлийн тоонд багтааж, математик, монгол хэлний хичээлдээ ач холбогдол өгдөг шигээ анхаарал хандуулдаг болгох нь маш чухал. Энгийнээр хэлэхэд, олон сургуульд сурч, олон хэл сурсан, олон дипломтой эрүүл бус иргэнээр бид яах юм бэ. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг хүүхэд бүрт чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, бэлгийн боловсрол хийгээд болох болохгүйн тухай ойлголтыг хүүхдэд бага наснаас нь эхэлж өгдөг байх шаардлага зайлшгүй тулгарч байна. Үүнээс гадна, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хичээлүүдийг боловсруулж, зөвлөгөө мэдээллийг өгөх хэрэгтэй. Таны хэлсэнчлэн хүүхдээ өмнө өө суулгачихаад бэлгийн боловсрол, сексийн харилцаа гээд ярих гэхээр юунаас эхэлж, яаж ярихаа мэддэггүй. Тиймээс хүүхдийнхээ нас сэтгэлзүйн онцлогт тохируулж, ямар байдлаар яаж харилцаж, энэ төрлийн мэдээллийг өгөх вэ гэдэг дээр нь туслах зөвлөмж зөвлөгөөнүүдийг боловсруулж, хүн бүрт хүргэх хэрэгтэй. Үүнийгээ онлайн хувилбараар бий болгоод зайлшгүй үзсэн байх ёстой гэдэг ойлголтыг өгчихвөл илүү өгөөжтэй байх болов уу гэж бодож байна.

-Энэ сэдэв зөвхөн гэр бүлийн хүрээндээ яриад өнгөрөх асуудал биш. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад тулгамдаж байгаа ноцтой асуудал учраас бодлого боловсруулагчид бас оролцоотой байж, онцгой анхаарах ёстой болов уу гэж бодож байна. Тэгэхээр богино хугацаанд үр дүнгээ өгөх ямар шийдлүүд байж болох вэ?

-Тэр мэдээж. Ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрүүл мэндийн боловсрол олгох тал дээрээ онцгой анхаарч, шийдэл хайж, судалгаа хийх, зөвлөмж боловсруулах гэх мэтчилэн маш олон ажлуудыг өрнүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байна. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагуудаар дамжуулж энэ төрлийн мэдлэг мэдээллийг яаж олгох вэ гэдэг дээр анхаарч, хөрөнгө мөнгө, хүч гаргаж, бусад орны сайн туршлагуудыг судлаад ч хамаагүй томоохон даацтай ажлуудыг өрнүүлэх хэрэгтэй.

-Хүүхдүүд цахим орчноос хэт их хамааралтай болж, болох болохгүй мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр авч байгаа нь өнөөдөр биднийг энэ сэдвээр ярилцлахад хүргэж байна. Тэгэхээр энэ хэрэглээнд эцэг эхчүүд ямар байдлаар хяналт тавьж, юун дээр анхаарах ёстой юм бэ?

-Биеэрээ үлгэрлэх л хэрэгтэй. Өөрөө утас ширтэж суучихаад хүүхдээ боль гэж загнах нь ямар ч үр дүнгүй. Хоёрдугаарт хүүхэдтэйгээ асуух байдлаар ярилцах хэрэгтэй. Ингэхдээ ширээний ард суулгаад заа ярь гэх биш өнөөдөр ямар өдөр байв, юу хийв, хэцүү зүйл тулгарав уу гэдэг байдлаар. Асуудалд ингэж хандсанаар хүүхдийнхээ оюун санааны ертөнцөд юу болоод байгаа зэргийг ойлгож, мэдэхэд дөхөм болно. Гуравдугаарт шаардлага тавина. Ингэхдээ тунг нь тааруулах чухал. Хичээлээ хийчихээд тэдэн минут тоглоно, одоо утсаа тавиад хичээлээ хийе гэдэг ч юм уу. Эсвэл дэлгүүр ороо талх аваад ир, гэрээ жаахан цэгцэлчихье гэдэг ч юм уу зөв чиглүүлэх үүргийг эцэг эх хүлээдэг. Ингэснээр утас үзэх хугацаа нь тодорхой хэмжээгээр буурч, сатаарч эхэлнэ л гэсэн ойлголт.

Харин таваас доош насны хүүхдэд бол шууд хяналт тавихаас өөр аргагүй. Дэлгэцийн хамааралтай болохын нэг аюултай тал нь тэр асуудлын тойргоосоо тухайн хүн, хүүхэд өөрийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлээрээ гарч чадахгүй болох. Ийм үе дээрээ эцэг эхтэйгээ хамт байхад улам л төвөгтэй санагдаж эхэлнэ. Гэхдээ мэргэжлийнхний үздэгээр дэлгэцийг огт хориглох нь зөв шийдэл биш. Хүссэн хүсээгүй нийгэм цаг үе энэ хэрэглээг амьдралын өдөр тутамд хэрэглэхийг шаардаж байгаа учир бидэнд хэрэглээгээ зөв зохицуулах л сонголт үлдэж байгаа. Тиймээс зөв хэрэглээнд эцэг, эхчүүд хяналт тавьж, хяналт тавих хэрэгтэй.

М.Бадарч цолоо хураалгаснаар хэн хэн цол, чимэг нэмэх вэ
М.Бадарч цолоо хураалгаснаар хэн хэн цол, чимэг нэмэх вэ
 
ЦЕГ: Сэтгүүлч А.Баярмааг худал мэдээлэл тараасан гэх зүйл ангиар шалгаж байна
ЦЕГ: Сэтгүүлч А.Баярмааг худал мэдээлэл тараасан гэх зүйл ангиар шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.