"Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс "Найман ишигний" гэх хэргийг хянан шийдвэрлэсэн. Тэгвэл уг хэрэгт прокурорын зүгээс эсэргүүцэл илэрхийлж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гомдол гаргасан юм. Үүнийг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан бөгөөд яг одоо шүүх хурал үргэлжилж буй.
Энэ үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх "Г, Т нар 2021 оны тавдугаар сараас эхлэн малчин болохоор айлуудаас олон тооны толгой мал худалдаж авсан байдаг. Шүүгдэгч нар фэйсбүүкээр зар тавьж хүмүүсээс мал авч байсан. Гэвч хүмүүсээс худалдаж авсан малаа ямар зүстэйг сайн мэдэхгүй тул И-ын малыг өөрсдийн малтай нийлснийг мэдээгүй. Мөн худалдаж авсан малынхаа эздийг байлгаж байгаад өгье гэж хэлсэн.
Мөн Т нь мэдүүлэгтээ "Би айлуудаас 100 гаруй мал авсан. Нутгийн иргэн Тулгаас ч мөн мал авсан. Би өөрөө малын зүс тэмдэг мэдэхгүй, дөнгөж мал дээр гарч байсан. Айлуудаас авсан эрээвэр, хураавар малыг ижил болгохоор будгийн тэмдэг хийсэн. Тухайлбал есдүгээр сарын 02-03-ны хооронд малаа будсан" гэсэн. Үүнээс харахад Т гэдэг хүн хүмүүсээс авсан байсан малаа мэдэхгүй байсан учраас будсан нь харагдаж байгаа. Үүнд шүүх дүгнэлт хийгээгүй" гэв.