Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Залуус цаг, мөнгөө хэмнэхийн тулд цахилгаан скүүтерээр хамт зорчиж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 19 секунд

Сүүлийн үед замын түгжрэлээс халгасан иргэдийн нийтлэг хэрэглээ болоод буй “Jet scooter”-ээр хоёроороо даац хэтрүүлэн зорчих дүр зураг ихээхэн харагдах болжээ. Хэдийгээр аппликейшн рүү нэвтрэх болгонд нэгээс дээш хүн зорчих нь аюултай гэж сануулах боловч иргэд үл хайхарсан хэвээр.

Ийн зовних зуур гэнэтхэн автомашины сигналын чимээ нам гүмийг эвдэж “Холдооч ээ, замаараа яв” хэмээн орилох тийшээ харвал скүүтерээр зорчиж буй иргэн машин зам дээр чихэвчтэй явж байх нь тэр. Аравхан алхмын зайнд аюулгүй байдлаа хангаагүй хэд хэдэн тохиолдолтой таарсан нь иргэдийн дунд шинээр нэвтрээд буй цахилаан скүүтерийн талаарх аюулгүйн мэдлэг мэдээлэл сул байгааг илтгэв. Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг энэ удаагийн сурвалжилгаараа дээрх асуудлыг хөндлөө.

Их хотод амьдрал бужигнасаар. Хичээлийн шинэ жилээс үүдэлтэй хөл хөдөлгөөн ихсэж замын түгжрэл газар авч, автомашины улсын дугаарын хязгаарлалттай холбоотойгоор шинэхэн “дүрэмгүй” скүүтерчид нэмэгдсээр л.

Угтаа цахилгаан скүүтерийг Замын хөдөлгөөний дүрмийн хорин тавдугаар бүлэгт заасны дагуу унадаг дугуй, мопедтэй адил эрх зүйн зохицуулалтаар зохицуулдаг аж. Тодруулбал,

Цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуй, мопедын адил унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд түүгээр зорчих боломжгүй бол зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явах ёстой юм.

ТЭГВЭЛ: Замын хөдөлгөөний дүрмийн 25.5-д “Зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсвэл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 километр цагаас хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй зорчино" хэмээн заажээ.

Бид цахилгаан скүүтерээр хэрхэн зөв зорчих ёстой талаар мөн сүүлийн үед цахилгаан скүүтерийн хэрэглээ нэмэгдсэн учир осол гэмтлийн тоо хэр их бүртгэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, Х.Мөнх-Эрдэнээс тодруулахад,

Сүүлийн нэг сарын хугацаанд цахилгаан скүүтерээр зорчиж байсан зургаан хүн бэртсэн

Тэрбээр, “Унадаг дугуй, цахилгаан скүүтертэй холбоотой бэртэл гэмтэл он гарснаас хойш нийт 81, сүүлийн нэг сард зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд унадаг дугуй болон цахилгаан скүүтерээр хөдөлгөөнд оролцоход тавих шаардлага гэсэн заалт бий. Хөдөлгөөнд оролцож буй бага насны хүүхэд гэхээс илүү насанд хүрсэн хүмүүс энэ талаар судалдаггүй бас мэддэггүй учраас зам тээврийн хэрэгт холбогдох зөрчил их байдаг.

Цахилгаан скүүтертэй холбоотой Замын хөдөлгөөний дүрэмд зөвлөмжийн чанартай заалтууд бий. Тухайлбал, үзэгдэх орчин хангалтгүй буюу харанхуй үед автомашины гэрэл тусахад хажуу талдаа улбар шар, ардаа улаан өнгийн гэрэл цацруулагчтай, урдаа цагаан гэрэлтэй байх ёстойг зөвлөсөн байдаг. Мөн иргэд шөнийн цагаар цахилгаан скүүтер унаж хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд аюулгүй байдлаа бодолцож бусад жолооч нарт анхааруулах зорилгоор тод өнгөтэй, гэрэл ойлгогч тууз, хэрэглэлтэй хувцас өмсөх зэрэг зөвлөмжийн шинжтэй заалт байдаг” гэлээ.

Мөн сүүлийн үед цахилгаан скүүтерийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас цахилгаан скүтерээр хоёулаа даац хэтрүүлэн зорчихгүй, зөвхөн ганцаараа зорчих, зориулалтын зогсоолд байршуулж, хамгаалалтын малгай өмсөх түүнчлэн скүтерээр зорчих үедээ утсаар ярихгүй байх, согтуугаар жолоодохгүй байх гэх мэтчилэн аюулгүй байдлын зөвлөмжийг гаргажээ.

Бид цахилгаан скүүтерийн худалдагч болон жолооч нартай уулзан цахилгаан скүүтер хэрэглэгчид замын хөдөлгөөний мэдлэг ямар байгаа талаар тодруулахад дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Цахилгаан скүүтер зөвхөн нэг хүний багтаамжтай тул хамт зорчиж болохгүй

Цахилгаан скүүтер борлуулагч, “Скүүтер нь нэг хүний багтаамжтай учраас зөвхөн ганцаараа зорчих ёстой. Хамт зорчиж болохгүй. Мөн зориулалтын зогсоолд скүтерээ байршуулахын сацуу хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөж өөрийгөө болон бусдыг болзошгүй аюулаас хамгаалаарай ” хэмээн санууллаа.

Жолооч, “Заримдаа машин зам дээр урдаас гэнэт скүүтертэй хүн гараад ирдэг. Цахилгаан скүүтерт ямар нэг дохио байдаггүй болохоор дараагийн үйлдэл нь юу байхыг тааж мэдэшгүй. Машин зам дээр хамт зорчиход аюултай санагддаг. Өөр өөрийнхөө зориулалтын зам дээр л явах хэрэгтэй шүү дээ” гэв.

Харин цахилгаан скүүтерээр зорчиж буй иргэдээс замын хөдөлгөөнд оролцох дүрмийн мэдлэгтэй эсэхийг тодруулахад,

Цаг, мөнгөө хэмнэх үүднээс хамт зорчсон

Цахилгаан скүтерээр хоёулаа зорчиж буй иргэн, “Байнга ингэж хамтдаа явдаггүй. Энэ хавиар хөл хөдөлгөөн багатай мөн цаг мөнгөө хэмнэх учраас хамт сундлаж явж байна. Цаашид аюулгүй байдлаа ханган хамтдаа сундлаж явахгүй” гэлээ.

Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй ч скүүтерт зориулсан тусдаа дүрэм байдаг гэж сонсож байгаагүй

Цахилгаан скүтерээр хоёулаа зорчиж буй иргэн, “Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй ч скүүтерт зориулсан тусдаа дүрэм байдаг гэж сонсож байгаагүй. Бид хоёр шиг сундлаж явж болохгүй л байх. Гэхдээ хүмүүс хүүхдээ урдаа зогсоогоод ч юм уу, эсвэл хосоороо сундлаад яваад байх шиг харагддаг болохоор болно гэж бодсон” гэв.

Сүүлийн үед цахилгаан скүүтерийн хэрэглээ эрс ихсэж байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас цахилгаан скүүтерээр зөвхөн ганцаараа зорчих, зориулалтын зогсоолд байршуулж хамгаалалтын малгай өмсөх мөн скүүтерээр зорчих үедээ утсаар ярихгүй, согтуугаар жолоодохгүй байхыг сануулж буй. Түүнчлэн цахилгаан скүүтер нь зөвхөн нэг хүний багтаамжтай тул хамт зорчиж өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх нь иргэн бүрийн үүрэг юм.

Иймд уншигч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлаа ханган, цахилгаан скүүтерээр зорчихдоо хамт зорчихгүй байхыг сурвалжилгынхаа төгсгөлд сануулъя.

Б.Хонгорзул

Улсын арслан М.Бадарч UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд орж, ГССҮТ-д хүргэгджээ
Улсын арслан М.Бадарч UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд орж, ГССҮТ-д хүргэгджээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.