Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээвэрт парк шинэчлэл хийсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Тэрбээр, салбарын төлөөллүүдэд хандаж, "Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, Улаанбаатар хотод анх удаа 1225 автобус оруулж ирсэн. Өмнө нь ийм том парк шинэчлэл огт хийгдэж байгаагүй. Одоо тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж хэлэлцэж, шинэ шатанд гарч ажилламаар байна. Автобусууд шинэ автобусаар бүрэн шинэчлэгдсэн учраас та бүхэн хайр, гамтай хандаж, үйлчилгээндээ соёл нэвтрүүлэх шаардлагатай байна. Нэгдүгээрт, шинэ стандартын шаардлагад нийцсэн цэвэрлэгээ үйлчилгээг хиймээр байна. Хоёрдугаарт, үйлчилгээний соёлыг дээдэл. Гуравдугаарт, битгий галзуу солиотой юм шиг давхиж, хүн, амьтан гэмтээчихгээд бай. Дөрөвдүгээрт чанар стандартаа барь. Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн автобусны үйлчилгээг авах ёстой. Тэр үйлчилгээг явуулах бодлогын шийдлийг Хотын дарга хийнэ. Та нар тэр стандартыг барьж чанартай үйлчилгээг хүргэх ёстой" гэв.
Харин Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар, "Нийтийн тээвэр энэ онд 800 автобусаар парк шинэчлэлт хийсэн. Оны эцэс гэхэд эдгээр автобусууд бүгд үйлчилгээнд гарна. 800 автобусны 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус байгаа.Олон улсын жишгээр 1000 хүн тутамд нэг нийтийн тээвэр байх ёстой гэсэн тогтсон норм бий. Улаанбаатар хот 1.5 сая иргэнтэй гэхээр 1500 орчим автобус үйлчилгээнд гарч байж энэ нормд хүрнэ. Оны эцэст энэ тооны автобус үйлчилгээнд гарахад ямар ч асуудалгүй болно. Энэ хэрээр нийтийн тээврийн салбарын хүртээмж сайжирна гэж ойлгож болно.