УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын холбооны хурлын төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй.
Айлчлалын ач холбогдол, үр нөлөө зэргийн талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн ахлах багш, доктор П.Мягмардоржоос тодрууллаа.
-Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улс өндөр зэрэглэлийн томоохон айлчлалуудыг хийлээ. Одоогийн нөхцөлд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын ач холбогдлыг та юу гэж харж дүгнэж байна вэ?
-Сүүлийн 2 жил Монгол улсын гадаад бодлого,дипломат ажиллагаа бол маш их идэвхжиж байна. Тэр нь зөвхөн манайх гадагшаа яриа хэлэлцээр хийж байгаа биш, гаднаас манай улсыг зорьж байгаа бүхий л түвшний төлөөлөгчид ирж байгаагаараа онцлог жилүүд болж байна. Олон улсын харилцаа эмзэг, төвөгтэй байдаг. Монгол Улс олон тулгуурт нээлттэй, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэсэн үзэл баримтлалынхаа дагуу гадаад бодлогоо хэрэгжүүлж байгаа. Гэнэт л идэвхжиж байгаа юм биш. Олон жилийн өмнөөс төлөвлөсөн, графикийн дагуу гарж ирж байгаа айлчлал, яриа хэлэлцээр юм. Түүний нэг нь ОХУ-ын холбооны хурлын Думын дарга В.В.Володины айлчлал юм.
ОХУ-аас Монгол Улстай харилцах тэр харилцаа нь улс төр, соёл хүмүүнлэг, худалдаа, эдийн засгийн харилцаа, гээд өргөн цар хүрээтэй байдаг. 2019 онд ОХУ-тай найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн харилцаа тогтоосон. Энэ нь бүх салбарт бүх түвшинд харилцана гэсэн санаа. Үүнийг ямар нэгэн байдлаар өөр өнцгөөс харах тайлбарлах зүйлгүй. Энэ бол Монгол Улсын бодлогын залгамж халаа явж байгаа хэлбэр.
Манай улс ОХУ-тай худалдаа, эдийн засгийн өндөр харилцаатай байдаг. Сүүлийн хэдэн жил хоёр талын худалдааны эргэлт 2 тэрбум төгрөг байсан. Үүний 1,9 тэрбум нь зөвхөн Оросоос худалдан авалт хийж байгаа. ОХУ руу зарж борлуулж байгаа бүтээгдэхүүн ердөө 100 сая төгрөг. Энэ тэнцвэргүй худалдааг яаж тэнцвэртэй болгох уу, бидний борлуулах боломжтой бараа бүтээгдэхүүн юу байна гэдгийг хэлэлцэх нь чухал. Энэ нь манай улсын гадаад бодлого олон тулгууртай явж байгаагийн илрэл юм. Гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах талаар заасан байгаа. Гуравдагч хөршийн бодлого ч сайн явж байгаа. Парламентийн түвшинд хийж байгаа энэ айлчлалыг аль болох үр дүнтэй айлчлал болох талаас нь манай талаас хүчин чармайлт их шаардана.
-Орос, Украины нөхцөл байдал, түлшний экспорт зэрэг асуудлаас шалтгаалан В.В.Володины айлчлалыг эсэргүүцэх хүмүүс байна. Энэ цаг үед бид ямар байр сууринаас хандах ёстой вэ?
-Монгол Улс бол ардчилсан улс. Ардчилсан улсад ард иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тэр нь дайнтай холбоотой байж болно. Дайныг дэмжих хүн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ ОХУ Узраины дайны асуудалд бид өөрсдийн байр сууриа илэрхийлчихсэн. Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нэгдэлд үл нэгдэх гадаад бодлого явуулна гээд заачихсан. Энэ хүрээнд Гадаад харилцааны яам болоод Засгийн газар, парламент сайн ажиллаад явж байгаа.
Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Аливаа улсын гадаад бодлогыг газарзүйн байршил нь тодорхойлно гэх үг бий. Бид газарзүйн байршлын хувьд мөнхийн хоёр хөрштэй. Энэ хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах талаар гадаад бодлогодоо тусгасан. Энэ харилцаагаа авч явах нь амин чухал гадаад бодлогын сорилт. Бид хүчтэй цэрэг эдийн засгийн хүчирхэг улс биш. Гадаад бодлогынхоо зорилгыг улс төр, дипломатын аргаар хангана гээд заачихсан. В.В.Володины айлчлал бол дипломатын л нэг арга зам, хоёр талын харилцаа тэнцвэртэй явж буй хэлбэр. Үүнийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Дайны асуудал тусдаа. Уламжлалт хоёр улсын харилцааг өөр өнцгөөс тайлбарлаж болно. Их гүрний байр сууриар тулгалт үзүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд бид өөрсдийнхөө эрх ашгийг хэрхэн хангах вэ гэдэг дээр нэгдмэл байр суурьтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ашиг сонирхол гэдэг дээр нэгдэх ёстой. Дараагаар тухайлбал, дайны асуудалд хэрхэн хандах вэ гэдгийг бодох нь зүйтэй.