Боловсрол, Шинжлэх Ухааны Яам өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ны өдөр 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл болон түүний эргэн тойрон дахь асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр,
"Улсын бүртгэлийн нэгдсэн системээс зургаан настай хүүхдүүдийн мэдээллийг авч, боловсролын салбарын системээр дамжуулан тодорхой сургуулиудад хуваарилж байна. Мөн хамран сургах тойргийнхоо сургуулиудад суралцах сурагчдын баталгаажуулалтыг шууд хийж байгаа.
Наймдугаар сарын 25-ны байдлаар нэгдсэн систем хаагдсан Энэ үед орон нутгийн иргэдийн 50 хувь нь хамран сургах тойргийн сургуульд элсэх хүсэлтээ илгээсэн. Нийслэлийн иргэдийн 51.4 хувь нь баталгаажуулалтаа хийсэн гэх мэдээлэл байна. Сургуулийн бүртгэлээ баталгаажуулж амжаагүй иргэд тухайн сургууль дээрээ биечлэн очиж, бүртгэлээ эцэслэн батлах хэрэгтэй.
Хаягийн бүртгэл шилжилт хөдөлгөөн, иргэдийн хувийн хариуцлагатай холбоотой асуудал их гарч байгаа тул иргэд та бүхэн анхаарч шилжилт хөдлөлгөөний бүртгэлээ хийлгэнэ үү.
Энэ жил эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ сургуульд элсүүлэхдээ:
-Хаягаа хуурамчаар шилжүүлэх
-Зориудаар хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэрэг үйлдлийг гаргаж байна.
Эдгээр иргэний гэрт нь очиж асуудлыг тодруулах, баримт бичгийг нягтлах ажлыг хийж байгаа.
Тойргийн бус сургуулийн удирдлагуудад дарамт шахалт үзүүлэхгүй байх талаас нь анхаарах нь чухал. Нэгдүгээр ангийн бүртгэл, элсэлт хяналт шалгалттай явагдана" гэв.