Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Гончигийн Батсуурь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Г.Батсуурь нь 1932 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг Таацын голын Зэгстэйн залаа гэдэг газар мэндэлж, 1941-1945 онд сумын бага сургууль, улмаар мал эмнэлгийн сувилагчийн курс, 1959-1961 онд анагаах ухааны чиглэлээр суралцаж хүний бага эмчийн мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр 1945 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, хөдөөгийн хөдөлмөрчдийг бичиг үсэгт сургах бүлгэмийн багш, сумын өртөөний улаач, малын сувилагч, сүүний үйлдвэрт тасгийн эрхлэгч, 1956 оноос Тариаланч нэгдлийн тоо бүртгэгч, хэсгийн ахлагч, 1961 оноос сумын бага эмчийн салбарын эрхлэгч, эх баригч эмчээр 2 жил, бригадын эмчээр 32 жил тасралтгүй ажиллаж байгаад 1992 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ.
Г.Батсуурь эмчээр ажиллах үедээ болон өндөр насны тэтгэвэрт гарсныхаа дараа ч ардын уламжлалт бариа заслыг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хүнд, архаг өвчтэй олон мянган өвчтөнийг илаарьшуулсан ачтан байлаа.
Төр, засгаас түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор тус тус шагнажээ.
Талийгаачийн ажилч хичээнгүй, хүнлэг, ухаалаг төрх, олон мянган хүнд амьдрал хайрласан зүйрлэшгүй их ач бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдах болно.
У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
П.АНУЖИН, Д.ТОГТОХСҮРЭН, С.ЧИНЗОРИГ, Г.ГАНБОЛД,
Я.СОДБААТАР, О.ПҮРЭВДОРЖ, А.ИШДОРЖ