Олны анхаарлыг ихээхэн татаад буй "Нүүрсний хулгай", ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн хэрэг гэх мэт олон хэргүүд АТГ-т ямар үе шаттай явж байгаа талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, коммиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.
-Наадмын баярын өдрүүдээр "Нүүрсний хулгай"-н хэрэг замхарлаа гэж олон нийт шүүмжилж байна. Энэ хэргийн үйл явц ямар үе шатандаа явж байна вэ?
-Нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Эхнээсээ зарим хэрэг нь шүүхээр ороод эрүүгийн шүүх дээр ял, шийтгэл оноож шийдвэрлэсэн. Зарим нь мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлийн шатан дээр явж байна. Нүүрстэй холбоотой ажлын хэсгийг түргэн шуурхай мөрдөн шалгах ажиллагааг явуулах үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг нийт 62 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 62 хэргээс 12 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхэд шилжүүлсэн. 5 хэргийг эрүүгийн хэрэгт шилжүүлж ажилласан. Одоогоор ажиллагаанд хэрэг бүртгэлийн 23, мөрдөн байцаалтын 14 хэрэг нь нийт 37 хэрэг шалгагдаж байна. Энэ хугацаанд нийт 201 объектод нэгжлэг хийх, 1073 удаа хүний бие, бичиг баримтыг шалгасан. 2452 хүнээс мэдүүлэг авсан. 1572 баримт, материал холбогдох байгууллагаас гаргуулан аваад мөрдөн шалгах ажиллагааг хийлээ.
-Нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүд нэр холбогдож байгаа. УИХ-ын гишүүдээс шүүхэд шилжсэн гишүүн байгаа юу?
-Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр хэд хэдэн гишүүн бий. Эдгээр гишүүн асан нараас зарим нь шүүх рүү шилжсэн. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон "Эрдэнэс тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан хамт шалгагдаж буй нийт 11 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас өчигдөр буюу 8 дугаар сарын 1-ний өдөр яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх хэргийг илрүүлсэн.
-"Шувуу ажиллагаа"-гаар авч ирсэн Т.Бадамжунайн хэрэг ямар үйл явцтай байна вэ?
-Т.Бадамжунайн хэргийг мөрдөгч нь шүүхэд шилжүүлэх хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн. Нэг ёсондоо мөрдөн байцаалтын үеэр энэ хүн гэм буруутай байна гэж үзсэн. Энэ саналыг прокурор шалгаж үзээд цааш нь эрүүгийн шүүх рүү шилжүүлэх эсэх нь тодорхойлогдоно. Үүнд, мэдээж тодорхой хэмжээний хугацаа ордог. Хэргийг шалгах явцад Т.Бадамжунай нь 2000-2004 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежер, 2004-2008 оны хугацаанд УИХ-д төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан үйлдэл. Мөн 2018 онд ОУ-ын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэгч төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн ашиг сонирхлын үүднээс хахууль зуучилсан гэдэг нь ил болсон.
-"Эрдэнэтийн 49" хэргийн үйл явц ямар шатанд явж байна вэ?
-Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Монгол-Оросын "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьцааг эзэмших, бусдыг гэмт хэрэг хийхэд уриалсан гэх хэрэг шалгагдаж байгаа. Энэ хэрэгт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан этгээд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж , ЗГ-ыг хэлэлцүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон гэдэг нь мөрдлөгийн үеэр тогтоогдсон.
Мөн энэ хэрэгт "Хөтөлийн Цемент шохой" "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн хэргүүдийг нэгтгэн шалгасан. Мөрдөгч нар шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагчид авсан цагдан хорих, таслан сэргийлэх, улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах арга хэмжээ авсан байсныг барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн. Тиймээс энэ хэргийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардагдана.
-Улаанбаатар хотод буусан үерийн улмаас Ерөнхий сайд газар олгохтой холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллагад шалгуулах үүрэг даалгаврыг өгсөн. АТГ-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд усны тухай хуульд заасан хориглох заалтуудыг зөрчин газар эзэмшүүлсэн, ашиглуулсан, өмчлүүлсэн, хууль зөрчиж олгосон газарт үерийн далан суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн барилга байгууламжыг байнгын ашиглалтанд хүлээн авч, хахууль авсан байж болзошгүй гэх хэргт мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан шалгалтын үйл ажиллагаа хийгдэж байна. Шалгалтын ажиллагаагар тодорхой үйл явц тодорхой болсны дараа бид эргэн мэдээлэл хүргэнэ.
-Баярлалаа