ОХУ шатахууны нийлүүлтээ зогсоосонтой холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"Дизель түлш болон АИ92 бензин 30 хоногийн нөөцтэй буюу хангалттай нөөцтэй байна. ОХУ-ын Засгийн газрын тогтоол албан ёсоор ирсэн. Тогтоол гарснаас хойш бид Роснефт компанитай олон цагийн турш ярилцлаа. Оросын шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаа. Тиймээс хойд хөрш дотоод асуудлаа шийдвэрлэхийн тулд энэ шийдвэрийг гаргасан гэж ойлгож байна.
2023 оны есдүгээр сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилж буй. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор бэлтгэж байна. Бид бүх түвшинд шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна. Мөн дизель түлшний хувьд хангалттай нөөцтэй байгаа. Ургац хураалтын үед дизель түлшний үнийг тогтвортой байлгахад анхаарч ажиллаж байна.
Мөн өөр улсуудаас шатахуун импортлох боломж хомс. Учир нь тээвэрлэлтийн зардал маш өндөр болно. Өөрөөр хэлбэл үнийн хувьд асуудалтай болно гэсэн үг.
АИ92 бензин нийслэл хотод 2499 төгрөг байгаа. Нэг сарын хугацаанд үнэ нэмэгдэхгүй гэдгийг мэдэгдье. Учир нь АИ92 бензиний хувьд хэлцэлтэй учир үнийн хувьд тогтворотой байна. Орон нутагт тээвэрлэлтийн зардал нэмэгддэг.
Түүнчлэн хоногийн нөөц хангалттай байгаа ч ачилт 7-10 хоног доголдоход Монгол Улсад асуудал үүснэ. Тиймээс энэ тогтоолтой холбоотой асуудал ирэх долоо хоногийн ЗГ-ын хуралдаанаас өмнө эцсийн шийдвэр гарна. Манайд 100 хувь нөлөөлөх эсэх, гарц гаргалгаа, арга хэмжээ юу вэ гэдгийг Роснефт компанитай ярилцана" гэлээ.