Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Залуусын хүсэн хүлээдэг баяр нь “Номын баяр“ болжээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 17 секунд

“Ном бол ертөнцийг харах цонх”

Орчин цагт мэдлэг мэдээлэл нэгдүгээрт эрэмбэлэгдэх болсон. Тиймдээ ч хүн төрөлхтөн өдөр бүр мэдлэгээ дээшлүүлж, шинэ зүйлд суралцаж буй. Гэхдээ техник технологи хэмээх зүйл төдийлөн хөгжөөгүй байхад ном л бидний ертөнцийг харах цонх болж, унших үйлд шамдан суралцах тусам тухайн нийгэм улам соёлтой боловсронгуй болж байв. Харин сүүлийн жилүүдэд ном уншдаг, ном сонирхогчид цөөн болсон тул тэднийг унших их үйлд хөтлөхөөр жил бүр "Үндэсний номын баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Тиймээс Ubn.mn сайтын сурвалжлах баг 34 дэх удаагийн номын баяраас дараах сурвалжилгаа бэлтгэлээ.

Энэ удаагийн "Үндэсний номын баяр" “Илүү их уншъя” уриа дорзохион байгуулагдаж буй.

Номын хорхойтнууд хүйтнийг ч үл анзаарна

Манай улсын хувьд 2007 оноос эхлэн хавар, намрын улиралд “Үндэсний номын баярын өдөр”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл сэрүүхэн, үүлэрхэг бороотой байсан тул оролцож байгаа хүмүүс өмнөх оролцогчдыг бодвол харьцангуй бага байсан ч номд дурлагч залуус цөөнгүй байлаа.

Тус номын баярт зохиогч, орчуулагч, хэвлэлийн компаниуд, ном худалдаалдаг аж ахуй нэгж, байгууллагууд өргөнөөр оролцжээ. Өмнөх номын баяруудтай харьцуулбал илүү шинэлэг өнгө үзэмжтэй харагдана. Талбайг дүүргэх асрууд бүгд ямар төрөл жанрын гэдгээс хамаараад өөр өөрсдийн үзэмжээр зохицуулсан байдал нь худалдан авагч залууст сонирхолтой санагдаж өөрт таалагдсан зохиол бүтээлүүдээс авахад хялбар байсан юм.

Энэхүү номын баяр нь шинээр гарч ирсэн, өөрсдийгөө таниулж байгаа уран бүтээлчээс гадна уншигчидтайгаа шууд харилцаа холбоо тогтоох, ном бүтээлээ нэмүү өртөг шингээгүй үнээр борлуулах, бүтээгчид цугласан газар шинэ, шинэ хамтын ажиллагааны эхлэл тавигдах зэргээр олон боломж, аль ч талаасаа ашигтай байдал бий болдгоороо онцлог байлаа.

Түүнчлэн уншигчид төрөл бүрийн номуудыг хямдралтай үнээр авахын сацуу хүндэлдэг зохиолчтойгоо уулзаж, санал сэтгэлээ хуваалцах, илүү дотно танилцах боломжтой байдаг. Мөн хуучин номын худалдаагаар өөрийн хайгаад олохгүй номоо олох ч бий. Ийнхүү тогтмол зохиогдож буй номын баяр нь иргэдийг соён гэгээрүүлж, номын зах зээлийг тэлж байна.

Өнгөрөгч баасан гараг хийгээд өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүйтэн байсан ч хүйтнийг ажрахгүйгээр баярт оролцож байсан юм.

Уг номын баяраас манай сурвалжлах баг “Done publishing”-ийн асарт байрлах Дэлхийд хит болж байгаа “TIME MAGAZINE Дэлхийд нөлөөлөгч 100 залуугийн нэг” Нишимүра Кодо “Өндөр өсгийттэй лам” хэмээх шинэхэн уран бүтээлийг онцолж харсан юм. Тиймээс номын тайлбарыг Р. Мөнхтэгш ийнхүү тайлбарлалаа. Тэрбээр,

Уламжлалт сэтгэлгээнээс гарж, хорвоо ертөнцийг өөрөөр хараарай

“Өндөр өсгийттэй лам” бүтээл нь 2020 онд хамгийн анх Япон улсад хэвлэгдэн, 2022 онд Америк улсад, 2023 онд долоон улсад хэвлэгдсэн байдаг. Тэдгээрийн нэг нь манай улс юм. Зохиогч нь "Make up artist" бөгөөд Miss universe, Miss world, Hollywood-ийн алдартай жүжигчдийн нүүрийг тайзны ард буддаг мэргэжилтэй. Түүнчлэн зохиогч нь буддын шашны лам мөн ижил хүйстэн гэдгээрээ олны сонирхлыг татсан. Тус зохиогчийн бага нас их хүн байсан гэдэг. Учир нь ижил хүйстэн гэх ялгаварлан гадуурхалт ихтэйгээс болоод ялгаварлан гадуурхалтад өртдөг байсан аж. Үүний дараа эрх чөлөөний орон болох АНУ-руу явсан ч мөн л Ази гэх ялгаврыг үзүүлсэн болохоор өөр тийш явсан байдаг.

Түүний зохиол хэвлэгдэн нийтлэгдсэний дараа дэлхий нийтийн томоохон телевизүүд ярилцлагын нэвтрүүлэг хийсэн бөгөөд үүгээрээ олон улсад танигдсан гэж хэлж болно. “Өндөр өсгийттэй лам” номын хэлэх гэсэн гол санаа нь хүн болгон адил тэгш эрхтэй байх, хүнийг хүн гэдэг утгаараа хүлээж авах, ямар нэгэн ялгаварлан гадуурхалт энэ нийгэмд хэрэггүй гэсэн утга санааг илэрхийлсэн байдаг. Мөн хэвшмэл, тогтмол ойлголт болох ийм байх ёстой, ийм байсаар ирсэн гэх тэр уламжлалт тэр сэтгэлгээнээсээ гараад үз, хорвоо ертөнц огт өөр байдаг гэдэг санааг ч илүүтэй шигтгэж өгсөн" гэв.

Ийнхүү бид уг номын утга агуулга хийгээд зохиолчийн амьдралыг сонсож дуусахад асарт буй залуус ээлж дараалан номыг сонирхон, сонирхолтой тайлбарыг ч мөн сонсоод үлдсэн юм.

Номын баярын дараачийн онцлох зүйлээр “Ид шидийн орон” шинээр Говь-Алтай төслийг хэрэгжүүлж байгаа Төслийн удирдагч Г. Хурцгэрэлээс яриа авлаа.

Хүүхдийн хөгжил өөрсдийн хувь нэмрээ бодитоор оруулаарай

"2013 оноос хойш "Лантуун дохио" ТББ-ийн залуучууд хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйлсийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний үр дүнд хүүхэд хамгааллыг Монгол Улсад хэрэгжүүлэн, Улаанбаатар хотод одоогоор гурван төвийг нээн ажиллуулж байна. Цаашдаа орон нутгаар энэ төслийг хэрэгжүүлсээр ажиллаж байгаа юм. Бид нар яагаад олон газар төслөө хэрэгжүүлж байгаа вэ гэвэл ирээдүй болсон хүүхэд багачуудыг зөв хүмүүжүүлсэн, ямар нэгэн муу зуршилгүй болгохыг зорьж байгаа. “Үндэсний номын баяр”-ийн худалдаанд бид шинээр нээгдэх гэж байгаа Говь-Алтай төслийг хүмүүст мэдэгдэж, үйл ажиллагаа танилцуулахаар оролцож байна.

Говь-Алтай аймагт “Ид шидийн орон” зөвхөн байшин биш хүүхдийг хөгжүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэх иж бүрэн төв болгож байгаа. Энэ төв маань өөрөө Монгол Улсын хүүхдүүдэд хувь нэмэр оруулж байгаа нийт ард түмний оролцоо гэж харж болно. Энэхүү асартаа бид хүмүүсийн өгсөн бараа, эд зүйлүүдийг худалдан борлуулж, олсон орлогоо 100 хувь “Ид шидийн орон”-руу хандивлана. Жишээ нь "Ид шидийн орон" нэг, хоёр төв дээр ашиглагдаж байсан номуудыг 5000 мянган төгрөг хүртэл худалдаалан зарж байна. Мөн номын баяр оролцож байгаа иргэдийг "2к хайр" гэх аянд нэгдээсэй гэж уриалж байна. Энэ оролцоо нь Говь-Алтай аймгийн хүүхдүүдийн хөгжилд оролцож байгаа хувь бодит хувь нэмэр гэж юм шүү” гэлээ.

Ташрамд дуулгахад, Хандивын данс: 5337526252 /Их алтай шидтэнүүд/ дансаар хандив өргөж болох юм.

“Ид шидийн орон” төслийн хэрэгжүүл байгаа ажлууд нийтэд ил байдаг бөгөөд зөв хүмүүстээ хүрдэг болохоор оролцож байгаа хүүхдээс авахуулаад хөгшин, залуу бүхий л насны хүмүүс өөрсдийн сэтгэлээр бараа бүтээгдэхүүнүүдийг худадан авж байсан нь таатай санагдаж байв.

Бид сурвалжилгаа энэ хүрээд дуусгасангүй номын баярт оролцож байгаа залуусаас сэтгэгдлийг нь сонссон юм.

Мэдээллийн хэт илүүдэл, хүчтэй урсгал дунд номын гүнзгий агуулга улам бүр үнэ цэнтэй болсон

Номын баярт оролцохоор ирсэн Е.Алия,

“Миний хувьд нэгдүгээр курсээс эхлэн Номын баярт оролцож байна. Ном уншихад өөрт минь нэг л дотно мэдрэмж, сэтгэгдэл төрдөг учраас номыг өдөр тутамдаа уншдаг. Залуусдаа хандаж хэлэхэд номыг өөрийн сайн найзаа болгон, чаддаг зүйлээ хийхдээ өдөр болгон суралцаж яваарай гэж хэлмээр байна” гэсэн юм.

Уут дүүрэн номтой залуу гэр бүлийн эзэгтэй Ч. Лхагвасүрэн ийнхүү сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрбээр,

“Ерөнхийдөө жил болгон "Номын баярт" оролцохыг хичээдэг. Өөрөө багаасаа ном уншдаг, сонирхдог байсан болохоор номын баяр болж байна гэхэд л оролцохгүй бол болохгүй гээд нөхрийнхөө хамт яаран ирдэг. Өнөөдөр ч бас яараад ирлээ. Миний хувьд уран зохиолын номуудыг илүү их сонирхдог. Өөрөөсөө гадна гэр бүлээрээ ном уншдаг болохоор хүүхэд нөхөр гээд бүгдэд нь сонирхсон номыг нь авч өгж уншуулдаг. Ном бол оюуны цар хүрээг тэлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зэрэг олон ач тустай. Тийм учраас залууст болон залуу гэр бүлдээ хандаж хэлэхэд хүүхдүүдийг өсгөхдөө ном уншуулж сургах нь маш зөв алхам шүү. Мөн хүмүүсийг утас ухахаас илүүтэй ном уншиж, түүнийг амьдралынхаа хэв маяг болгоосой гэж хүсэж байна” гэв.

Харин өөр нэгэн оюутан болох Г. Халиун,

“Номын баярт жил болгон оролцдог гэхэд болно. Бараг л хурдан болоосой гэж хүлээдэг. Энэ удаагийнх дээр гадаа бороотой байгаа болохоор хүмүүс бага байх шиг байна. Уг нь би найзуудын хамт оролцдог. Өнөөдөр хүйтэн болохоор ирж чадсангүй. Гэхдээ маргааш хамт явж дахин ном авна. Залуусдаа хандаж хэлэхэд илүү их ном уншаасай гэж хүсэж байна. Мэдлэгээ өрөгжүүлээд мөн цахим гэхээс илүү цаасан хэвлэлтэй номыг уншаасай гэж зөвөлмөөр байна” гэлээ.

Энэ мэтчилэн залуус өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан бөгөөд жил бүр уламжлал болгон зохиогддог Номын баяр улам олон уншигчтай болсоор байгаа нь сайшаалтай хэрэг. Тэр ч утгаараа сүүлийн үед залуус ном сонирхох болсон бөгөөд үүнд ч номын баяр хувь нэмрээ үзүүлж байгаа гэхэд буруудахгүй байх.

Н.Туул

“Чингис хаан“ музей 2024 оны тавдугаар сарын 14-нийг хүртэл өвлийн цагийн хуваарьт шилжлээ
“Чингис хаан“ музей 2024 оны тавдугаар сарын 14-нийг хүртэл өвлийн цагийн хуваарьт шилжлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.