БГД-ийн 10 дугаар хороололд өчигдөр нэгэн иргэн гэрийнхээ цонхоор тэнгэр рүү гурван удаа буудаж, танхайрсан асуудал гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Асуудал болсон газарт очиж үйлдлийг таслан зогсоож, аюулгүй болгосон. Мөн тухайн хүнийг саатуулсан байгаа. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэж мэдээлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр дахин нэмэлт мэдээлэл өгөв. Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор галт зэвсгээр буудсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын Шуурхай бүрэлдэхүүн ажиллан шалгахад 55 настай, эрэгтэй Г нь согтуурсан үедээ "Иргэдийг ил задгай хог хаялаа" гэх шалтгаанаар гэрийнхээ гал тогооны цонхоор карабин загварын буугаар 3 удаа буудсан болохыг тогтоосон. Тухайн үед иргэн гэмтсэн иргэн байхгүй. Тухайн хаягт өөр хүн байгаагүй болно. Тус иргэнийг саатуулсан байгаа" гэлээ.