Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г​​​​​​​.Хонгор: МҮХАҮТ Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны ард дөрлүүлсэн бух шиг мөлхөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 50 секунд

МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлөөс танхимын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, хяналтын зөвлөлийн гишүүн Г.Хонгор, "МҮХАҮТ бол төрийн хуультай монголын хамгийн том төрийн бус байгууллага гэдгийг юу түрүүнд онцолж хэлмээр байна. Энэ байгууллага маргааш XXI их хурлаа хийж, шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Бид ирээдүйн гарц гаргалаа шийдлийг ярихаасаа өмнө өнгөрсөн хугацаанд ямар алдаа дугалдал гарав. Ямар сургамж авах ёстой вэ гэдэг дээр дүгнэлт хийж, хэдэн зүйлийг монголынхоо бизнес эрхлэгч нарынхаа сонорт хүргэе гэж бодлоо. Нэгдүгээрт, МҮХАҮТ-ын ажил маш явцуу хүрээнд цөөхөн хэдэн том компаниудын ажлыг зохицуулахад чиглээд байна. Баялаг бүтээдэг мянга мянган жижиг дунд бизнес эрхлэгчид танхимын үйл ажиллагаанаас гадуур үлдэж байна. Энэ асуудлыг 2019 онд хөндөж байсан. Өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Татварын дарамт, жижиг дундын сангийн зээлийн хүртээмж, хөгжлийн банкны асуудал, нүүрсний хулгай гээд бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа олон асуудал байхад танхимаас дорвитой, даацтай, тодорхой хариултуудыг өгөхгүй, Засгийн газрын бодлого үйл ажиллагааны ард дөрлүүлсэн бух шиг мөлхөж байна. Ийм асуудал байна гээд шаардлага тавихаар танхимын удирдлагууд хүлээж авдаггүй. Хамгийн сүүлийн ганцхан жишээг дурьдахад, МҮХАҮТ-ын XXI их хурал болох гэж байгаатай холбоотойгоор танхимын гишүүдийн хайрцагласан гэх мэдээлэл шударга гишүүдээс ирсэн. Мөн гарал үүслийн гэрчилгээ гэдэг нэрийн дор самрын экспортыг гацааж, асуудал үүсгэчихээд одоо хятадын тал экспортоо зогсоосон байна лээ гээд сууж байгаа нь үнэхээр гутамшигтай санагдаж байна. Махны экспортын тухайд ч мөн адил. Танхим маш хангалтгүй ажиллаж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр, "Танхим дансандаа 2019 оны байдлаар гурван сая доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байсан. Энэ бол бизнесийн байгууллагуудын дундын хөрөнгө. Энэ мөнгийг банкны хадгаламжийн дансанд хийсэн гэж би ойлгосон. Энэ маш буруу шүү дээ. Өсгөх гэж банканд хадгалах бус, үйл ажиллагаандаа ашиглаж, үржүүлээд улам олон хүнд ашиг шимийг нь хүртээх ёстой шүү дээ. Энэ мэт асуудлыг хөндөөд тавихаар хэн ч хариулт өгдөггүй. Тиймээс маргаашийн их хурлаар танхим бугшсан эдгээр асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэж, идээ бээрийг нь шахаад, гарц гаргалгаагаа ярилцаад шинэ хүн сонгох саналтай байгаагаа илэрхийлэхийг зорьлоо" гэв.

Харин хяналтын зөвлөлийн гишүүн Баянмөнх, "Маргааш их хурал болох гэж байхад яагаад хэвлэлийн хурал хийж байгаа юм бол. Энэ зүйлсээ их хурал дээрээ яриад шийдэж болдоггүй юм байхдаа гэж бодож байгаа хүн олон байгаа байх. Харамсалтай нь бид дээр дурьдсан шалтгаануудаас үүдэлтэйгээр танхимын удирдлагуудтай ойлголцож чадахгүй болж, маргааш их хуралдаа орж чадах эсэх нь ч тодорхойгүй болчихоод байна. Тиймээс та бүхнээр дамжуулан их хуралд оролцох гишүүддээ нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг хүргэхийг зорьлоо" хэмээн онцлов.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас 7 хүн хүнд бэртэж, 2 хүн амь насаа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас 7 хүн хүнд бэртэж, 2 хүн амь насаа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.