Өнгөрсөн сарын эхээр орсон үргэлжилсэн борооны улмаас нийслэл хот үерт автаж, олон айл өрх, ААН эд хөрөнгөөрөө хохирсон. Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцлов.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах үүрэг өгсөн байдаг.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн долоодугаар сарын 7-ны өдөр үерийн далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг шалгахаар хандсан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна" гэлээ.