"HBO" телевизийн "EUPHORIA" цувралд Фезийн дүрийг бүтээсэн жүжигчин Энгус Клауд 25 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь олон нийтэд мэдээлжээ. Тэд “Гайхалтай хүнээ алдсандаа манай гэр бүл маш их гашуудаж байна. Өнгөрсөн долоо хоногт түүний аавыг оршуулсан бөгөөд Энгуст энэ бүхэн нь маш хүнд туссан. Биднийг тайвшруулж буй ганц зүйл бол тэр хамгийн сайн найз болох аавтайгаа дахин хамт байгаа явдал юм. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг одоо цагт нэн чухал асуудал болжээ. Хэрвээ чи ганцаардаж, сэтгэлзүйн хувьд хүнд өдрүүдтэй нүүр тулж байгаа бол ганцаараа дотроо хадгалаад явж болохгүй. Хэн нэгэнтэй ярилцаж, дотроо болж байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж байгаарай" хэмээжээ.
Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба гэр бүлийнхэн нь хувийн амьдралыг нь хүндэтгэхийг олон нийтээс хүссэн юм. Энгус Клауд "EUPHORIA" цуврал дээр Фез гэх мансууруулах бодис худалдаалдаг залуугийн дүрд тоглодог ба тус цуврал өсвөр насныхан, залуусын дунд том амжилт олсон билээ.