Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай тэргүүтэй судалгааны баг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотыг нээн илрүүлжээ. Энэ хотыг эртний сурвалж бичигт Монгол орны хангайн нуруунд бий гэснээс өөр баримжаагүй байсаар өнөөг хүрсэн юм.
Тус хот давхар хэрэмтэй, хүний гараар байгуулсан усан сантай байгаа нь нэн сонирхолтой. Барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ гэсэн эртний ханзаар бичсэн бичээстэй байгаа нь Луут хот мөн болохыг гэрчилж байна. Энэхүү судалгааг гүйцэтгэхэд Улаанбаатарын Их Сургуулийн захирал профессор С.Байгалсайхан дэмжлэг үзүүлжээ.
Уг судалгааны ажилд Төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич Т.Идэрхангай, С.Оргилбаяр болон Д.Цэнд, Б.Амгаланбат, Э.Даваахүү, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын залуу судлаачид, оюутнууд оролцсон байна.