Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хариуцлагагүй жолоочийн улмаас 42 настай залуухан багш 3-12 насны хоёр хүүхэдтэйгээ бурхны орныг зорив“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 3 секунд

Жолооч таны хоромхон зуурын хариуцлагагүй үйлдэл нэг айлын бүтэн амьдралыг хагаслах вий.

Амандаа дуу аялаад, аз жаргалаар дүүрэн аялалд явах ямар сайхан бэ. Хүүхдүүдийн инээд хөөр, баяр баясал, аав, ээжийн халуун дулаан хайр энэ орчлонг улам илүү амттай болгодогсон. Харамсалтай нь тэр жаргалтай инээд, халуун дулаан зөөлхөн хайр хоромхон зуурт үгүй болж, уй гашуу, уйтгар гунигаар солигдох нь бий.

Хамгийн сүүлд гэхэд Дорноговь аймгийн Айраг суманд ноцтой осол гарч, том оврын жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн, элэг бүтэн залуухан гэр бүлийг амьдын хагацалд унаган, аз жаргалтай мөчийг нь аймшигт зовлонгоор сольчихсон. Ослын улмаас 42 настай залуухан багш 3, 12 настай хоёр хүүхэдтэйгээ хамт бурхны орныг зорив.

Гэр бүлийн дөрвөн гишүүний нэг нь үлдэж, гурав нь газар дээрээ нас барсан тул өнчирч хоцорсон ээж нь хоёр бүлтгэр үрээ, халамжит сайхан ханиа санагалзан нүдэндээ нулимстай, сэтгэлдээ шархтай ГССҮТ-д эмчлүүлж байна.

Энэ бол ердөө ганцхан жишээ. Үүнээс ч өмнө ийм аймшигт ослууд шил шилээ дараалан гарч, олон сайхан ээж үрсээ санагалзан гашуудаж, олон бяцхан үрс ижий, ааваа ирэхийг хүлээн нулимс унагаж байсныг эрхгүй хүн бүр мэдэх биз. Харамсалтай нь хариуцлагагүй жолоочийн ухамсаргүй үйлдлээс болж, цаашид хичнээн хүний алтан амь ийнхүү үрэгдэж, хичнээн гэр бүл амьдын хагацалд унах бол.

Угтаа бид уудам хөндий талаар ганцаараа давхихгүй л байгаа юмсан. Нэг л замаар явж, нэг л жимээр буцаж байгаасан. Яагаад хүн төрөлхтнийг оюун ухаант хүн гэж нэрлэсэн юм бэ. Яагаад жолооч таныг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалдаг юм бэ. Бүгд л адилхан шалтгаантайг мэдэж байж бусдын бүтэн амьдралыг хоромхон зуурын хайхрамжгүй үйлдлээсээ болж үгүй хийх нь аймшигтай биз.

Тиймээс омголон сагсуу жолооч та өөрийнхөө амь наснаас гадна бусдын амийг ч давхар атгаж яваа гэдгээ ухамсарлан, өрөөлийн хийгээд өөрийнхөө гэр бүлийг ч гуниг харуусалд унагахгүй байхыг бас бусдын аз жаргалтай амьдралд хар толбо үлдээхгүйн тулд хариуцлагатай, зөв жолооч байхыг дахин дахин сануулъя.

Эцэст нь гэж хэлэхэд би ч бас элэг бүтэн амьдармаар байна.

Шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байгаад 2 хүн шороонд даруулжээ
Шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байгаад 2 хүн шороонд даруулжээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.