Ирэх сарын эхээр БНСУ-д зохион байгуулах “Дэлхийн цом”-ын тэмцээнд тэргэнцэртэй сэлмийн төрлөөр оролцох байсан Монголын баг тамирчдын виз гараагүй байна. Тодруулбал, манай улсын тамирчид “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор тогтмол бэлтгэл сургуулилт хийж байсан бөгөөд уг тэмцээнд өрсөлдөх найман тамирчнаас зургаагийнх нь виз гараагүй аж. Ингэхдээ ЭСЯ-наас “Виз хүссэн зорилго тодорхойгүй байна” гэх үндэслэлээр визэд түдгэлзсэн хариу өгсөн талаар “Монголын тэргэнцэртэй сэлмийн холбоо” НҮТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга О.Анударь хэлсэн юм. Мөн тэрбээр "Эх орноо төлөөлж явах гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын визийг гаргаагүй шалтгааныг ойлгосонгүй. Бэлтгэл сургуулилт, хүч хөдөлмөр минь хайран болж байна. БНСУ-ын Элчин сайдын яамнаас бидний визэд түдгэлзсэн хариу өгсөн. Тамирчид маань тус улсын ЭСЯ-ны гадна очиж, яагаад виз гараагүй талаар тодруулж, албан бичиг өгөх гэж дөрвөн цаг орчим хүлээж байна. Бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй” гэв.
Х.Түмэнжаргал