Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.07.26/ хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг,
"НПГ-аас Нүүрсний гэх тодотголтой 63 хүнд холбогдох найман хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авсан байна. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн бол 30 хүнд холбогдох гурван хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. Мөн Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох хоёр хэрэг ирснээс таван хүнд холбогдох нэг хэргийг хянан шийдвэрлэсэн.
Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол давхардсан тоогоор зургаан хүнд албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлсэн. 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Нүүрсний гэх тодотголтой хэргийн талаарх мэдээлэл нь нүүрс тээвэрлэх, олборлох, худалдан авахтай холбоотой гэмт хэрэг. Үйлдэх болсон санаа зорилго нь нүүрстэй холбоотой гэдэг байдлаар уг хэргийн мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхэд шилжүүж байсан. Тиймээс танилцуулж байгаа юм.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд, прокурорын шатандаа хяналтаа тавиад шүүхэд шилжүүлж байгаа. Хөгжлийн банк шиг багцаараа ирэх боломжгүй. Одоогоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхэд гурван хэрэг хянан шийдвэрлэгдсэн. СХД-т нэг, БГД-т нэг хэрэг шийдвэрлэгдсэн. Одоо дахин харъяаллаараа хэргүүд шийдэгдэх учраас багцалж мэдээлэх боломжгүй" гэлээ.