Ардчилсан намын ах нар сүүлийн удаа дүү нараа “зарж идэх”-ээр зэхэж байна. Уг нь Монголын ардчилал, парламентад Ардчилсан нам шиг хэрэгтэй зүйл үгүй болоод байгаа цаг үе юмсан. Гэвч тэд дарга цэргийн суудлын төлөө намаа биш, хувиа бодож эхэллээ.
Намын дэд дарга нар болон ерөнхий нарийн бичгийн даргаа тодруулах ёстой АН-ын ҮБХ-ны хурал хойшилж энэ сарын 28-ны өдөр болохоор төлөвлөгдөж байна. Энэ удаагийн ҮБХ-ны хурал маш чухал ач холбогдолтой. Учир нь Лу.Гантөмөр даргатай хамт АН-ыг ирэх жилийн сонгуульд бодлого, үйл ажиллагааг нь удирдаж орох учиртай генсек, нарийн бичгийн дарга нар тодорно гэсэн үг. Өнгөрсөн найман жил баларч доройтсон АН-ын хувьд дээрх албан тушаалд хэнийг тавьж, намынхаа нүүр царайгаар тодорхойлох вэ гэдэг асуулт улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд хүлээлт үүсгэх ойлгомжтой. Уг нь нэр сүр нь хугараагүй, зоригтойхон залуу тавьчихвал АН-д төдийгүй, Монголын улс төрд хэрэгтэй.
Гэвч харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилийн бүтэлтэй, бүтэлгүй улс төрийн салхи, шуурга АН-ыг энэ удаад ч тойрохгүй дайрах бололтой.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан өөрсдөө залуу үеэсээ генсекийн томилгоогоо хийх санаатай байгаа ч Ардын намынхан үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тодруулбал, АН-ын генсекийг Ардын нам тавьж өгөх гэнэ.
Одоогийн байдлаар АН-ын генсект нэр дэвших магадлалтай хүмүүсээр одоогийн генсек Ч.Өнөрбаяр, Я.Санжмятав, Х.Тэмүүжин, З.Нарантуяа зэрэг хүмүүсийн нэр сонсогдож байна.
Уг нь ирэх жилийн сонгуулиа бодоод улс төрийн замналаа эхэлж байгаа залуу үедээ намын генсекээ өгөх АН-ын бодлыг тас цохиж Ардын намынхан “настай хүн тавь” гэж Лу.Гантөмөр даргыг шахаж буй сурагтай. Тодруулбал, Ардын намынхан дээрх нэрсээс Я.Санжмятавт нь дэмжлэг үзүүлэх бололтой. Хэрвээ ингэсэн нөхцөлд эцсийн дүндээ АН-ынхан боловсон хүчингүй харагдана. Хажууд нь МАН-ынхан улс төрд “шинэ үе” гэсэн дүрийг бүтээж сонгуульд орох бол АН-ынхан нөгөө л улиг болсон ах нарынхаа цуваагаар сонгуульд орно гэсэн үг. Ингэсэн тохиолдолд нэгэнт хэрүүл, талцалд нь итгэл алдсан ард түмэн АН-ыг шинээр төсөөлөх боломжгүй болох аюултай. МАН-ынхан тиймээс л шинэ залуу хүнийг генсект тавьж өрсөлдөөнийг ширүүн өрнүүлэхээс зайлс хийж буй хэрэг.
Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Я.Санжмятав ч энэ хугацаанд зүгээр суухгүйгээр намаасаа түр гарсан ч дэмжигчдийн “хөл” нь багагүй Н.Алтанхуягтай, Ардын намын залуу дарга нартай уулзсан гэх мэдээлэл байна. Н.Алтанхуяг хэдийгээр намын гадуур байгаа ч энэ удаагийн генсек сонгох процесст нөлөөтэй хэвээрээ байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд түүнтэй холбоотой намын байрны асуудал сөхөгдөж буй юм.
Тэгвэл эдгээрээс гадна АН-ын генсекийн асуудалд жин дарахуйц нөлөө үзүүлэх хүн бол Женко Х.Баттулга. Тэрбээр нам дотроо массын дэмжлэг хамгийн ихтэй. Лу.Гантөмөрийг АН-ын дарга болох процесст “гал”-ын дэмжлэг үзүүлсэн тул генсекийн суудлыг өөрийн талдаа авахыг эрмэлзэж буй нь гарцаагүй. Дээр яригдаж буй нэрсийн дундаас Х.Баттулгын зүгээс дэмжлэг авч, таалалд нь нийцэх хүнээр Я.Санжмятавыг нэрлэх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд АН-ын дарга болно гэж намаа хувааж, даргын сунгаа хийж байхад нь Я.Санжмятав хажуугаас нь огт холдоогүй. Мөн өөрийгөө батламжилсан намын их хурлыг нь хүртэл даргалж байлаа. Түүгээр ч барахгүй Хөдөлмөр эрхлэлтийн сангийн мөнгийг Хөдөлмөрийн сайд байхдаа Х.Баттулгын яам руу шилжүүлж “Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлүүлэх” нэрээр татвар төлөгчдийн 23 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж явсан эртний андууд.
Тиймээс Я.Санжмятав МАН-д тэтгэврийн насных тул таалагдаж, Х.Баттулга өөрийн хүнээ дэмжиж, дээр нь нэмээд Ерөнхийлөгчид хамт зөвлөж явсан Н.Алтанхуяг нь түлхээд өгвөл АН-ын генсекийн суудалд хамгийн хүчтэй горилогч болж буй юм.
Лу.Гантөмөр дарга нэг хүний нэрийг л генсект нэр дэвшүүлнэ гэдгээ хэлээд байгаа. Харин тэрбээр, хувиа бодож өөрийг нь намын дарга болоход “гал”-ын дэмжлэг үзүүлсэн Женко Х.Баттулгын талд генсекээ өгөх үү. Намаа бодож залуу үедээ генсекээ өгөх үү гэдэг сонголттой нүүр тулав бололтой.
Г.Лхагвадорж