Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Баяржавхлан: Миний рийлсээс үе тэнгийн найзууд маань болон томчууд нэг ч болов шинэ зүйл мэдэж аваасай гэж хүсдэг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 22 секунд

Сүүлийн жилүүдэд цахим орчинд олон хүүхэд залуус өөрсдийн гэсэн youtube хаягийг нээж, өөрсдийн цахим хуудсаа идэхвтэйгээр хөгжүүлэх болсон. Хүмүүст хэрэгтэй мэдээллийг энгийн бөгөөд сонирхолтой хэлбэрээр түгээж, шинэ эриний шинэ үе гэдгээ ч хүмүүст таниулж буй. Тэгвэл тэдний нэг болох залуу контент бүтээгч М.Баяржавхланг энэ удаагийн ярилцлагын зочноор урьж хэсэг хором ярилцсан төдийгүй богино хэмжээний рийлс хийхэд хүндрэл тулгардаг эсэх болон яагаад контент бүтээх болсон талаар нь ч мөн ярилцлаа.Магадгүй уншигч, үзэгч та бүхэн энэ хүүгийн рийлсийг өмнө нь үзэж байсан гэдэгт итгэлтэй байна.

-Сайн байна уу. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг М.Баяржавхлан гэдэг. 14 настай. Нийслэлийн 50-р сургуулийн 9-р ангийн сурагч. Энэ жил 9-р ангид орно. Мөн өөрийнхөө сонирхлоор чөлөөт цагаараа youtube хуудсандаа болон сошиал хаягтаа бигино хэмжээний видео буюу рийлс, влог хийдэг хүүхэд байна.

-Сүүлийн үед өөрийнх нь хийж байгаа рийлсүүд хүмүүст их хүрдэг болсон байна шүү дээ. Түүнээс гадна өмнө нь өөрийнхөө youtube хуудсандаа влог хийдэг байсан юм билээ?

-Тиймээ. Жилийн өмнө анх youtube channel-ээ нээгээд, жижигхэн влогууд хийдэг байсан. Саяхнаас фэйсбүүз дээрээ рийл хийдэг болсон.

-Youtube хуудсыг нь хэн нээж өгөв. Бас жилийн өмнө влог хийж эхэлсэн гэхээр тэр үед channel-ээ нээж байсан гэсэн үг үү?

-Ахтайгаа хамт анх youtube channel-ээ нээж байсан. Хамгийн анхны видеогоо 2022 оны нэгдүгээр сард хийж байсан юм.

-Яагаад влоггер бас youtuber болохыг хүссэн юм бэ?

-Би дөрөв, таван жилийн өмнөөс Түшиг, Gremix зэрэг youtuber-үүдийг их үзэх дуртай байсан юм. Тэгээд л хамгийн анх youtube дээр влог хийе гэсэн бодол төрсөн. Мөн ах маань хамгийн их нөлөөлж, намайг хамгийн их дэмждэг. Мөн аав, ээж, гэр бүл маань ч гэсэн намайг дэмждэг. Бичлэгүүдээ хийгээд ирэхээр урам өгдөг.

-Влог гэдэг бол яах аргагүй рийлсийг бодвол хугацааны хувьд урт, өргөн цар хүрээтэй шүү дээ. Өөрийнх нь хувьд эхлээд влог хийж байгаад одоооос рийлс хийж байгаа юм байна. Ер нь яагаад рийлс хийхээр болов?

-Мэдээж влог бол урт. Тиймээс youtube дээр бичлэгээ хийхээр хүмүүс тэр бүр үздэггүй байсан. Тэгээд л фэйсбүүк дээр нэг минут орчим хугацааны рийлсүүдээ хийж эхэлсэн. Хүмүүс ч их үзсэн. Тиймээс рийлсээ тууштай хийхээр шийдсэн.

-Хамгийн анхны рийлс нь хэзээ оров?

-Тав, зургаа хоногийн өмнө хамгийн анхны рийлс орсон. Одоо бол өдөр бүр рийлсээ хийж байгаа. Тэгэхээр мөн л тав, зургаа дахь рийлс маань орсон байгаа.

-Рийлсийнхээ санааг хэрхэн олдог юм бэ. Өдөр алгасахгүй рийлс хийдэг гэхээр маш их хүч хөдөлмөр орно шүү дээ?

-Рийлсийнхээ өнцөг, санааг ахтайгаа ярилцаад гаргадаг. Бас хэрхэн хийх талаараа ч ярилцдаг. Санаагаа олсныхоо дараа шууд сэдвийнхээ хүрээнд хэрэгтэй зүйлсээ хайж эхэлдэг. Мэдээ, мэдээллээ цуглуулаад өдөр нь рийлсийнхээ бичлэгийг хийгээд орой нь цацдаг.

-Эвлүүлэг хийх шаардлагатай шүү дээ. Эвлүүлгээ яаж хийдэг юм бэ?

-Эвлүүлгээ би өөрөө хийчихдэг. Өдөр нь бичлэгээ хийж ирсэн бол 2-3 цаг суугаад эвлүүлгээ хийдэг.

-Рийлсүүдийг нь харахад маш их цаг хугацаа шаардах сэдэв санаа ч байсан зарим нь мэдээллээ цуглуулаад нэгтгээд хүргэх нь ч байсан шүү дээ. Төрсөн өдрийн сэвдээр хийсэн рийлс нь нэлээдгүй их хүч хөдөлмөр шаардсан юм шиг санагдсан?

-Тийм. Ойролцоогоор 5-6 газраар орж бичлэгээ хийсэн. Дээр нь тэр өдөр бороо орж байсан болохоор жаахан хүндрэлтэй санагдсан.

-Хүмүүст рийлсээрээ яг юу хүргэхийг зорьж байгаа вэ?

-Мэдээж хүмүүст танин мэдэхүйн боловсрол олгоё. Бас мэдээлэл олгоё гэдэг үүднээс л рийлсүүдээ хийж байгаа. Үе тэнгийнхээ найзуудыг ч бай томчуудыг бай бүгдийг нь ямар нэг шинэ мэдлэгтэй болоосой гэж хүсдэг.

-Одоо дөнгөж есдүгээр ангид орж байгаа шүү дээ. Яг ийм насан дээрээ өөрөө бие даагаа, өөрөө цахим ертөнцийг танин мэдэхээр бас үе тэнгийнхэн болон ах, эгч нартаа мэдлэг олгох гээд хичээж байгаа нь маш сайшаалтай санагдаж байна. Түүнээс гадна жилийн өмнөөх эхлээд влог хийж эхэлсэн гэхээр одоо маш их зүйл сурч байгаа байх гэж бодогдож байна?

-Тэгэлгүй яах вэ. Олон дагагчидтай хүмүүсийн бичлэгийг үзэж түүнээсээ их зүйл сурдаг. Мөн дээр нь өөрөө гар бие оролцоод видеогоо хийхээр маш их зүйлийг сурдаг.

-Хэцүү санагддаг зүйл бий юу?

-Бараг л хэцүү санагддаггүй дээ. Өөрөө бичлэг хийгээд сурчихсан болохоор хэцүү санагддаггүй.

-Хүмүүс рийлсийг нь үзээд ямар сэтгэгдэлтэй байна. Түүнийг нь ажиглав уу?

-Сайн ч бий, муу ч бий. Гэхдээ ихэвчлэн хүмүүс сайн байна, мундаг байна гэсэн сэтгэгдлүүдийг өгдөг. Ер нь ямар ч бичлэг хийсэн хүмүүсээс үзэн ядах, магтаж сайшаах сэтгэгдэл ирнэ. Байнга магтаад, сайшаагаад байхгүй шүү дээ. Тиймээс түүнийг л хүлээж авч чаддаг байх хэрэгтэй.

-М.Баяржавхлан гэдэг хүүхэд өөр ямар авьяастай вэ. Миний судалснаар драмын дугуйланд суралцдаг дээр нь хөнгөн атлетикаар хичээллэдэг гээд маш олон талын авьяастай хүүхэд юм шиг санагдсан?

-Би Монголын хүүхдийн ордонд 2021 оноос хойш хичээллэж байгаа. Одоо есдүгээр сараас эхлээд гурав дахь жилдээ хичээллэнэ. Мөн УДЭТ-ийн тайзнаа тавигдаж байсан "Хаадын хаан Андгай" жүжигт Тэмүүжингийн бага насны дүрд жилийн өмнө тоглож байсан. Харин хөнгөн атлетикийн хувьд өөрийнхөө сонирхлоор хичээллэдэг.

Ернь аль болох өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Аль чиглэлээр хичээллэвэл болох юм байна, аль нь надад тохирох вэ гэдгийг мэдэхийг хүсдэг.

-Үе тэнгийнх нь найз нөхөд дунд өөрийгөө хөгжүүлэхээс цааргалдаг, залхуурдаг хүүхдүүд бий шүү дээ. Тэдгээр хүүхдүүдийг юу гэж хардаг вэ?

-Хүүхдүүд ихэвчлэн утсаа оролдоод байдаг. Би ч мөн адил утсаа оролдох дуртай. Гэхдээ утсаа зүгээр л оролдох биш аль болох өөрийгөө хөгжлүүлэх талаасаа анхаарч, ашигтай байдлаар, зөв зохистой ашиглах хэрэгтэй гэж боддог.

-Найзууд нь бас өөрийг нь үздэг шүү дээ. Анх ямар мэдрэмж төрдөг байв?

-Яг анх влогоо хийж эхлээд найзуудаасаа ичих тохиолдол гардаг байсан. Одоо бол огт ичиж сандардаггүй. Дасчихдаг юм билээ.

-Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна шүү дээ. Ямар санагдаж байна?

-Сайхан санагдаж байна. Гэхдээ хичээл ороод эхлэхээр бичлэгүүдээ байнга оруулаад байж чадахгүй байх. Тиймээс хичээлүүдийнхээ дундуур бичлэгээ хийгээд долоо хоногтоо дор хаяж 3-4 бичлэг оруулахыг хичээнэ.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Хүнд хэрэгтэй мэдээллийг фэйсбүүкээр дамжуулан хүргэх нь хүмүүст ашигтай байдаг юм шиг санагдсан. Тиймээс цаашдаа ч бас бичлэгээ хийсээр байна гэж бодож байна. Мөн хүн өөрөө ороддож үзээд алдсан ч бай оносон ч бай их зүйл сурдаг. Миний хувьд ч тэр бичлэгээ хийхдээ алдах үе байна, алдахгүй ч үе байна. Тиймээс үеийнхээ найз нарыг утсаа зүгээр л оролдоод байлгүй өөрт хэрэгтэй байдлаар ашиглаасай гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өнөөдөр нийслэлд 17 хэмийн дулаан, бага зэргийн бороотой
Өнөөдөр нийслэлд 17 хэмийн дулаан, бага зэргийн бороотой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.